То Лам 1957 оны 7 дугаар сарын 10-нд Хынгйен мужид төржээ. Хынгйен мужийн Ванжян дүүргийг улс төр, шинжлэх ухаан, соёл, урлагийн алдартнуудын өлгий гэж үздэг ажээ. Түүний эцэг То Куен бол Вьетнамын цагдаагийн байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Вьетнамын Коммунист Намын (ВКН) нэрт зүтгэлтэн, Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчин юм.
То Лам Дотоод хэргийн яам, Нийгмийн аюулгүй байдлын яамны боловсон хүчнийг бэлтгэдэг тусгай сургууль болох Ардын аюулгүй байдлын дээд сургуулийг 1979 онд төгсөөд, Дотоод хэргийн яаманд ажилд оржээ. 1998 оноос Нийгмийн аюулгүй байдлын яаманд шилжин ажиллаж, 1981 онд ВКН-д элссэн байна.
Тэр Нийгмийн аюулгүй байдлын яамны Улс төрийн хамгаалалтын хэлтэст ажиллаж байгаад, 1988-1993 онд 1 дүгээр хэлтсийн даргаар томилогджээ. 1993-2006 онд тус яамны Улс төрийн хамгаалалтын хэлтсийн орлогч дарга болж, дараа нь хэлтсийн дарга болон дэвшжээ. 2006-2009 онд тус яамны Аюулгүй байдлын ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал цол болсон байна. 2010 онд дэслэгч генерал цол хүртэн, тус яамны дэд сайдын орлогчоор томилогджээ. 2011 онд ВКН-ын Төв Хорооны гишүүн болж, 2014 онд хурандаа генерал цол хүртсэн байна. 2016 оны 1 дүгээр сард ВКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогджээ.
2016 оны 4 дүгээр сарын 9-нд То Ламыг Нийгмийн аюулгүй байдлын сайдаар, гурван долоо хоногийн дараа ВКН-ын Төв хорооны дэргэдэх Авлигатай тэмцэх хорооны даргаар томилжээ.
2019 онд армийн генерал цол хүртсэн байна. 2024 оны 5 дугаар сарын 22-нд Вьетнамын Үндэсний ассамблей То Ламыг Ерөнхийлөгчөөр сонгосон бол 2024 оны 8 дугаар сарын 3-нд ВКН-ын Төв Хорооны бүгд хурлаар түүнийг ВКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.