Эрчим хүчний үнийг нэмнэ гэнэ. Хэрэглэгч миний хувьд энэ бол тун таагүй мэдээ. Боломжийн барааг хямд үнээр авах нь хэрэглэгч бүрийн хүсэл. Тогны тухайд надад сонголт байхгүй. Намайг төрөхөд байсан үйлдвэрүүд одоо ч ажилласаар, цахилгаанаа үйлдвэрлэсээр. Тэр үед манайх ганц чийдэн, зурагт, хөргөгчөө ашиглах гэж л цахилгаан хэрэглэдэг байв. 1990 оноос тог байсхийгээд тасардаг, хөргөгчин доторх хамаг юм гэсэж, мах өмхийрдөг, оройд чийдэн асаах цахилгаангүй учир лааны гэрэлд үлгэр ярьцгаан оройг өнгөрүүлдэг болсон билээ. Ийм найдваргүй, алдаг оног ирдэг цахилгаанаас болоод махаа хэдэнтээ өмхийрүүлсний дараа манайх хөргөгчөө тугалтай үнээгээр сольсон юм даг.
Сурах бичиг дээр “Хүжийн гал” гэдэг өгүүллэг байлаа. Тэр үед монголчууд эргээд, хүжийн галд оройн хоолоо хийх нь халаг болж билээ.
10 гаруй жил үргэлжилсэн тэр харанхуй өдрүүд одоо дахин нүүрлэж мэднэ. Одоо ч үе үе тог тасрахад тэр үе санаанд орж, айдаг юм. Тиймээс л би эрчим хүчний үнэ нэмэхийг эсэргүүцэхгүй, реформ хийнэ гэхэд нь “Аль хэдийнэ ингэх байсан юм” хэмээн хүлээн авч сууна. Айхын эрхэнд, аргагүйдээ хүлээн авч авч байгаа юм. Гэхдээ…
Эрчим хүчний салбарынхан шинэчлэлийн тухайд ерөнхийдөө хоёр өөр байр суурь баримталж байна. Эрчим хүчний салбарыг өөд нь татахын тулд үнэ чөлөөлөх ёстой гэж үзэж байгаа нэг хэсэг байхад, үнийг өртөг, ашгийн зохих түвшинд хүргэн, индексжүүлэх нь зөв гэж нөгөө хэсэг нь үзэж байна.
Монополын үнийг чөлөөлбөл монголчууд модоо барина
Эрчим хүчний салбар Монголдоо монопол. Монополын үнийг чөлөөлбөл бурхангүй газрын бумба галзуурав гэгч болох эрсдэл бий.
Тоолбол манай улсад эрчим хүч үйлдвэрлэдэг 19 үйлдвэр бий. Гэвч Нар, салхины цахилгаан станцууд 2023 онд нийт эрчим хүчний 8.8%-ийг үйлдвэрлэжээ. Дулаан, цахилгаан хослуулан үйлдвэрлэдэг хэдхэн үйлдвэр дундаа “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК дангаараа нийт эрчим хүчний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Зах зээлийн дийлэнх хувийг энэ станц ганцаараа эзэгнэж байна.
Эрчим хүчний үнийг одоо чөлөөлбөл УИХ, Засгийн газар энэ салбараа хянаж чадахгүй. Үнээ дураараа нэмдэг, хаана ч байхгүй ашиг олдог бизнес Монголд хангалттай олон бий. Эрчим хүчний салбарыг ард түмнийг шулах хэрэгсэл болгож болохгүй. Бидэнд ямар 4-р цахилгаан станцын цахилгааныг авахгүй, 2-р цахилгаан станцын цахилгааныг авна гэх сонголт байх биш. Дуугүй хэрэглээд, дуугүй төлөх дарамтад л унана.
Шатахууны үнэ, цалин, тэтгэвэр нэмэх, долларын ханш өсөх сургаар барааныхаа үнийг нэмдэг наймаачдад үнээ нэмэх бас нэг шалтаг л гарч ирнэ. Тор дүүрэн мөнгөөр ганц талх худалдан авахдаа тулбал яана.
Индексжүүлэх нь арай дээр
Эрчим хүчний үнийг бодит өртөг, ашгийн зохих түвшинд хүргэн, тогтмол индексжүүлэх замаар эрчим хүчний үйлдвэр, компани, нүүрсний уурхайнуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангая гэдэг бол харин дэмжиж болох байр суурь. Индексжүүлэх нь монопол үйлдвэрүүдэд дарамтлуулахаас сэргийлэх, хяналттай байлгах нэг боломж.
Эрчим хүчний үнийг уг нь төрөөс хараат бусаар тогтоох учиртай. Гэвч тэгж чаддаггүй. Үүнээс болоод эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлж чаддаггүй. Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) 2018 онд “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам” баталсан ч бүрэн хэрэгжүүлж дөнгөсөнгүй. 2014 оноос хойш ердөө 3 удаа индексжүүлсэн байна. Үүний буруутан нь бүхнийг мэддэг, бүгдийг захирдаг Засгийн газар.
Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4-т “Тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” гэж ЭХЗХ-ны бүрэн эрхийг тодорхойлжээ. Гэсэн ч Засгийн газар энэ хуулийн дээр гарч суучхаад, ЭХЗХ-нд нөлөөлөн, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх боломж олголгүй явсаар өдий хүрлээ. Засгийн газар буюу үе үеийн эрх баригч нам “Цахилгааны үнийг нэмбэл сонгогчид бидэнд санал өгөхгүй” гэж дараагийн сонгуулиа л бодсон болохоос эрчим хүчний салбарыг, Монголын хөгжлийг бодоогүй.
Цахилгааны үнийг шууд чөлөөлөхийн оронд бодит өртөг дээр нэмэх нь ашиг байдлаар үнэ, тарифыг тогтоож, тогтмол индексжүүлэх тогтолцоо бий болговол хэрэглэгч надад арай дээр. ЭХЗХ ч индексжүүлэх байр суурьтай байна.
Эрчим хүчний үнэ ойрын хэдэн жилдээ байнга нэмэгдэх нь тодорхой. 2019 оноос хойш айл өрхийн цахилгаан, дулааны үнийг манай улс нэмээгүй. Одоо станцууд 1 кВт/цаг цахилгааныг 243 төгрөгөөр үйлдвэрлэн, 215 төгрөгөөр борлуулж байна. Тэгэхээр манай улс эхлээд цахилгааны үнийг үйлдвэрийнх нь үнэтэй адил болгож нэмнэ. Станцууд цахилгаанаа үйлдвэрийн үнээр зарна гэсэн үг. Дараа нь дахин үнээ нэмж, ашиг олно.
Чөлөөт зах зээлийн системтэй манай улс станцуудаа бизнесийн зарчмаар ажиллуулахаар одоо л шийдэж байх шиг. Бизнесийг ашиг олох зорилгоор л хийдэг. Тэгэхээр энэ оны эцсээр, дараа жилийн дундуур цахилгааны үнийг лав 2 удаа нэмэх нь дээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж, улирал тутам шинэчилнэ гэж тусгасан. Тэгэхээр улирал бүр үнээ нэмээд байж ч мэднэ.
Үүнийг дагаад өглөөний цайндаа авдаг талх, өдөр иддэг хоол, оройн хоолны мах, төмс, гурил гээд бүх юмны үнэ өснө. Архичид хүртэл “Цахилгааны үнэ нэмэгдлээ” гээд гутарсандаа архи ууна. Нөгөө талд станцууд алдагдалгүй болоод барахгүй ашигтай ажиллана. Нүүрсний уурхайнууд авлагаа авч, асуудлаа шийднэ. Энэ бүхний эцэст манайх гэрэлтэй, хоолоо хийх тогтой, хананаас гоожих ус халуун, гэр дулаан байна. Тогны үнэ нэмэхийг тоогоогүй юм шиг томоотой харж суух шалтгаан энэ л байх шив.