Багш нар бусад мэргэжилтнүүдийг хажиглаад сүйд. Багш болох гэж бүхэл бүтэн 4 жил сурдаг л гэнэ. Багшийн ажлыг үнэгүйдүүллээ л гэнэ. Дуртай нь багшийн ажлыг хийдэггүй л гэнэ. Дуртайгаар нь багшийн ажил хийлгэж болохгүй л гэнэ. Ажлын байрыг нь булаачих вий, арчаагүй нэр зүүчих вий гэж айж байна, тэд. Аргагүй дээ. Мал хүртэл сүрэгт нь тавьсан өөр малыг хажигладаг. Хаздаг. Хайрдаг. Багш нар ч тэгж л байна. Тэгж л байдаг л юм. Сүргээс нас, хүч, байр сууриар эн тэнцүү нэгийг нь барьж аваад, өнөө малаа холбоод тавьчхад, хэд хоногийн дараа хэн хэн нь дасдаг юм дөө.
Боловсролын ерөнхий газрын мэдээллээс үзвэл 2024-2025 оны хичээлийн жилд манай улсад 4200 багш дутагджээ. Үүний 2400 нь Улаанбаатар хотод хэрэгтэй байв. Ялангуяа бага анги, англи хэл, математикийн багш нэлээд дутагдаж байгаа аж. Монгол Улс багшаар ангаж цангаж байна. Дархан-Уул аймагт гэхэд 8 дугаар сард, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө төрийн өмчийн 16 сургуульд 135, хувийн 8 сургуульд 49, нийт 184 багшийн орон тоо сул байв. Улсын сургуулиудад англи хэлний 25, бага ангийн 14, математикийн 11, түүх, нийгэм судлалын 13, технологийн 8 багш дутагдалтай байлаа.
Ийм олон багш дутагдаж байхад, багш сэтэртэнгүүд, багшийн дипломтонгууд хаана байна вэ? Зөвхөн МУБИС-ийг гэхэд 2023-2024 оны хичээлийн жилд 2000 орчим оюутан төгслөө. Жил бүр ийм олон багш бэлтгэгдэж байхад, багш дутагдалтай байгаад байдаг. Энэ сургуулийн төгсөгчдийн 78 хувь нь ажилтай болдог гэнэ. 22 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй. Бүх сургууль ийм үзүүлэлттэй. Худлаа тоо. Өнгөрсөн хугацаанд багш мэргэжлээр төгссөн хүмүүсийн нэлээд нь мэргэжлээрээ ажилласангүй. Нэг хэсэг нь ажиллаж байгаад, зугтчихаж. Тэдний олонх нь Өмнөд Солонгост ногооны талбайд бөхөлзөж, Австралид пицца зөөн, Монголынхоо муу муухайг гайхан, Америкийг мөрөөдөж яваа.
Ганц ч гэсэн хүүхдийг гайгүй сургачихвал Монголын муу, муухайгаас чимхийг ч болов хагаслах юм даа гэж бодсонгүй. Хэн нэгэн хэзээ ч юм Монголыг сайхан болгох тэр цагт эргэж ирэх бодолтой яваа. Багшийн ажил цалин багатай, цаг завгүй, дуу чимээ ихтэй, дургүй хүргэмээр гэж толгой сэгсэрсээр гадаад явах нь явж, өөр ажилд шилжих нь шилжиж, наймаа хийх нь хийж явна. Тэр нь ч дээр. Тэгэх нь ч зөв. Дарж байгаад сахил хүртээж болохгүй шүү дээ. Тэд одоо дуртай юмаа хийж яваа. Амжилт хүсээд, ажлыг нь хийх хүн олох л ёстой.
Тэгвэл дуртайгаар нь багшийн ажлыг хийлгэе гэж Боловсролын сайд шийджээ. Зөв. Багш болох байтал мэргэжлээ буруу сонгочихсон хүн зөндөө. Тэдэнд алдаагаа залруулах, одоо багшлах боломж олгох л хэрэгтэй. Багшлах шаардлагагүй ч “Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд эрдэм заах багш дутагдалтай байгаа бол би тусалъя” гэсэн хэсэг бас бий. Багштай болтол нь түр ажиллаж болно гэсэн хүмүүс ч байна. Ийм сэтгэл нь наашилсан хүмүүсийг боловсролын салбар алгаа дэлгээд угтах учиртай. Тэр сэтгэл нь цаашилсан дипломтонгуудаас илүү сайн багш болно шүү, харж л байгаарай.
Өөр мэргэжлийн хүнийг багш болгож авах нь боловсролын салбарт шинэ юм биш. Миний багш гэхэд эмч болохгүй гээд Анагаахын сургуулиасаа татгалзан, сумандаа деспитчерээр ажиллаж байгаад, багш болсон хүн. Анх дагалдан багш хийж эхлээд, дараа нь Багшийн дээд сургуульд сурсан гэдэг. Түүн шиг сэтгэлтэй, чадвартай багш надад лав тийм ч олон таараагүй л юм даг.
Гэтэл яав. 4 жил сурч, 120 кредит цуглуулж байж багш болдог ч гэх шиг, бөөн эсэргүүцэл. Ийм сүртэй тоо ярих хэрэггүй л дээ. Ямар ч их, дээд сургуульд, ямар ч мэргэжлээр сурч байгаа оюутнуудад иргэний хамгаалалт, улс төр, эдийн засаг, соёл судлал, түүх, англи хэл гэх мэтчилэн бүгд үзэх, судлах хичээл ордог. Кредит цуглуулдаг. Дээд боловсрол эзэмшсэн хүн бүр эдгээр хичээлийг үзсэн. Дээд сургуульд өнгөрүүлсэн цагийн 1/3 нь ийм хичээл, дээд сургуульд цуглуулсан кредитийн 1/3 нь үүнийх. Багш нарын судалсан хичээлийн 1/3-ийг бусад хүн ч заалгасан байгаа биз.
Ер нь бол бүгд л ерөнхий боловсролын сургууль төгссөн. Сургуульд заалгасан хичээлээ эргээд хүүхдэдээ, дүүдээ л заах гэж байгаа хэрэг шүү дээ. Сүржигнээд байх юм байхгүй. 10 жилийн хичээлээ хоолтойгоо холиод идчихсэн нь мэдээж багшлах гээгүй л байх. Бусад нь бага ангийн хичээлийг барж л таарна. Уул шугамандаа бол нэг хүнээр бүх хичээлийг заалгахгүй гэдгийг багш нар өөрсдөө ойлгох ёстой. Химийн багш хими, тооны багш тоогоо заадагтай адил тооны мэргэжилтэн тоо, химийн мэргэжлийн хүн химийн хичээл заах тухай ярьж байгаа. Үүнийг ойлгохгүй байгаа гэхээр… Багш нарыг саруул ухаантайд итгэхийн аргагүй болж таарна. Чухамдаа тэдний эсэргүүцлийн шалтгаан өөр юманд бий.
Яг үнэнийг хэлье. Багш нар айж байна. Багш биш хүмүүсийн дэргэд ичгүүртэй байдалд орохоос эмээж байна. Аргагүй л дээ. Нягтлан хүн тооны хичээлийг, IT инженер мэдээлэл зүйн хичээлийг, эмч хүн хими, эрүүл мэндийн хичээлийг, орчуулагч хүн орос, англи хэлний хичээлийг, биологич хүн биологийн хичээлийг өлхөн заана. Тэдэнтэй өрсөлдөхөөс багш нар айж байна. Айх нь аргагүй.
Сурагчийн сурлагын амжилтыг үнэлэх PISA олон улсын үнэлгээгээр Монгол Улсын 3 хүүхэд тутмын 2 нь монгол хэлээр бичдэг ч түүнийхээ агуулгыг ойлгодоггүй, 2 хүүхэд тутмын 1 нь математикийн бодлогоо бодож чаддаггүй гэсэн ичмээр үнэнтэй нүүр тулсан цаг саяхан даа. Багш нарын маань байгаа царай нь энэ. Тэд ийм л бүтээгдэхүүн бий болгож байна. Бүтээл бүрийнх нь 1 нь гологдол. Чанаргүй. Бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон гэж саяхан л Дэлхийд гайхуулж байсан атал одоо унших чадвараараа 81 орноос 65 дугаар байрт орсон байгаа юм. 15 настай хүүхдүүд шүү дээ. 2 дугаар ангийн 7 настнуудыг энэ үнэлгээнд хамруулсан бол бүр сүүл мушгиж байлаа.
Самбартайгаа ярьдаг, хичээл заах гэж оромддог, хичээлийн цагаар хүүхдүүдэд ахуйн асуудлаа чалчдаг, гэрийнхэндээ уурласан уураа хүүхдүүдэд гаргадаг… гээд багш нарын булай барагдахгүй. Цэцэрлэг, сургуульд хүүхэдтэй хүн бүр үүнийг мэднэ. Хүүхдүүдээс эвтэйхэн асуувал ам уралдан ярина. Хэн багшийн, ямар хичээл дээр хэдэн хүүхэд унтдагийг, өөр юманд сатаарч суудгийг асуугаарай. Германы нэгэн математикийн багш “Миний хичээлийг хэдэн сурагч ер ойлгохгүй байсан. Би тэдэнд хичээл заах өөр арга барил хайж, туршсаар дийлэнх нь хичээлээ ойлгодог боллоо. Одоо ганц л хүүхэд үлдсэн. Түүнд ойлгуулах арга олно гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж ярьж байв. Багш хүн хүүхэд бүр өөр гэдгийг ойлгож, тэр бүрт өөрөөр хичээлээ заах учиртай. Манай багш нар бүх хүүхдэд нэг л аргаар хичээл заагаад, ойлгоогүйг нь ёроол нь онгорхой савтай зүйрлэж орхиод, ойлгосонд нь цааш заагаад явчихдаг.
Энэ мэт асуудал олон байгаа учир Монголын багш нарын бүтээгдэхүүний чанар муу байгаа хэрэг. Тэгэхээр энэ салбарын агаарыг сэлгэх л хэрэгтэй. Өөр салбарынхан гэж өөлөөд байгаа тэр хүмүүстэйгээ багш нар өрсөлдөх явцдаа өөрсдийгөө толинд нэг харчихна биз, далимд нь. Өрсөлдөөн үргэлж ашиг авчирдаг.
Багш нарын айдас дээр улстөрчид дөрөөлөн, нэр, нүүр олохоор улайрч явна. Нүдтэй ард түмэн үүнийг харж, тархитай хүмүүс тунгааж л суугаа. Багшлахаар ирсэн бусад мэргэжлийн хүмүүсийг хадаг барьж угт гэсэнгүй, хаалгаа битгий хаа гэж байгаа юм. Миний ч, чиний ч хүүхэд тэнд сурч байгаа. Амин хувийн эрх ашгаа хойш тавибал асуудлыг аятайхан шийдэж болно. Эдийн засагч, орчуулагч, багш, цагдаа, нийгмийн ажилтан, улс төр судлаач гээд өөр мэргэжлийн олон хүн сэтгүүлчийн ажил хийж байна. Тэднийг сэтгүүлчид хажигладаггүй. Чадвар, сэтгэл хоёр нь байвал хэн ч хаана ч ажиллаж болно. Хөрвөх чадвартай мэргэжилтэн хэрэгтэй гээд хэн хүнгүй ярьдаг даа. Багшийн ажил руу хөрвөх нь хөрвөг. Бусад салбар луу багш нар ч хөрвөг. Хүн бүр байх ёстой газраа олж, бүх юм байрандаа орвол бүүр сайн.