Хотын А зэрэглэлийн бүс гэдэг утгаараа бизнес эрхлэгчид болон барилгын томоохон компаниудын хараанд өртдөг байршлуудын нэг нь Багшийн дээд, УНТЭ орчим. Энэ хэсэгт УНТЭ болон Яаралтай тусламжийн 103 төв байрладаг. Эмнэлгээр үйлчлүүлэх иргэд машинаа багтааж шингээх газаргүй, эмнэлгийн машин ч аятайхан зөрөх зайгүй.
Гэтэл УНТЭ-ийн хашаан дотор нь газар ухаж, барилгын суурь цутгаад байна. Эмнэлгийн газраас тасдаж авсан түүх 2005 оноос эхлэлтэй. Тухайн үед хотын даргаар Ц.Батбаяр ажиллаж байсан. Ингэхдээ УНТЭ-ийн газраас “Жамомед” ХХК-д 450 ам.метр газар олгожээ. Түүнийг 2023 онд газар олголтын асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн гэдэг. Ш.Энхбат УНТЭ-ийн газраас “хумслахад” Ц.Батбаяр голлон нөлөөлж, газар эзэмших зөвшөөрлийг олгосон гэх.
Энэ талаар УНТЭ-ийн төлөөллүүд хэлэхдээ “2005 онд манай эмнэлгийн газрын кадастрыг өөрчилж 450 ам.метр газрыг “Жамомед” ХХК-д олгосон байсан” гэлээ. Ш.Энхбат нь “Жамомед” ХХК-ийг 2005 онд байгуулж, Монгол-Японы хамтарсан эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Ш.Энхбат гэж хэн бэ?
Т.Гандийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед 2004-2006 онд Ш.Энхбат дэд сайдаар нь ажиллаж байв. Тэр 2005 онд буюу Эрүүл мэндийн дэд сайд байх хугацаандаа “Жамомед” компанийг байгуулжээ. Тэгвэл Ш.Энхбат нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан УНТЭ-ийн газраас хэрхэн авсан талаар дурдъя.
Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Энхбат, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай нар АН-ынх байсан. Ингээд Ш.Энхбат Эрүүл мэндийн дэд сайдаар 2005 онд ажиллахдаа Л.Гүндалайгийн эхнэр Ламжав овогтой Аззаяагийн эгч болох Ламжавын Саранцэцэгийг УНТЭ-ийн даргаар томилж оронд нь газраас нь Ш.Энхбатад эзэмшүүлэх тохироог тэд хийсэн байх магадлалтай юм. Ламжавын Саранцэцэг УНТЭ-ийн даргаар 2005-2006 онд ажиллажээ. Ш.Энхбат дэд сайд, Ламжавын Саранцэцэг УНТЭ-ийн дарга болсон он таарч байгаа юм. Ингээд 2005 оны сүүлчээр Ш.Энхбат дэд сайдын суудлаасаа бууж 2006 онд Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд болсон байдаг.
Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан удаатай. Ингээд 2006 онд Л.Гүндалай хүссэн суудлаа авсан. Тэд сайдын суудлыг газраар наймаалцсан байх магадлалтай.
Ш.Энхбат дэд сайдын суудлаасаа буумагц 2008-2012 онд Эрүүл мэндийн яаманд Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрүүл мэндийн газрын даргаар ажилласан байна. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн газрыг татан буулгахын өмнө Ш.Энхбат “Саблет медиком”, “Лаб тех” гэх мэт хэд хэдэн хамаарал бүхий компанидаа тусгай зөвшөөрөл олгосон гэнэ. Үүнээсээ болоод, АТГ-ын хаалгыг татахад хүрчээ. Мөн ЭМЯ-наас 2012 онд зарласан, 3 дугаар эмнэлэгт MRI оношилгооны аппарат нийлүүлэх тендерийг “Лабтех” компаниар дамжуулан авч, 1.7 тэрбум төгрөгийг завшсан асуудал үүсгэжээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл хууль хяналтын байгууллагад шалгагдсан байдаг. Ийн Ш.Энхбат нь авлига хээл хахуульд нэр холбогдож байсан ч уснаас хуурай гарч чаджээ. Улмаар 2016 онд “Жамомед” ХХК-наа татан буулгасан байна.
1 дүгээр эмнэлгийн хажуудах газрын эзэн 4 удаа солигджээ
Харин Ш.Энхбат газраа бусдад зарсан уу. Эсвэл эртнээс тухайн газарт барилга барьж, ашиг олж хувиа хуваах тохироо байсан уу. Ямартай ч тухайн газар дараагийн эзний нэр дээр шилжихдээ гурав дахин томорсон. Тодруулбал, “Жамомед” ХХК анх 450 ам.метр газар авснаас хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Хамгийн сүүлд буюу 2018 онд уг газрыг нэр дээрээ шилжүүлж авсан “Мөргөл-Уул” ХХК 1360 ам.метр газар дээрээ 20 давхар оффис-үйлчилгээний зориулалттай барилга барихаар сууриа тавьжээ.
1-р эмнэлгийн дэргэд газартай, тэндээ барилга барих компанитай С.Дэмчиг гэж хэн бэ?
Бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор Мөргөл-Уул” компанийг 2011 онд байгуулж, 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Сүхбаатарын Дэмчиг мөн л АН-ын угшилтай. Тэр 1986 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, эрхзүйч мэргэжилтэй. Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Өвөрхангай аймгийн Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан, 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хүн.
“Мөргөл-Уул”-ын нэр дээрх, УНТЭ-ийн дэргэдэх газар дээрээ С.Дэмчиг “Даймонд констракшн” ХХК-аар барилга бариулахаар туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлажээ.
1-р эмнэлгийн газартай Шадар сайд С.Амарсайхан холбоотой юу?
С.Дэмчигийн “Мөргөл-Уул” компанид О.Тэнүүн хувь эзэмшигчээр бүртгэлтэй. О.Тэнүүн бол Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү. Тэднийг “Оюуны-Ундраа” группээр нь хүмүүс андахгүй. “Мөргөл-Уул” компанийг хамтран эзэмшигч С.Дэмчиг, О.Тэнүүн нар “Ханхөгшин интернэйшл” ХХК-ийг мөн хамтран эзэмшдэг.
С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 2-нд “Мөргөл-Уул” компани УНТЭ-ийн дэргэдэх газар дээрээ барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяраар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.
2018 онд Су.Батболд хотын дарга, С.Амарсайхан НИТХ-ын дарга байв. Энэ үед 1 дүгээр эмнэлгийн хашаан доторх газрын гэрчилгээ “Мөргөл-Уул” компанийн нэр дээр 1359 ам метр хэмжээтэйгээр шилжсэн байна. Үүний дараа буюу 2019 онд С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга болжээ.
С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 2-нд “Мөргөл-Уул” компани 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх газар дээрээ барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяраар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.
Б.Ууганбаярын эхнэр, АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан нэгэн үе “Оюуны-Ундраа” группт бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг.
“Мөргөл-Уул” компани уг газар дээр 450 мянган ам. метр талбайтай барилга барих нь. Уг газрын 30 хувьд нь ногоон байгууламж бий болгож, тохижуулан, авто зогсоол хийх гэнэ. Харин хэдэн давхар барилга барихыг уг даалгаварт тусгасангүй. Ямартай нь 20 давхар барилга барина гэсэн мэдээлэл бий.
2019 онд С.Амарсайхан УНТЭ-ийн удирдлагуудын хүсэлтээр уг газартай танилцаад, “Мөргөл-Уул” компанийн газрын зөвшөөрлийг цуцална” гэж олны нүдэн дээр ам гарсан ч биелүүлээгүй. Бодит байдал дээр энэ газартай тэр өөрөө хамааралтай болоод явчихлаа. Тийм ч учраас цуцалж чадаагүй биз.
2023 оны 10 дугаар сард Х.Нямбаатар дарга “УНТЭ-ийн хашаан дахь барилгын ажлыг зогсоож, газрыг нь улсад буцааж авна” гэж мэдэгдсэн боловч одоо болтол тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Одоо энд барилгын суурь цутгачихсан байгаа юм.
Өдөрт 3000-4000 өвчтөн үйлчлүүлдэг 1 дүгээр эмнэлгийн хашаанд үйлчлүүлэгчдийн машин багталцахгүй, өвчтөнүүд таарсан газраа машинаа хаяад, машинаа ачуулах вий гэхээс айж, яарч сандран, эмнэлгээр үйлчлүүлж байхад зогсоолын газрыг нь хувьдаа авсан эрхэм төрийн түшээд ичиг. Улсын эмнэлгийн авто зогсоолын газрыг буцаан авч, албан ёсоор авто зогсоол байгуулж өгнө үү, Х.Нямбаатар дарга аа!





