Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ


Хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангалт ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллалаа. 

Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 суманд зудын нөхцөл байдал нэн хүнд байсан бол энэ зун 15 суманд гангийн эрсдэл өндөр байна.

 Өнөө жил ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна. Энэ талаар малчдад ойлголт мэдээллийг сайтар өгч,  хаана хаанаа хамтран ажиллах хэрэгтэй” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *