УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй байна. Орон нутгийн сонгууль уг чуулгантай зэрэгцэж буй учраас “уламжлал ёсоор” байнгын хороо, чуулганы хуралдааны ирц тааруу, сайд нарын олонх нь эзгүй байгаа юм. Уг нь эл чуулганаар ирэх оны улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөө зэргийг хэлэлцэж буй. Тиймээс Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр яалт ч үгүй бууриа сахиж, бүх хуралдаанд оролцож явна. Харамсалтай нь, түүнтэй хамт бусад сайд нь бүрэн сууж, гишүүдийн асуултад хариулан, танхимаасаа өргөн барьсан төсвийн төслөө хамгаалсангүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Н.Учрал сайд эрхбиш хамт суугаа юм. Тиймээс бүх ачаалал АН-д, энэ намаас томилогдсон сайд нарт ирж байна, хожим биднээс хариуцлага нэхэх нь гэсэн айдас гишүүдэд нь төрөөд эхэлжээ. Улмаар энэ тухай байр сууриа илэрхийлэх болов.
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө МАН, АН, ХҮН намынхны аль аль нь мөрийн хөтөлбөртөө төсвийн алдагдал, зарлагыг бууруулахаар тусгасан. Гэвч хамтарч Засгийн газраа байгуулсны дараа улсын 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа энэ амлалтаа хэрэгжүүлсэнгүй. Тодруулбал, ХҮН намынхан төсвийн алдагдлыг бууруулж, сахилга батыг баримтална, МАН-ынхан “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх зардлыг 25 хувь бууруулна”, АН-ынхан “Төсвийн зардлыг 20 хувиар бууруулна” хэмээн амлажээ. Гэтэл хамтарсан Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд орлого 33.9, зарлага 35.8 их наяд, алдагдал нь хоёр их наяд төгрөг байхаар тусгасан байна. Хөрөнгө оруулалтын зардал 6.9 тэрбум хүрчээ. Орлого, зарлагын зөрүүг нөхөхийн тулд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагаас зээл, тусламж авах замаар “аргалах”-аар тусгасан гэнэ. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн О.Амгаланбаатар “Засгийн газраас өргөн барьсан төслийн 63 дугаар хуудсанд байна. Жилийн дотор 10 их наяд төгрөгөөр өрийг нэмнэ гэжээ. Энэ бол бараг гурван тэрбум ам.доллар, хоёр ч “Чингис бонд”-той тэнцэх мөнгө шүү дээ. Л.Гантөмөр яг л “Махкомбинат”-ын улаан ямаа шиг байна. Эдийн засгийн хөгжлийн сайд болохоор өр тавихыг манлайлах нь. Дараа нь МАН-ынхан “АН-ын сайд нар л өр тавьсан шүү дээ” гэж ярина. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулсны гол зорилго нь өр тавих байсан юм биш үү. Мега төслүүдээ урагшлуулах нэрийн дор маш их хэмжээний өр тавих асуудлыг оруулж ирсэн байна” гэсэн билээ. Түүний намын даргатайгаа холбосон зүйрлэл нь айсан сүргээ дагуулж, бойнд оруулдаг ямааны тухай аж. Бойны ямаа амьд үлдэнэ, сүрэг нь чадахгүй. Мөн гишүүн Б.Жаргалан “Чуулганы уур амьсгалыг харахад олонхын бүлгийн гишүүд АН-аас томилогдсон сайд нар руу дайрсан, өөрсдийнхөө өнгөрсөн найман жилийн алдааг томилогдоод хоёр сар гаруй болж буй хүмүүсээс нэхсэн, хурган попорсон хандлагатай байна. МАН-ын дарга АН-д урилга өгсний дагуу бид хамтарсан Засгийн газарт орсон. Энэ тухай нухацтай ярилцаад, дахин дөрвөн жил алдмааргүй байна, улсынхаа эдийн засгийг өөд татаж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах ёстой, том төслүүдээ урагшлуулъя, эдийн засгаа тэлэх учиртай гэж үзсэн учраас хамтарсан. Тиймээс эдийн засгийн хүрээний бүх ачаалал нь манай сайд нар дээр ирж байна. Шинэ парламент байгуулагдсанаас хойш эдийн засагтай холбоотой асуудлаар Л.Гантөмөр сайд бүх ачааллыг аваад, тайлбарлаж, таниулаад явж буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах төслүүдээ хөөцөлдөж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ус, цөлжилттэй тэмцэхэд анхаарч байна. Улс орны эдийн засгийг өөд татах нь чухал гэж үзсэн учраас бид хамтарч явааг МАН-ынхан ойлгоосой. Ээлжит бус чуулганы үеэр та нарын хэлэлцэж чадаагүй гүйцэтгэлийг ярьж байх үед өмнө нь өөрөө сайд явсан хүн томилогдоод хэдхэн хонож буй манай сайдаас гүйцэтгэлээ нэхээд байсан шүү. Ийм байдлаар цаашид хамтрах нь асуудалтай санагдаж байна. АН хамтарсан Засгийн газарт орсон гээд амаа үдүүлэхгүй шүү” гэсэн юм. Мөн Д.Ганбат “Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дандаа үлгэр ярьдаг. Одоо үлгэр ярьдаг хүмүүс манай Л.Гантөмөр, энэ Т.Доржхандаас эхлээд нэмэгдэж байна. Сүржин хөтөлбөр, төлөвлөгөө ярьдаг ч биелсэн юм байдаггүй шүү дээ, бид хэдэн макеттай л үлддэг” хэмээв.
Ийнхүү АН-ынхан хамтарсан Засгийн газарт орж, найман сайдын суудал горилсныхоо сөрөг талыг мэдэрч эхлэв бололтой. Хүчтэй сөрөг хүчин хийхийн оронд эрх мэдэл хуваалцахыг илүүд үзсэн хэмээн тус намын зарим гишүүн ч, энгийн иргэд ч тэднийг буруутгаж байсан юм. Одоо УИХ-ын гишүүд нь түрүүчээсээ гомдоллоод, болгоомжлоод эхлэх үед ч “Ийм зүйл болох нь тодорхой байсан. Та нар хамтарч байгаа бол үүрэг хүлээж, шүүмжлэл хүртэх нь зүй. МАН-ынхан хариуцлагаа хуваалцаж, буруугаа тохох гэж л та нарыг Засгийн газарт урьсан биз дээ” гэх мэтээр иргэд нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлээд эхэлжээ. Албан тушаал, эрх мэдэл үргэлж гоё байдаггүй. Түүнийг дагаад үүрэг, хариуцлага ирдэг, ажил хийх ёстой болдог гэдгийг улс төрчид мартаад байх шиг. Төсвийн орлогоосоо давсан зарлагыг биелүүлэхийн тулд АН-ын даргад Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албыг өгсөн. Танхимаа өөрийн хүслээр бүрдүүлэх эрх мэдлээ Л.Оюун-Эрдэнэ зүгээр нэг ашиглахгүй, “бялуу”-г ямар ч ашиггүй хуваарилахгүй. Хожим илүү хариуцлага хүлээх, шүүмжлүүлэх салбаруудад АН-ынхныг томилж, тэднээр “туг тахих” зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй юм. МАН-ын өнгөрсөн найман жилд бий болгосон өр, тооцоо, хийж амжаагүй, хүсээгүй ажлуудыг дөрвөн жилд цэгцлэх амаргүй. Тиймээс өөрсдөө хүсэж гаргасан шийдвэртээ АН-ынхан хариуцлага хүлээх л болно. Хүссэн юм нь хүзүүгээр ороох үед гомдоллох биш, даваад гарах л үлдэж байна. Эсвэл хариуцлагаас зугтах, хамтарсан Засгийн газраас гарах нэг арга бий. Шийдлийг цаг хугацаа харуулна биз ээ.