Сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-ийн 2024-2025 оны улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Лиг эхлэх цаг ойртсон энэ үед зарим багуудад тамирчны гэрээтэй холбоотой асуудал тулгарсан. Тодруулбал “Бишрэлт Металл” баг энэ зун “Эрдэнэт Майнерс” багаас холбогч Г.Болор-Эрдэнийг багтаа нэгтгэж, гэрээ байгуулсан.
Гэвч “Эрдэнэт Майнерс” баг Г.Болор-Эрдэнэтэй хийсэн гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэсэн үндэслэлээр түүнийг “Бишрэлт Металл” багт нэгдэхийг эсэргүүцэж, цахим орчинд шуугиан тарьсан. Тэгвэл эл асуудлаар “Бишрэлт Металл” баг мэдэгдэл гаргасан. Тухайлбал “Бишрэлт Металл” баг нь 2024 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс Г.Болор-Эрдэнэтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, зохих төлбөр тооцоог хийж бэлтгэлдээ хамруулан 2024-2025 оны лигийн улиралд “Бишрэлт Металл” багаас тоглох тоглогчдын мэдүүлэгт албан ёсоор нэрийг нь оруулж МСБХ-нд хүргүүлсэн хэмээсэн. Гэвч лиг эхлэхэд дөрөв хоногийн хугацаа үлдсэн энэ үед Г.Болор-Эрдэнэ аль багаас тоглох нь эргэлзээтэй байна.
Бид эл асуудлаар “Бишрэлт Металл” багийн туслах дасгалжуулагч Б.Тамжидтай холбогдож тодруулга авлаа. Тэрээр “Хоёр баг хоорондоо зөвшилцөлд хүрээгүй байна. Яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна” гэсэн бол
Г.Болор-Эрдэнэ “Сайн хэлж мэдэхгүй байна. Хоёр баг зөвшилцөлд хүрээгүй байгаа. Одоогоор яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Гэхдээ “Эрдэнэт Майнерс” багаас тоглох нь 70%-тай байгаа” хэмээн тайлбар өглөө.