Өмнөх Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, улмаар “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Эдгээрийн нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийг Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн юм. Ингэж зугтсан 92 хүний нэрийг зарласны дотор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар байв. Т.Бадамжунайг мөн оныхоо дөрөвдүгээр сард Филиппин улсын Сэбу хотоос баривчилж авчирсан. Тэрбээр таван жилийн турш зугтсаны эцэст ийнхүү баригдсан юм. Гэвч жил гаруйн турш түүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийг шалгаад дуусаагүй л байна. Шүүх хурал нь ч хэдэнтээ хойшилсон. Эдүгээ эрүүл мэндийн шалтгаанаар түүнийг гадуур байцааж, хэргийг нь нэмэлт ажиллагаа хийхээр буцаагаад буй аж.
“Шувуу” ажиллагаа эхэлснээс хойш жил долоон сарын хугацаанд нийт 30 гаруй хүнийг баривчлан авчирсан гэнэ. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд хүчингийн хэргийн нэгэн яллагдагчийг авчирсан юм байна. Олны танил биш гэмт хэрэгтнүүдийг энэ мэтээр авчирч, хэргийг шалган, ял оноосоор буй байх. Харин авлига, албан тушаалын хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс юу болов, ямар ахиц гарч байна вэ. Тэднийг тасралтгүй шалгаж, эрж хайж байгаа л гэж буй. Гэвч Т.Бадамжунайгаас бусдыг нь авчирч чадсангүй, бас “олсон” ганц “шувуу”-ндаа ялыг нь өгч, шийдэж чадаагүй байгаа нь үнэн юм.
Авлига, албан тушаалын хэргээр эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн нэг болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг баривчилж авчрахаар АТГ, УЕПГ, ЦЕГ хамтран ажилласаар л байгаа гэнэ. Түүнийг өөрөө ирж шалгуулах тухай мэдээлэл ч гарч байсан. Дубайн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ урвуулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс корпорац” компанид давуу эрх олгосон хэмээн түүнийг буруутган, яллагдагчаар татсан билээ. Шүүхээс хилээр гарах эрхийг нь хаасан ч тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьж, тэндээсээ АНУ руу очин, улс төрийн орогнол хүссэн гэдэг. АНУ улс төрийн орогнол олгосон хүнээ тийм ч амар өгөөд явуулчихгүй учраас манай тал авч чадахгүй байгаа бололтой. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа энэ талаар “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзсан. Өмнөх болон шинээр томилогдон ирсэн Элчин сайдтай ч уулзаж, ярилцсан. Бид хүнээ авъя гэсэн нэг л хүсэлт тавьдаг. Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид ямар нэг байдлаар хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн боломж байхгүй. АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй” гэсэн тайлбар өгч байсан юм. Ч.Сайханбилэгийг буруутган ялласан хэргийн талаар олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ 49 хувийг ямарч байсан эх орондоо авахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүнийг дэмжих, өмгөөлөх хүмүүс бий. Уг шийдвэрийг гаргасан тухайн үеийн Засгийн газрын гишүүд одоо ч байр сууриа хамгаалдаг. Юутай ч шүүхээс буруутай гэж үзээд яллагдагчаар татсан учраас шалгуулах нь зүйн хэрэг байх. “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хувьд жилийн өмнө Малайз улсад байгаа гэдэг мэдээллийг салбарын сайд нь өгсөн. Гэвч Н.Удаанжаргал Монголоос мэдээлэл авч, байршлаа солин зугтаж байгаа тул олж чадахгүй яваа бололтой юм. Үнэндээ эдгээр хүнийг олж, баривчилж авчрахад манай төрийн хүч хүрэх нь үү гэсэн эргэлзээ ч төрөх болов. “Шувуу” ажиллагаа гацаанд орж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдан эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг буцаан авчрах тухай сураг ажиг намдаад байгаа юм. Энэ нь хөшигний ард тохиролцоо хийсэн, эсвэл сүржин эхлээд даржин дуусах хоосон төлөвлөгөө байсан юм биш биз гэсэн хардлага дагуулж байна. Авлигатай тэмцэхээ зарлаж, “5Ш” ажиллагааг сүр дуулиантай эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдүгээ ч улиран ажиллаж байна. Түүний шинэ Засгийн газар байгуулагдсаны 100 хоног удахгүй тохионо. Зарим гишүүн нь солигдсон ч авлигатай тэмцэх зорилгоосоо Ерөнхий сайд ухраагүй гэсэн найдвар тээгээд хүлээж суух үлдэж байна.