–Юун түрүүнд танд өдрийн мэнд хүргэе. Та ямар ажил мэргэжил эрхэлдэг хүн бэ. Нохойтойгоо танилцсан түүхээ яриач?
-Би жуулчин тээвэрт явдаг юм. Насаараа л энэ ажлыг хийж байна. Дүү маань таван жилийн өмнө Америк явахаасаа өмнө ганцаараа амьдардаг байсан. Тухайн үед нэг нохой тэжээдэг байсан. Тэр нь их хань болдог юм шиг санагдсан. Тэгээд би ганцаараа амьдардаг учраас дүү надад нохой тэжээхийг зөвлөсөн. Ингээд Толгойтод амьдардаг хүнээс нохой авахаар очиход олон гөлөгнүүд дундаас нэг нь гүйж ирээд цээжинд минь наалдчихсан юм. Тэр хүн надад хэлэхдээ “Ээжийнхээ цээжний гөлөг гэж байсан. Тэгээд түүнийг авч тэжээхээр шийдсэн. Одоо тэр жижигхэн гөлөг 5 настай болчихсон. Намайг хамгийн сайн ойлгодог, үнэнч нөхөр минь болсон байна. “Хаана ч явсан нохой шиг дагана” гэдэг үг байдаг даа. Тэрийг манай Бруно утгаар нь харуулж байгаа л даа. Хаа ч явсан цугтаа шүү дээ бид.
–Гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Таны Брунотой хийсэн бичлэгт хоёулхнаа амьдардаг юм шиг аниргүй байдаг?
-Би хоёр хүүхэдтэй. Тэд гадаадад сурч, амьдардаг юм. Би Монголд Брунотойгоо л амьдардаг. Өөр надад хань болох хүн байхгүй. Намайг өвдсөн үед Бруно эм дөхүүлж өгөхөөс эхлээд жаргал, зовлонгоо хуваалцана. Хотод очоод дэлгүүр орохоор миний заасан юмыг зуугаад гэр хүртлээ аваад явчихдаг. Одоо энд тэр сагстай мод дөхүүлж өгөхөөс эхлээд их ажил хийнэ. Түүнийг үгэнд сайн орсных нь төлөө амттанаар шагнана. Нохойг ердөө хоолоор л сургана. Цорын ганц үр дүнтэй шалгарсан арга. Бид уг нь хотод орон сууцанд амьдарч байсан юм. Орон сууцанд амьдарч байхад Бруног өмөөрч олон хүнтэй хэрэлдсэн. “Нохойндоо хошуувч зүүлгэ. Хүн урах вии.Үнэр нь ямар муухай юм” гээд хүмүүсийн амьтанд хандах хандлага их муухай. Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс амьдардаг юм шиг аашилдаг. Ингээд Брунотойгоо хамгийн сайхан амьдрах боломж хөдөө байсан учраас 61-ийн гарамд газар авч гэр барьсан. Түүнийг хүмүүст адлуулахгүйн тулд шүү дээ.
-Та нохойгоо яагаад Бруно гэж нэрлэсэн бэ?
-Америкийн дуучин Бруно Марсыг манай дүү их сонсдог. Тэгээд Бруно гэдэг нэр өгсөн. -Нохойгоо зарах уу гэж асуудаг хүмүүст юу гэж сайн найзыгаа зарах билээ гэдэг.
-Анх нохойгоо авчихаад хэрхэн, яаж сургах талаар боддог байв уу. Та нохойгоо яаж ийм ухаантай, хүн шиг болгосон юм бол гэдэг анхаарал татаж байна. Энэ талаар дурдаач?
-Нохойгоо өвтгөхгүйгээр хэрхэн хооллох арчлах талаар эмч нараас л зөвлөгөө авч байсан. Харин хүмүүс гарын үзүүрт зарж сургасан бэ гэдэг. Би нохойтойгоо ердөө хүнтэй харьцаж байгаа мэт тулж ажилладаг. Ингэсээр тэр минь маш олон зүйлийг сурч миний найз шиг л болсон. Одоо хүмүүс нохойгоо зарах уу гэж асуудаг. Юу гэж найзыгаа зарах билээ.
–Бруно таны гэлтгүй танай гэр бүлийнхний хамгийн хайртай нохой байх нээ…
-Тийм. Хүүхдүүд ах дүүс, найз нөхөд, танилууд минь намайг сайн уу гэхээс илүүтэйгээр Бруно сайн уу гэдэг. Миний нохой цагдаагийнх байсан бол энэнээс илүү мундаг байх байсан биз. Тоо хүртэл мэднэ, нэг хуц хоёр хуц гэвэл яг түүнийг биелүүлнэ, мөн шүдээ угаана үнэхээр ухаантай.
Хүмүүс намайг намайг сайн уу гэхээс илүүтэйгээр Бруно сайн уу гэдэг
-Нохойг яг тань шиг тэжээхийн тулд их санхүү шаардлагатай юу. Та Бруногийн хэрэгсэл, хоол тэжээл, арчилгаанд сар хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Бруно надаас илүү хэрэглээтэй /инээв/. Түүнд 95 мянган төгрөгийн хоолыг сард дөрвөн удаа авдаг. Бүх хэрэглээнд нь сардаа 500 мянгаас нэг хүртэлх сая төгрөг зарцуулдаг даа. Заримдаа “Бруно хоол нь дуусчихсан” гэхээр нэг их өрөвдөлтэй царай гаргана. Тэгээд мөнгөгүй үе таарвал хүнээс зээлээд ч хамаагүй Бруногийнхоо хоолыг авдаг.
–Бруно ямар үгийг хамгийн сайн ойлгох вэ. Бас буруу үйлдэл хийснээ мэдээд их гэмшдэг юм байна лээ. Их хэрэг тарина биз… Бруногийн ямар үйлдэл таны санаанаас гардаггүй вэ?
-“Хоолоо ид” гэхээр л харайгаад л босно. Хамгийн сайн мэддэг үг нь. Нэг өдөр сарвуугаараа гадаа шороо ухаад шавар болгочхоод гэрт орж ирээд орны ардуур хөнжилд ороод нуугдчихсан байсан. Тэгээд би загнасан юм. Загнуулахаараа их өрөвдөлтэй царай гаргана. Саяхан усанд оруулсан чинь өвөрт ороод хэвтчихсэн. Усанд орсон учраас даарна дулаахан унтах ёстой гэдгээ мэдээд байгаа юм. Өвөрт үсрээд ороод ирэхээр нь Бруно чиний үс хаа сайгүй наалдаад гэсэн чинь нэг их өрөвдөлтэй гэмшсэн харцаар харахаар нь хайр хүрсэн. Бас хашаа бариагүй байхад Бруно үхэр, морь луу дайрч өшиглүүлсэн удаатай. Тухайн үед би маш их айсан өнгөрчихлөө гэж. Гэтэл Бруно гурав хөрвөөгөөд босоод ирдэг юм. Амьд байгаад нь баярлаад даруй эмнэлэг авч яваад үзүүлсэн. Азаар дотуур бэртэл, гэмтэл байхгүй байсан. Энэ явдлаас хойш үхэр, морины хажуугаас гэтэж хуцдаг болсон. Ойртохоо больсон.
-Нохойг яг хүн шиг сургана гэдэг амаргүй биз…
–Тийм. Байнга л ярилцаж нэг үйлдлийг олон удаа давтуулна. Ер нь их шаргуу байхын хэрээр тэсвэр тэвчээр шаарддаг юм. Хүмүүс нохой айхтар загнаж цохидог юм байна лээ. Тэгэхгүйгээр зүгээр хайрлаж сургах хэрэгтэй. Мөн англиар яриад сургаад байдаг. Зүгээр монголоор ярьж сургах нь илүү үр үнтэй. Бруног хайраар сургаж, амьтантай хэрхэн сайн найзууд байхыг хүмүүст харуулахыг зорьж фэйсбүүкт өдөр тутамд бичлэгээ оруулдаг.
-Бруног яаж сургасан талаар нохой тэжээдэг хүмүүс танаас их зөвлөгөө авдаг уу?
–Тийм шүү. Саяхан нэг охин манай нохойг авчих. Нохойг их сайн сургах юм гэсэн. Тэр нохойг авч Бруногоо ханьтай болгоё гэж бодож байгаа.
-Та нохойгоо ажилдаа авч явж байв уу. Таныг олон хоногоор ажилдаа яваад ирэхээр Бруно санасан байдаг биз…
–Ажилдаа авч явах гэж үзсэн. Жуулчдын зарим нь зөвшөөрөөгүй. Тийм учраас гэртээ дүү нартаа үлдээчихдэг. Манай нохой маш нөхөрсөг, итгэмтгий учир амархан хүн хуураад аваад явчих вий гэж айдаг. Тиймээс олон хоногоор явахдаа уячхаад явдаг юм. Яваад ирэхээр орхиж явсан гээд хашааны хаалгаар орж ирэнгүүт л хуцаад цоройгоод, нулимс нь цийлэгнээд бараг л уйлна. Үнэхээр хайр татам шүү миний Бруно.
-Хүнд дурсамж л үлддэг. Тэгэхээр та Брунотой өнгөрүүлж буй энэ цаг хугацаа хором мөч бүрийг хожим дурсах гэж өөрийн фейсбүүктээ оруулдаг байх. Одоогоор та хэчнээн дагагчтай вэ .Ер нь нохойтой өнгөрүүлж буй хором мөч бүр таны хувьд үнэ цэнтэй, үүнийг дурсамж түүх болгох үлдээх тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
–Одоогоор 1000 гаруй дагагчтай. Фэйсбүүкт оруулж байгаа Бруногийн бичлэгүүдийг эвлүүлж түүх болгочих юмсан. Бичлэгүүдийг нь эвлүүлээд хадгалаад байвал жижиг хэмжээний кино бүтээсэнтэй ялгаа юу байх вэ гэж боддог. Удахгүй бүх бичлэгүүдээ харж байгаад эвлүүлж оруулна.