МИД-ын нөхөн төлбөрийг олгож эхэллээ


МИД-ын 2023 оны даатгалыг Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, МИГ даатгал ХХК, Монгол даатгал ХК, Мөнх даатгал ХХК , Практикал даатгал ХХК, Хаан даатгал ХХК зэрэг долоон компаниар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30, Хаан болон Төрийн банкаар зуучлуулан тус оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулсан билээ.

Дээрх хугацаанд нийт 330 сумын 35 мянга гаруй малчин өрхийн, 149 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 7 сая толгой малыг даатгалд хамруулж, 4,9 төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн юм.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 6.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос 2023 оны хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээг 6 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн  эхний хагас жилийн мал тооллогоор Монгол Улсын хэмжээнд нийт малын 14.1 хувь буюу 9,1 сая толгой мал хорогдсон байна. Хамгийн өндөр хорогдол нь Сүхбаатар аймагт 48.1 хувь, Говьсүмбэр аймагт 40.1 хувь, Дорноговь аймагт 28.9 хувь, Хэнтий аймагт 27.3 хувь, Архангай аймагт 21.6 хувьтай байжээ.

Мал тооллогын албан ёсны дүн мэдээнд үндэслэн нөхөн төлбөрийн тооцоолол хийхэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ,Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий,  Дархан-Уул, Орхон  аймгийн 218 сум болон Улаанбаатар хотын 4 дүүргийн 22 мянга гаруй малчин өрхөд  16,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор боллоо.  Даатгалд хамрагдсан малчин өрхийн 62 хувь нөхөн төлбөр авах бөгөөд нийт өрхийн 59 хувь буюу 13,017 малчин өрх 500 мянган төгрөг хүртэл, 18 хувь буюу 3,983 малчин өрх 500 мянган төгрөгөөс 1.0 сая төгрөг хүртэл, 22 хувь буюу 4,805 малчин өрх 1.0 сая төгрөгөөс 5.0 сая төгрөг хүртэл,  203 малчин өрх 5.0 сая төгрөгөөс 10.0 сая хүртэлх, 15 малчин өрх 10.0 сая төгрөгөөс 15.0 сая төгрөг хүртэл, 10 малчин өрх 15.0 сая төгрөгөөс 66.0 сая хүртэлх нөхөн төлбөр авахаар байна.  Хамгийн өндөр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин өрх 83 сая төгрөгийн нөхөн төлбөр авч байна. МИД-ын нөхөн төлбөрийг 10 сардаа багтаан бүрэн олгож дуусах болно.

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Жавхлант: ЭНЭ ЖИЛ МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛААС ХАМГИЙН ӨНДӨР НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ОЛГОЖ БАЙНА. 

Өнгөрсөн өвлийн цас зуднаар манай байгууллага цас  их унасан нийт 10 аймагт ажилласан. Үнэхээр хүнд өвөл болсоныг бид газар дээр нь очиж үзэж байлаа. Малын индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнгөрсөн 2023 онд 35 мянга гаруй малчин хамрагдсан нь өндөр тоо. Гэхдээ Монгол улс 183 мянга гаруй малчинтай. Эндээс үзэхэд манай малчид даатгалд хангалтгүй даатгуулж байгаа нь харагдаж байна.  2024 онд МИД-ын нөхөн төлбөрт 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож байна. Энэ нь даатгалаас Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр нөхөн төлбөр олгож байгаа явдал болж байна. Үүнээс хамгийн өндөр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин О.Энхбаяр 83 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авч байна. Сүхбаатар аймгийн малчдын МИД-ын нөхөн төлбөрийг гардуулж явна. Зуд зулагтай гэдэг. Хатуу өвөл хаврыг даваад сайхан зунтай золгож, малчид маань тухтай сайхан намаржиж байгааг харах сайхан байна.   

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын, аймгийн аварга малчин О.Энхбаяр: ДААТГАЛЫНХАА ҮР ШИМИЙГ ХҮРТЭЭД СЭТГЭЛ ТЭНЭГЭР БАЙНА

-Малын индексжүүлсэн даатгалаас хамгийн өндөр нөхөн төлбөр авч байгаад баяр хүргэе!

– Баярлалаа. Өнгөрсөн жил 6 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан. Түүгээрээ л даатгуулчихсан юм. 83 сая төгрөг авч байна. Өнгөрсөн жилийн цас зуднаар тавьсан өр төлөөсөө ямар ч байсан төлчихөөр боллоо.

-Ер нь хэдэн жил даатгуулж байна вэ? Даатгалын үр шимийг маш сайн ойлгосон хүн л 6 сая төгрөгөөр буянт малаа даатгуулах байх? Бага мөнгө биш шүү дээ?

– 2015 оноос даатгуулж эхэлсэн. Анх банкнаас зээл авах гэж даатгуулаад, тэгээд ер нь даатгуулаад сурчихсан даа. Эхний жилүүдэд даатгалаас нөхөн төлбөр авч байгаагүй. 2022 онд 1 сая орчим төгрөгөөр даатгуулаад 2023 онд 6 сая, 2023 онд малаа төрөл бүр дээр нь 6 сая төгрөгөөр даатгуулаад энэ жил 83 сая төгрөг авч байна. Нөхөн төлбөр авахгүй байхад дургүйцээд байх юм байхгүй. Зуд турхан, байгалийн гамшиг болохгүй л бол сайн биз дээ. Цас зудад өчнөөн малаа барчхаад байгаа айл манай нутагт зөндөө байгаа. Манайх ч ялгаагүй нэлээнийг нь барсан. Даатгалаас мөнгө орж ирэх ёстой л гэж бодож байснаас ийм их хэмжээний мөнгө орно гэж бодсонгүй. Даатгалын компанийн нийт хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

– Өнгөрсөн өвлийн маш хүнд өвөл болсныг манайхан бүгд л мэдэж байгаа. Сүхбаатар аймагт ийм айхтар зуд болдог гэж сонсоогүй л явсан юм байна?

– 2000 онд зуд болсон. Би 15-тай хүү дөнгөж малчин болчихсон байсан. Тэр үед юу ч мэдээгүй л өнгөрсөн. Дараа нь 2008 онд зуд болсон. Эхнэр авчихсан тусдаа гарчихсан байсан үе. Айл саахалтын ах нартай 180-190 км явж Матад руу оторт гарсан. Тэр жил отор сайхан болж, өнчин ишиг ч үхээгүй. Харин өнгөрсөн оных бол өөр. 11 сарын эхээр ачааны машинтай Шинэ усны говиор явахад яг зуны борооноор туулж байгаа юм шиг байсан. 10 сарын 28, 29-ний өдөр бороо ороод 11 сарын 4 гэхэд хүйтрээд цас орчихсон. Идэш хоолоо хийх гэсээр байгаад 11 сарын сүүлээр хоёр шланзаар малаа ачаад л явсан. Шланзны тэвшин дээр мал нядалгааны газраас хонины нэхий авч битүү дэвсээд, хонио ачсан. Машины тэвшин дээр гарч хонио босгож, нааш цааш болгоно. Нимгэн хувцастай гарахаар даарна. Зузаан хувцастай болохоор хөдөлж чадахгүй. Нэг машины тэвшинд 200 гаруй хонь багтдаг юм байна. Босгож үзэж, харж, эргэж тойрч байхгүй бол дарагдаж үхэх гээд хэцүү. Доор нь хонины нэхий битүү дэвссэн тулдаа ажрахгүй яваад очсон. Түүнээс хөл сүүл нь наалдаад хөлдчихдөг юм байна лээ. Машин цасанд сууна. Жижиг пронтерын цасыг бол дор нь ухаад болчихдог бол тэр том машины цасыг хэд хүрздээд бяр дуусдаг юм байна билээ. Ингэж нэлээн хэд хоног явж байж 100 гаруй км туулаад Матадын отрын бүс нутаг руу очсон. Очиход дөрөө шүргэсэн их өвстэй байсан боловч хэдхэн хоноход малын хошуу хатгах өвсгүй л болсон. Бэлчээрийн даац муудаж, малын тоо толгой өссөнтэй л холбоотой байх. Тэгээд дээрээс нь шуурганд уруудсан мал замбараагүй орж ирж байсан даа.

– Малчин хүн нэгэнт өөрийн гараар өсгөсөн малаа нядлаад агуулахад хийчхээд дулаан өвөлжье гэсэн бодол төрдөггүй л байх даа. Түүнээс тааруухан өвөл болохыг аль хэдийн мэдчихсэн байсан байлгүй дээ.

– За даа, энэ жил ч чанга өвөл болох юм шиг байна гэсэн таамаг байлгүй л яах вэ. Би 20-иод үхэр маханд өгчхөөд ер нь үлдсэн хэдийг нь ч гэсэн цөөлчихье ч гэж нэг бодсон юм. Тэр тухайгаа эхнэртээ хэлтэл, дургүйцээд… Тэгээд л оторт гарсан даа. Мал их үхээд эхлэхээр харам л байдаг юм билээ, барам гэж. Эхнэртээ ч дургүй хүрэх шиг. Тэгээд “Айлын эхнэр оролцох юмандаа л оролцож баймаар юм байна” гэж эхнэртээ хэлсэн. Гэлээ гээд нэгнээ хэмлээд яах вэ дээ. Ямар цаг хугацааг буцааж болох биш. Зуд зулагтай л гэдэг. Яг үнэндээ даатгалаас мөнгө ороод ирсэн чинь сэтгэл тэнийдэг л юм байна.

– Цас зуд ихтэй үеэр нутаг орныхон чинь хэр тусалж дэмжиж байв даа?

– Нутгаас отрын бүс нутагт Түр штабын гэр барьж өгсөн. Эрэлд яваа нэг нь очиж хононо. Тэдэнд хоол цай хийж өгнө гээд. аль нь мал олонтой байгаа газар 14 хоногийн дотор нүүж очоод штаб байрлаж байсан. Тэр их дэмтэй байсан шүү. Орон нутаг болоод олон улсын байгууллагаас гурил будаа, өвс тэжээлийн хандив ирж байна л гэсэн. Бас Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс маш их хандив тусламж илгээсэн байсан. Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлийнхний буянд зарим малчид маань хөөгдөж туугдах шахалтаас мултарлаа гээл баяртай л байсан.

– Малын индексжүүлсэн даатгалын тухай малчдадаа уриалж өгнө үү?

– Монгол улсын өнцөг булан бүрд мал маллан амьдарч байгаа малчдадаа хэлэхэд Малын индексжүүлсэн даатгалд заавал даатгуулаарай гэж захимаар байна. Энэ даатгал бусад даатгалаас өөр. Даатгалаа маш сайн ойлгох хэрэгтэй. Хэдэн мал  үхчихээр даатгалын ажилтныг дуудаж авчраад, одоо мөнгөө авна гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ бол тийм даатгал биш. Энэ жилийн 1-6 сард даатгуулахад ирэх жилийн 10 сард нөхөн төлбөр авах боломжтой болно. Танай сумын хорогдсон малын тоо босго үзүүлэлт давж гэмээнэ танайхаас өнчин ишиг ч үрэгдээгүй байхад даатгал авна гэсэн үг. Харин босго оноо даваагүй бол даатгалаас нөхөн төлбөр олгодоггүй юм байна лээ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин О.Азжаргал: ЧАНСАА ШАЛГАСАН ӨВӨЛ БАЙЛАА.

Баруун-Урт сумын аймгийн аварга малчин О.Азжаргалын хот айл байна. Өнгөрсөн өвөл чансаа шалгасан өвөл байлаа. Манайх 4 хүүхэдтэй. Бүгд сургуульд суудаг. Нэг нь хүүхдээ хараад аймгийн төвд суух болно. Би гэртээ үлдэж, мал хуйгаа хариулна. Өнгөрсөн өвлийн хувьд манайх отор нүүдэл хийх боломжгүй байлаа. Аймгийн төвөөс 8 км газар өвөлжөө маань байна. Эндээ л өвөлжсөн. Оторт явсан айлуудаас сураг сонсоход хүнд л цаг үеийг туулж байгаа мэдээ дуулдаж байсан. Отор нүүдэл хийгээгүй, орон нутагтаа суурин үлдсэн бидний хувьд ч хүнд өвөл байлаа. Орон нутаг болоод Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхний дэм тус бидэнд бишгүй ирсэн. Хүнд хэцүү цаг үеийг хүн хүнийхээ дэмэнд л туулдаг юм байна. Өнгөрсөн жил манайх малаа 500 мянган төгрөгөөр даатгуулаад өнөө жил 7.5 сая төгрөгийн нөхөн төлбөр авлаа. Нийт малчдадаа малын индексжүүлсэн даатгалдаа сайн хамрагдаарай, үр шимийг үзэх өдөр ирдэг юм байна гэж хэлмээр байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *