Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр Ашхабад хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Батыр Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.

Ташрамд дурдахад Ашхабад хот нь нэг сая хүн амтай, цагаан гантигаар бүтээсэн 543 барилга байгууламжтай бөгөөд 2013 онд Гиннесийн номд “Цагаан гантиг хот”-оор бүртгэгдсэн.

Одоогоор тус хотод гадаадын улс орнуудын нийт 28 Элчин сайдын яам, 15 олон улсын байгууллага төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *