Хэрвээ би хотын дарга байсан бол…..


Нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс хэрвээ би УИХ-ын гишүүн, сайд, шийдвэр гаргах түвшний эрх мэдэл, албан тушаалтай хүн байсан бол хэрхэн ажиллаж, юуг өөрчлөн сайжруулах вэ гэдэг талаар бодож байсан байх.

  Сэтгүүлч би мөн адил. Тэгвэл бид “Хэрвээ та хотын дарга байсан бол” гэдэг асуултыг ажил мэргэжлийн өөр, өөр салбарт ажилладаг 5 хүнээс асууж, хариулт авлаа. Тэд юу гэж хариулав? Тэд юуг өөрчлөөсэй гэж бодож явдаг вэ? Мөн та ямар ажил хийж, хэрэгжүүлэх байсан бэ?

Г.Энхжин   Хүний нөөцийн менежер 

Өнөөдрийн бидний амьдарч буй хотод түгжрэл хэн бүхний хувьд том асуудал болсон. Ажилд орохоор ирж буй хүмүүс гэртэйгээ ойр ажилладаг болохыг илүүд үздэг болжээ.

Миний мэргэжил хүний нөөцийн менежер. Өдөр тутамдаа ажилтнуудынхаа хувийн асуудлыг мэдрэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалж, уялдуулахад чиглэлд ажилладаг. Шинээр ажилтан сонгон шалгаруулж авахад нэн тэргүүнд ажил горилогчийн шаардлага нь нийгмийн харилцаатай уялдаж байна. Үүний нэг жишээ нь ажил гэр ойрхон байх, ажиллах цаг уян хатан байвал цалин хангамжаас илүү гэж үзэж байгаа юм.

  Тиймээс хэрэв би хотын дарга байсан бол автомашины зам, явган хүний зам, дугуйн замыг олон улсын стандартын дагуу тавьж, нийтийн тээврийн хэрэгслээр болон явганаар ч эрсдэлгүй зорчих боломжийг бүрдүүлэх байсан. Мөн сургууль цэцэрлэгийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлж, барилгын зөвшөөрөл өгөхдөө хотхон, хорооллын зохион байгуулалттай, сургууль цэцэрлэг болон хүүхэд тоглох аюулгүй орчныг цогцоор нь төлөвлөж байгуулдаг, таваас дээш жилийн туршлагатай компаниудад зөвшөөрөл олгоно. Түүнчлэн хот төлөвлөлт чухал учраас их сургуулиуд, томоохон зах үйлчилгээний төвүүдийг хотын захын дүүргүүдэд дахин төлөвлөж, нүүлгэн шилжүүлэх, үүгээр дамжуулан тухайн дүүргийг бүх талаар хөгжих боломжийг ханган ажиллах байсан.

Т.Хүсэл-Эрдэнэ

17 настай, гадагшаа сургуульд сурахаар бэлдэж буй залуу боловсон хүчин. Тэрээр энэ зун Улаанбаатарт ирсэн бөгөөд хот төлөвлөлтөд сэтгэл хангалуун бус байдгаа хэлсэн юм.

Хэрвээ би хотын дарга байсан бол хот төлөвлөлтөд хамгийн их анхаарах байсан. Хот төлөвлөлт маш чухал. Наад зах нь Нийслэл хотод сүүлийн хоёр жилд скүүтэр, унадаг дугуйны үйлчилгээ нэвтэрсэн. Гэвч бродюр нь өндөр, эвдэрхий замтай. Скүүтэр, унадаг дугуй унах зориулалтын зам байхгүй. Унаад явахад явган хүнтэй мөргөлдөх, машинтай мөргөлдөх зэргээр осол гарч байна. Нийслэл хотын төв гэж байгаа атлаа засмал зам нь нүхтэй.

    Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдүүдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй, автомашины зогсоолтой орон сууц ховор. Хаа, хамаагүй газар барилга босгоод барьчихсан. Явган хүний зам дээр автомашинаа тавьчихдаг. Ийм дүр зураг хаа сайгүй байгаа. Өрөвдөлтэй шүү дээ. Тиймээс би хот төлөвлөлтийн асуудлыг шийднэ. Төлөвлөлтөө сайн хийж чадвал газрын асуудлаас эхлээд бусад тулгамдаж буй асуудал шийдэгдэнэ.

  О.Батдорж   Эдийн засагч

Санхүүгийн салбарт ажилладаг мэргэжилтний хувьд эдийн засгийн тал дээр хөгжих, хийж хэрэгжүүлэх ажлуудыг онцлов.

    Хэрвээ би хотын дарга байсан бол дараах ажлуудыг хийнэ. Нэгдүгээрт эрчим хүчээ дотооддоо хангаж, гаднаас хараат бус болгоно. Өнөө үед эрчим хүчийг олон үүсвэрээс бий болгох боломжтой болсон. Хоёрдугаарт нийтийн тээвэр, зам засвар явган хүний замыг цогцоор нь шийднэ. Гуравдугаарт хог хаягдлыг дахин боловсруулах томоохон үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал Монгол Улс жилд 1.5 сая тонн хог бий болгодог. Үүнээс зөвхөн 3-5 хувийг дахин боловсруулдаг. Энэ бол анхаарал хандуулах асуудал зайлшгүй мөн. Дөрөвдүгээрт хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, сайжруулна. Түүнчлэн давхар зам байгуулж, түгжрэлийн асуудлыг шийднэ. Эдийн засагч хүний хувьд эдгээр асуудлыг шийдэж эхэлбэл Улаанбаатарт ажлын байр нэмэгдэж, бизнесийн таатай орчин бүрдэх боломжтой гэж хардаг.

Л.Янжинхорлоо  “Дойче шуле” сургуулийн бага ангийн багш

Өдөр бүр хүүхэдтэй тулж ажилладаг багшийн хувьд хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд сэтгэлд эмзэглэж явдгаа хэллээ. Тэрээр энэ чиглэлд дорвитой ажил хийж хэрэгжүүлэх цаг болсон хэмээв.

Хэрвээ би хотын дарга байсан бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллана. Монгол улс хүүхдэд ээлтэй гэдэг боловч бодит байдал дээр хүүхдэд хамгийн аюултай улс болоод байна. Хүүхэд өөрөө ганцаараа нийтийн тээврээр зорчиж сургуульдаа аюулгүй очих боломжгүй хангагдаагүй. Тиймээс энэ асуудлыг шийдэж, ажил хийх цаг нь болсон. Хүүхэд эрүүл, аюулгүй амар тайван орчинд өсөж, хөгжиж байж Монгол Улс маань мөн амар тайван оршин тогтноно.

С.Тунгалаг    ……………….. мэргэжилтэн (төрийн албан хаагч учраас ажил, мэргэжил, зургаа нууцлахыг хүсэв) 

Түүний хувьд зай завсаргүй босгон байгуулсан барилгууд дунд амьдардаг. Ядаж цонхоороо уулаа харчихдаг орчинд амьдрахыг хүсдэг гэлээ.

Хамгийн түрүүнд оршин суух, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ. Хоёрдугаарт айдасгүй амар тайван хотын гудамжаар алхдаг орчныг бий болгоно. Гуравдугаарт хотын төлөвлөлтөө зөв зохион байгуулна. Өнөөдөр бид багширсан өндөр барилгууд дунд амьдарч байна. Монгол хүн нүүдэлчин аж ахуйгаа дагаж алсыг харсан, уулаа ширтсэн амар тайван орчинд амьдарч ирсэн түүхтэй. Ядаж цонхоор холын юмыг хардаг баймаар байна шүү дээ. Хот төлөвлөлтөө зөв хийсэн цагт бусад зүйлс аяндаа зөв голдирлоор явна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *