Өчигдөр (2024.10.13) болсон “Чикаго-2024” марафоны үеэр нэгэн гайхамшигтай Дэлхийн рекорд бүртгэгдэв. 46 дахь удаагаа болж буй, дэлхийн зургаан том марафоны нэг (World marathon majors) “Чикаго марафон”-д энэ жил 50,000 гүйгч барианд орсон нь рекорд болсон.
Гэхдээ хамгийн гол зүйл бол Кенийн марафонч бүсгүй Рут Чепнгетич 42 км 195 метр замыг 2 цаг 09 минут 56 секундэд туулж, Дэлхийн рекордыг шинэчиллээ.
Тэрбээр жилийн өмнө Этиопийн Тигист Ассефагийн тогтоосон (2:11:53) эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн рекордыг бараг л бүтэн хоёр минутаар ахиулсан төдийгүй 2 цаг 10 минутын дотор марафоны зайг туулсан анхны эмэгтэй гүйгч боллоо. Энэ жил 30 настай Чепнгетич нь 2019 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн алтан медальтай, дэлхийн аварга бөгөөд “Чикаго марафон”-д гурав дахиа түрүүлж (2021, 2022, 2024 онд) буй нь энэ юм.
Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”