К.Мбаппег хүчингийн хэрэгт холбосон мэдээллийн үнэн зөвийг тогтооно


Хэдхэн хоногийн өмнө хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн дуулиан дэгдсэн нь Францын шигшээ болон “Реал Мадрид”-ын довтлогч Килиан Мбаппег хүчингийн хэрэгт нэр холбогдсон тухай байв.

Энэ сарын 10-ны өдөр “Үндэстний лиг”-ийн Израил болон Францын шигшээ багуудын тоглолт болсон. Мбаппе гэмтлийн улмаас шигшээ багийнхаа тоглолтод оролцоогүй билээ. Тэгвэл түүнийг хэсэг нөхдийн хамт Шведийн нийслэл Стокгольмд наргиж цэнгэж явахдаа хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан.

Тухайн шөнө Стокгольм хотын Bank хэмээх зочид буудалд нэгэн эмэгтэй хүчиндүүлсэн хэрэг гарсан аж. Уг хэрэгт Мбаппег сэжиглэж, зарим хэвлэл мэдээлэл цацсан. Шведийн Прокурорын газраас хүчингийн хэрэг гарсан гэдгийг баталсан ч сэжигтний нэрийг мэдэгдэлдээ дурдаагүй өнгөрчээ.

Энэ шуугиан дэгдсэний дараа Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам хэвлэлийн бага хурал дээр “Энэ талаар олон хэвлэл мэдээлсэн байна. Одоо сөрөг уур амьсгал үүсээд байна. Би юу ч мэдэхгүй байгаа болохоор ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэжээ.

Харин дээрх шуугианы гол эзэн Мбаппе өөрийн олон нийтийн сүлжээгээр “Худал мэдээлэл. Яг шүүх хурлын өмнө тохиолдлын юм шиг ийм мэдээ цацагдаж байгаа нь ямар учиртайг таахад хялбар байна” гэжээ.

Тэрээр Францын Парис Сэн Жермей-ээс хэдэн сарын цалин, урамшууллаа авах ёстой хэмээн шүүхэд хандсан юм.

Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгч Шведийн хэвлэлүүдээр Мбаппег шөнийн цэнгээний газарт зочилж, зочид буудалд байрласны дараа “хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байна” гэж мэдээлсэн. Ямар ч тохиолдолд түүний нэр хүнд,  алдрыг үндэслэлгүйгээр доромжлон гутаахыг тэвчихгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллийн үнэн зөвийг тогтоохын тулд шаардлагатай бүх хуулийн арга хэмжээг авна” хэмээн мэдэгдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *