Улаанбаатар хотод 421 авто угаалгын төв үйл ажиллагаагаа явуулдаг


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дундаж авто угаалгын газар нэг автомашин угаахад 200 орчим литр цэвэр ус, сардаа 60 тонн орчим цэвэр ус ашиглаж байгаа гэсэн дүн гарчээ. Тиймээс цэвэр усны нөөцөө хайрлаж ирээдүйд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд саарал усны технологийг бодлогоор авто угаалгын газруудад нэвтрүүлэх шаардлага тулгараад байна.

Авто угаалгын газрын менежер:

Манай угаалга үйл ажиллагаа явуулаад 12 жил болж байна. Цэвэр усны зардал ковидоос хойш эрс нэмэгдсэн. Төрөөс дарамт их ирдэг. Саарал ус ашиглалтыг авто угаалгын газрынхан дэмжиж байгаа. Яагаад гэвэл бид цэвэр усыг хайрлах ёстой. Гэхдээ энэ хоёр талтай. Саарал усны төхөөрөмж бидний хэрэгцээг хангаж чадахгүй. Бүр шаардлага хангасан нь үнэтэй. Тэрийг бид авч дийлэхгүй.

Энэ авто угаалгын газрын хувьд саарал усны технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүсэлтэй байгаа ч хоёр том асуудал тулгарч байгааг хэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийт 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 ААНБ нь саарал усаа эргүүлэн ашиглаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс саарал усны технологи яагаад хэрэглээнд нэвтрэхгүй байгааг холбогдох албанаас тодрууллаа.     

Усны газрын дарга З.Батбаяр:

Ахуйн хэрэглээнээс  гарсан усыг дахин ашиглаж чадахгүй байгаа. Гурав дахь шугам гэж ярьдаг. Орон сууцны барилгыг барихдаа цэвэр бохир гэсэн хоёр шугам тавьсан бол одоо  гуравдугаарт нь саарал усны шугамыг тавих ёстой. Тийм учраас Усны газраас баримталж байгаа гол бодлого нь энэ шаардлагыг баримталж ажиллана.

Нийслэл хотын 1,5 сая хүн ам хоногт дунджаар 300 мянган метр куб усыг хэрэгцээнд ашиглаж байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь цэвэр усны нөөц багатай манай улсын хувьд асуудал дагуулж байна. Тиймээс саарал усыг ахуйн хэрэглээнд дахин ашиглах, гуравдагч шугам хоолойны асуудлыг бодлогын түвшинд яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *