Улсын төсвөөр баригдах 502 барилгын ажил 2009 оноос хойш, удааширч зогсжээ


АТГ-аас өчигдөр баригдахгүй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгтэй давхцан АТГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэгийг дүүргийн эмнэлгийн барилгын тендерээс мөнгө авч байх үед нь үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан талаар мэдээлсэн юм. Энэ үйл явдал давхацсан, хэлэлцүүлэг бол төлөвлөгдөн байсан энэ асуудлаас улбаалж хэлэлцүүлэг зохион байгуулаагүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2009 оноос эхэлсэн 502 барилга төсвөөс мөнгө авсан боловч ажил нь удааширсан, зарим нь бүрэн зогссон байна. Тендер шалгаруулалтын явцад албан тушаалтнууд хахууль авснаас шалтгаалан сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд баригддаггүй байж болох юм. Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үр дүнд дээрх 502 барилгын ажлыг нарийвчлан шалгахаар болж байна.

Улсын төсвөөс мөнгө аваад баригдаагүй барилгын тод жишээ бол Гренетологийн төвийн барилга юм. 2011 онд тус төвийг барьсан ч өнөөдөр ашиглалтад ороогүй. Ийн 12-15 жил гацсан барилгуудыг АТГ-аас шалгахад 70 гаруй хувь нь захиалагчийн буруугаас, 13 хувь нь зураг төслийн алдаа 6 хувь нь гүйцэтгэгч байгууллагын буруутай үйлдлээс хамааралтай гэж үзжээ. Мөн бүтээн байгуулалт хийх нэрийдлээр зураг төсөлгүй барилгад төсөв батлуулдаг, хэн нэгний хамаарал бүхий санхүүгийн чадамжгүй жижиг компанид ажил өгдөг, сумдад хямд төсвөөр сургууль ,цэцэрлэг, соёлын төв барьж өгнө гэж амлаж барилгыг гацаадаг гэх мэт зөрчил гаргадаг байна.

Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш хэлэхдээ, “Жил бүр зураггүй ажлууд орж ирээд 100 хувь санхүүжихгүйгээс үүдэн дуусахгүй барилгын ажил нэмэгдэж байна” гэлээ.

10 жилийн өмнө 800 саяар эхлүүлсэн барилга 1-3 тэрбум, 15 тэрбумын төсөвтэй барилга 40 тэрбумд хүрч улсын төсвөөс мөнгө хараад сууж байна. Одоогийн байдлаар зураггүй мөртөө улсын төсвөөс 680 орчим тэрбум төгрөг суулгуулсан 83 ажил байна. Эднийг барихын тулд улсын төсвөөс 2024 онд улсын төсөвт 240 тэрбумыг суулгажээ.

Иймд АТГ-аас дахин ийм асуудал гаргахгүйн тулд төслийн шатнаас нь шалгаж эхэлснээр 2022 онд 70 тэрбум 2023 онд 90.5 тэрбум төгрөг хэмнэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *