Монголд тамирчны цалингаар амьдрах хэр байдаг бол. Манайхаас бусад орнуудад тамирчид өөрийн дагнасан төрөлдөө бүрэн анхаарлаа хандуулж, бэлтгэл тэмцээн, амралт бэлтгэл тэмцээн гэсэн хуваарийн дагуу явдаг. Өөрөөр хэлбэл тэд зөвхөн спортоо нэгдүгээрт тавьдаг. Харин манай улсад энэ нь өөр байдаг. Монгол тамирчид ажлынхаа хажуугаар бэлтгэл, сургуулилтаа хийж тэмцээндээ оролцдог.
Буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн
Үндсэн цалин: 1.200.000
Гар дээр авдаг цалин: 900.000
Би сард 1.200.000 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнээс гар дээр 900.000 хавьцаа ирдэг. Анх 2019 онд 250.000 төгрөгийн цалин авдаг байлаа. Харин “Токио 2020” олимпын наадмын дараа тамирчдын цалин нэмэгдсэн. Миний хувьд ганц бие учраас хоол, унд, тог, бензин гээд таардаг. Гэр бүлтэй хүмүүст хүрэлцдэггүй байх. Гэхдээ сүүлийн үед амьдралд хүрэлцэхээ болиод байгаа.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Наранцэцэг
Үндсэн цалин: 1.200.000
Гар дээр авдаг цалин: 971.000
Үндэсний шигшээ багийн тамирчид гар дээрээ 971.000 мянган төгрөгийн цалин авдаг. Гадны тамирчдын тухайд хамгийн муу нь гэхэд 5000 долларын цалин авдаг. Авч байгаа цалин амьдралд хүрэлцдэггүй. Тамирчдад хамгийн хэцүү нь Спортын төв ордны зогсоолын асуудал. Угтаа бид тамирчид байж сард 150.000-170.000 төгрөг төлдөг. Энэ мөнгөө цалингаасаа өгдөг.
Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш
Үндсэн цалин: Өөрийн хүсэлтээр хэдэн төгрөгийн цалин авдгаа нууцлав
Гар дээр авдаг цалин:
Хөлбөмбөгийн дундаж тамирчдын цалин 1.000.000 төгрөг хавьцаа байдаг. Зарим нь сар бүр, зарим нь идэвхтэй бэлтгэл, тэмцээний үед л авдаг. Зарим нь сая төгрөгөөс их, зарим нь үүнээс бага авдаг гэсэн үг. Ерөнхийдөө дан тамирчны цалингаар амьдрахад хэцүү.
Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин (нэрээ нууцлахыг хүсэв)
Үндсэн цалин: 1.200.000
Гар дээр авдаг цалин: 966.000
Ганц бие болохоор яг таардаг. Заримдаа зээл төлбөл дутна. Гэр бүлтэй тамирчдын хувьд хүрэлцдэггүй байх. Зарим тамирчид давхар Зэвсэгт хүчинд ажиллаж цалин авч, амьдралаа авч явдаг.
Тэгвэл сагсанбөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй. Сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр Монгол Улс анх удаа олимпын наадамд оролцсон. Эмэгтэй, эрэгтэй шигшээ баг тив, Дэлхийд дээгүүр үнэлэгдэж, олон амжилт гаргасан. Дотоодод “Үндэсний дээд лиг” өрсөлдөөнтэй, шагналын сан өндөртэй, үзэгч ихтэй халуухан болж буй. Энэ хэрээр лигт өрсөлдөх багууд дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчтэй болж, тамирчдын цалин хөлс урамшуулал нэмэгдэж буй. Жил ирэх тусам тус спортын хөгжил нэмэгдэх байх.
Тухайлбал, 2024-2025 оны дээд лигийн улиралд “BCH Apes” баг ивээн тэтгэгчтэй болж нэрээ өөрчлөн, “SG Apes” болсон. Тэд Монголын бизнесийн салбарын тэргүүлэх “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тус багийн үүсгэн байгуулагч, багийн эзэн О.Мөнхжин Манай багийн энэ жилийн төсөв 1 тэрбум 850 сая төгрөг. Манай багийн дундаж тоглогчдын цалин 60-70 сая төгрөг. Сарын цалин бараг 10 сая гэсэн үг. Зөвхөн сагсаа тоглоод хангалттай сайхан амьдрах бүрэн боломжтой болсон” гэж онцолсон. Монголд спортуудын бусад төрлүүдээс сагсанбөмбөгийн тамирчид хамгийн өндөр цалин авч байгааг харж болно.
Харин манайхаас бусад гадны улс оронд тамирчдын цалин хөлс хамгийн багадаа 5000 доллароос эхэлдэг. Хамгийн өндөр цалинтай спорт сагсанбөмбөг. 2023 онд NBA-ийн дундаж цалин 10.5 доллар байдгийг “Forbes” сэтгүүл онцолсон. Тодруулбал нэг тоглогчийн дундаж цалин $4,347,600 буюу монгол мөнгөөр 15,216,600,000 төгрөг гэсэн үг.
Нийтлэлийнхээ эхэнд дурдсанчлан гадны улс орны тамирчдад өөр бусад асуудалд санаа зовох, ажлынхаа хажуугаар бэлтгэл хийх тухай ойлголт үгүй. Зөвхөн бэлтгэл, спортдоо төвлөрч ажилладаг. Ингэснийхээ хэрээр амжилт гаргах, тив дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг.
Харин Монголд эсрэгээрээ. Энэ эрэмбийн дараалал нь алдагдсан гэсэн үг. Ажил амьдрал бэлтгэл тэмцээн буюу ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж, тэмцээн, уралдаанд ордог. Бүх тамирчид ийм биш ч ерөнхийдөө ийм л жишгээр явдаг. Ийн бор зүрхээрээ явж байгаа тамирчдаас өндөр амжилт нэхэх, амжилт гаргаагүй хоосон ирвэл элэглэн дооглох, элдэвлэн гутаах нь энүүхэнд.
Бусад улс оронд тамирчид 100 хувь бэлтгэл рүү гээ анхаардаг нь тэдний цалин хөлс, хангамж амьдралд нь хүрэлцээтэй, ар гэр, хувийн амьдралдаа санаа зовохгүй нөхцөл бүрдсэн учраас зөвхөн спортдоо цагаа зарцуулж, тэр хэрээр өндөр амжилт гаргаж байгаа юм.
Манай тамирчдын цалин бусад улс орнуудын тамирчдын цалингийн дэргэд инээдэм. Тиймээс тамирчдынхаа цалин, хөлс урамшууллыг нэмэх, зөвхөн спортдоо төвлөрч тэмцээн, уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж өгөх нь зайлшгүй зөв болоод байна.
Их спортод тухайн тамирчны өгөгдөл, бэлтгэл,тууштай байдал чухал хэдий ч эдийн засгийн дэмжлэггүй бол мордохын хазгай болох нь бас л үнэн билээ.