Сонгууль өгч яваад осолдсон оюутнуудыг М.Насанбат даргатай холбоотой юу гэдгийг цагдаагаас шалгасан гэв


Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд Говь-Алтай аймагт саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Дэлгэр сумын нутагт автын осолд орж хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү ослын талаар нийгмийн сүлжээнд хоёр өөр байр суурь бүхий мэдээлэл тархаад байгаа юм. Эхлээд МАН-ын сонгуульд явсан оюутнууд амь алджээ гэж мэдээлэгдсэн. Дараа нь Тонхил сумын Засаг дарга М.Насанбатын холбоо бүхий оюутнууд амиа алдсан гэх мэдээлэл тархаад буй юм. Уг асуудлыг тодруулах зорилгоор Тонхил сумын иргэдээс ямар байр суурьтай байгааг асууж сураглалаа.

Тонхил сумын иргэн Б “Амьдралд дөнгөж хөл алхаж буй Их, дээд сургуулийн хайран сайхан оюутнууд авто ослоор амиа алдсанд нутаг орны бид бүхэн харамсалтай байна. Сонгууль өгч яваад осолдсон хоёр оюутны нэг нь манай сумын Алтансоёмбо багийн гаралтай хүүхэд. Бид аав ээж, ах дүүг нь сайн мэднэ. Үр хүүхдээ бага залуугаар нь алдсан эх, эцгийг харахад халгамаар байна. Талийгаач А-гийн аав Алтансоёмбо багийнх, сумынхаа төвд буудал, гуанз ажиллуулдаг, нутаг орондоо нэр хүндтэй сайхан хүн. Талийгаач хүү нь ШУТИС-ийн оюутан байсан. Аав, ээж нь одоогоор аль нэг нам, хувь хүнд гомдол гаргаагүй дуулдана лээ.

Харин талийгаачийн төрсөн ах нь анх цочир мэдээг аваад “Дүүг минь хэн дуудсан юм бэ” гэж орилж чарласан гэсэн. Төрсөн дүүгээ алдсан ах тэгж багтрахаас яах вэ. Ийм л харамсалтай юм боллоо. Нутгийн олны яриагаар бол оюутнууд аль нэг нам, хувь хүнийг дэмжих гэж ирсэн нь тодорхой биш байгаа. Осолдсон оюутнуудын нагац нар, ах дүүс нь орон нутагтаа нэр дэвшсэн тохиолдол бий. Тэгэхээр оюутнууд ах дүүсээ дэмжих гэж, сонгууль тааруулж нутаг орноо зорьж иржээ гэж бодогдож байна. Уулзсан хүмүүс ч тийм яриатай байна. Нийтийн сүлжээнд бичигдээд байгаа шиг аль нэг намыг дэмжиж ирээгүй. Ялангуяа манай сумын Засаг дарга М.Насанбаттай холбоогүй гэдгийг хүмүүс ярьж байна” гэв.

Тэгвэл Тонхил сумын иргэн Ж ийнхүү ярьсан юм. “Осолдсон хоёр хүүхдийн нэгнийх нь аав Дарви сумын хүн. Ээж нь манай сумын Зүйл багийн хүн. Хүмүүсийн яриагаар талийгаач хүү Анагаахын сургуулийн оюутан байсан юм уу даа. Тэр хүү машинаа барьж явсан гэх мэдээлэл байна. Олны шуугиад байгаа шиг архидан согтуурсан асуудал байхгүй гэсэн. Цагдаагийн газраас мэдээлэл өгсөн байх. Ер нь цагдаагийн байгууллага энэ асуудлыг онцгой анхаарч шалгаж байгаа юм билээ. Учир нь амь эрсэдсэн оюутнуудын ард улс төрийн асуудал яригдаад байгаа. Үүнд манай сумын иргэд, нутаг орны хүмүүсийн хувьд дургүй байна. Ялангуяа манай сумын Засаг дарга М.Насанбаттай оюутнуудын автын ослыг холбох гэж үзэж байгаа нь байж боломгүй зүйл. М.Насанбат дарга өмнөх дөрвөн жилд Тонхил сумаа удирдсан. Сумынхаа 100 жилийн ойг сайхан зохион байгуулсан. Ардчилсан намаас аймгийн ИТХ-д одоогоор гурван удаа сонгогдоод байна. Гэтэл ялагдсан намын хүмүүс, өрсөлдөөд унасан нэр дэвшигчид нь оюутнуудын ослыг улстөржүүлээд байна. Эдгээр оюутнууд М.Насанбат даргатай үнэхээр холбоотой байсан уу, түүний сонгуульд нөлөөлөхөөр ирсэн байсан уу гэдгийг цагдаагаас шалгасан гэсэн. Үндсэндээ оюутнуудын утас, дансны дугаарыг нь М.Насанбаттай холбоотой байна уу, мөнгө төгрөг өгсөн эсэхийг шалгаад тийм зүйл байхгүй гэсэн мэдээлэл гарсан тухай нутгийн иргэд ярьж байна. МАН-ын сонгуулийг удирдсан Б.Сүхбаатар гэж хүн манай суманд ирж уулзалт хийхдээ шууд л улайм цайм МАН ялбал би аймгийн дарга болно. МАН-ыг ялуулах хэрэгтэй байна. УИХ-ын даргын багт бид бүхэн байгаа. Тиймээс УИХ-ын даргын багийг ялуулах хэрэгтэй гэх зүйлийг иргэдэд тулгах байдлаар хэлсэн. Дараа нь иргэд Сүхбаатар гэж тэр хүний үгэнд илт дургүй байгаагаа ярьсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас аймгийнхаа ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа М.Насанбат гэж энэ хүнийг харлуулах ажлыг эсрэг намынх нь хүмүүс хийж байна. Хайран сайхан оюутнуудын алтан амиар улс төр хийж байгаад нутгийнхан харамсаж байна” гэв.

Ө.Манлай


2 responses to “Сонгууль өгч яваад осолдсон оюутнуудыг М.Насанбат даргатай холбоотой юу гэдгийг цагдаагаас шалгасан гэв”

  1. Уг Насанбат нь төлбөртэй яриа өгөө юу даа. Хүний амиар шоудаад дуусдаг болж. 😡

  2. бүхэл бүтэн хүнээ, хүүхдээ алдчаад насанбатыг өмөөрөөд бж байдаг ямар аймар юм бээ, АН-ыхан дуудсан гэдгийг нутгаараа, сумаараа ярьж хэлж бгаа ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *