“Аав зарна” хэмээх зар сошиал сүлжээг шууруулж олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, гайхшруулж байсан үе саяхан. Тэгвэл энэ зар OI энтертайметийн “Гайхамшигт ертөнц” киноны нэг хэсэг байсан гэдэг. Тус энтертаймент нь нэг үеийн 10 гаран залуучуудаас бүрдэх бөгөөд “No rules” ОАК-оор үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл энэ удаад донтолтын хор уршгийг нийтэд таниулах зорилгоор “Гуравдахь цохилт” уран бүтээлээ кино театруудын дэлгэцнээ толилуулаад буй. Тус кинонд мөрийтэй тоглоомонд донтож амьдралаа үгүй хийж буй Эрхэсийн дүрийг чадварлагаар бүтээсэн СТА, жүжигчин Т.Нямдоржтой ярилцлаа.
-OI энтертайментын шинэ уран бүтээлийн нийгэмд өгөх гэсэн “сигнал” их тод сонсогдож байна. Хамгийн сүүлийн уранбүтээлийнх нь талаар ярилцлагаа эхлэе…
-Бид байгуулагдсан цагаасаа бусдаас шинэлэг байхыг зорьсон. Тиймээс нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж сайн уран бүтээл хийхийг эрмэлздэг. Үүний нэг нь “Гуравдахь цохилт” кино байлаа. Олон төрлийн донтолт дундаас мөрийтэй тоглоомын донтолт илүү хор хөнөөлтэйг манай кино харуулж байгаа. Хэзээ ч хожихгүй зүйлдээ цаг хугацаа хөрөнгө мөнгөө зараад хамаг зүйлээ алдаад амьдралаа орвонгоор нь эргүүлээд байгаа залуусыг бид хажуугаас нь хараад сууж чадаагүй учир “Nomadia pictures”-ийн хамт олонтой ярилцаж энэ асуудлыг хөндөхөөр шийдсэн .
–Эргэлт буцалтгүй мөрийтэй тоглоомонд орсон Эрхэс гэх залуугийн дүрийг бүтээхийн тулд хэрхэн судалгаа хийв. Мэдээж мөрийтэй тоглож үзсэн биз. Ямар мэдрэмж үлдэв?
-Мөрийтэй тоглоомд донтсон хүнийг олж уулзахад хэцүү байгаагүй. Ойр тойронд байдаг таньдаг хүмүүс хүртэл мөрийтэй тоглоомд орчихсон их, бага хэмжээгээр алдаад үзчихсэн байгаа юм. Би бол ямар ч мөрийтэй тоглоом тоглодоггүй. Харин мэдрэхийн тулд хууль бус мөрийтэй тоглоомын газарт орж 100 мянган төгрөгөөр тоглож, алдаж үзлээ. Орчин нөхцөлийг нь судаллаа. Мөн цахим мөрийтэй тоглоом ч тоглосон. Тэд хожигдсон ч хожсон мэт ярьдаг. Өөртөө болон бусдад худал итгэл, үнэмшил төрүүлэхийн зэрэгцээ мөнгө хожно гэж итгээд тоглоод байдаг нь аймар мэдрэмж.
– Гуравдахь цохилт киног үзсэн хүмүүсээс ирж буй сэтгэгдлийг дурдаач. Хэрхэн хүлээн авч байна. Магадгүй энэ асуудалтай нүүр тулсан хүмүүст ихийг ухааруулсан, харамсал төрүүлж чадсан болов уу?
– Хүн бүр өөр өөрийн өнцгөөр дүгнэж байгаа. Үзэгчлийн “БНСУ-д ажиллаж байр авахаар цуглуулсан мөнгөө Монголд ирээд тоглоод дуусгачихсан. Одоо амьдрах газаргүй гудамжинд гарч байна” гэх хүн ч хандсан. Бас “Үнэхээр зүрх өвтгөсөн уран бүтээл байна” гэсэн нэгэн ч бий. Тэр дундаа багш нар их санаа зовж байна лээ. Учир нь Гадаад, дотоодод сурч буй оюутнууд сургалтын төлбөр гээд өгсөн аав ээжийнхээ мөнгийг мөрийтэй тоглоом тоглоод алдчих вий.Тиймээс сургамж аваасай.Оюутан, сурагчдад үзүүлэх юмсан” гэх байр суурийг хэлсэн.
-Жүжигчин О.Дөлгөөнтэй хэр сайн хоршиж ажиллав?
–Авьяастай, чадварлаг хүнтэй хоршиж тоглоход амар байлаа. О.Дөлгөөн, Эрхэмээ, Чука бид нар СУИС-д нэг ангид суралцаж байсан юм. Тиймээс ойлголцоход асуудалгүй.
-Яагаад “Гуравдахь цохилт” гэж нэрлэсэн юм бол?
– Кино маань хаалга гурав тогших чимээгээр дуусдаг. Энэ нь магадгүй танай хаалгыг тогшиж биш цохиж орж ирэх аюул ойрхон байна шүү гэх санаа.
-Гуравдахь цохилт киноны зураг авалтын процесс хэдий хэр хугацаанд үргэлжлэв. Хүнд хэцүү, сэтгэл зүйг хямраасан хэсгүүд байсан биз… Хэрхэн даван туулав?
-Үнэхээр шантарсан. Болих бодол хүртэл төрж байлаа. +52 градусын халуунд хүнд зураг авалтууд хийгдсэн. Зураг авалтын 95 хувь нь Хятадад 45 хоног үргэлжилсэн байдаг.
– OI энтертайнментынхны уран бүтээлийн санаа хэрхэн гардаг бол. Маркетингийн тал дээр содон байхыг эрмэлздэг юм шиг. Тухайлбал “Гайхамшигт ертөнц” киноны “Аав зарна” гэх хэсэг шуугиан тарьсан. Тухайн үед нийгмээс юуг олж харсан бэ?
-OI энтертайнмент 15 киног бүтээжээ. Тэгвэл тэдний дундаас маркетингаараа шуугиулсан нь “Гайхамшигт ертөнц”. “Аав зарна” гэдэг нь киноны нэг хэсэг юм. Хүмүүс ч олноор залгаж “Аав байгаа юу авъя?” Би аавыгаа алсдан оюутан юм аавыг чинь авч болох уу? Аавыг чинь лизингээр авъя? гээд хандсан. Үүнээс хойш миний хувьд нийгмийг харах өнцөг өөрчлөгдсөн. Бид байнга утаа түгжрэл гээд стрессддэг ч бидэнд Монгол хүний саруул ухаан, өгөөмөр нинжин сэтгэл байна
.“Аав зарна” гэх маркетинг хийснээр бид цагдаад 5 саяар торгуулсан. Төрийн “төмөр нүүр” бидэнд их хурдан үйлчилсэн.
–Өөрт чинь кинонд тоглох санал ирдэг биз. Зөвшөөрдөг үү эсвэл зөвхөн багийнхаа бүтээлд анхаарах уу?
-Кино зураг авалтууд ихэвчлэн дулааны улиралд үргэлжилдэг. Тиймээс энэ үед ч манай багийн уран бүтээлийн ажил буцалж байдаг. Ер нь надад өөр продакшн, энтертайнментаас кинонд тоглох санал олон ирдэг. Хэрэв давхцахгүйгээр байвал тоглож болох юм.
–Гуравдахь цохилт кино чиний тоглосон хэддэх уран бүтээл вэ… Чиний мөрөөдлийн дүр…
–Дэлгэр, Баяраа шиг мөнхөд дурсагдах дүрийг бүтээх юмсан гэж хүсдэг. “Гуравдахь цохилт” кино OI энтертайнментын 15,16 дахь кино. Миний хувьд 25 дахь уран бүтээл.
-Гэр бүлийнхэнд нь урлагийн хүн байдаг уу?
– Миний аав цагдаа. Битүүхэндээ намайг цагдаа болгохыг хүсдэг л байсан байх. Бага байхад турник дээр суниалгадаг байж билээ. Азтай нь, би айлын бага. Ёстой л эрх дураараа өссөн. Угаасаа жүжигчин болох хувь тавилантай байж гэж боддог. Яагаад гэвэл жүжигчин болохоос өмнө маш олон зүйл рүү халтирч орсон маш их саад бэрхшээл тулгарч байсан. Би Дорнод аймгийн авьяастнуудын 12-р сургуулийн төгссөн. Сурагч байхдаа Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн тоглолтод морин хуур тоглохоор уригдсанаар анх удаа хотод ирж билээ. Тэндээс л хотод үлдье гэж бодогдсон. Учир нь охид нь хөөрхөн бас хот нь их гоё юм гэх мэдрэмжийг авч байсан.
Тэгээд хотод үлдэхийн тулд Гандангийн “Хүслийн мод”-д залбирсан. Азаар аав, ээж зөвшөөрч Худалдаа үйлдвэрлэлийн анхны лицейд сургуульд элсэн орж хоёр жил оюутны амьдралаар амьдарсан.
Оюутан болоод эхний нэг жил хэрэг тариад аав, ээжийнхээ чихийг халууцуулсан. Тэгээд нэг хэсэг хичээлдээ явахгүй байж байгаад намар нь явж эхлэхэд ах яриад “Аав, ээжийнх нь бие тааруу байна. Хурдан ир” гээд. Би ч ангийнхандаа багшдаа “Хурдан яваад ирнэ” гээд тэр өдрөө Дорнод руу хөдлөөд шөнийн 4 цагт гэртээ очтол аав,ээж хувийн хэргийг маань барьчихсан угтсан. Гэнэтийн сюрприз байсан л даа. Тэгээд оюутны амьдралаас 10 жилийн сурагчийн ширээнд шилжсэн юм. Нэг удаа харшийн сүлд модны наадамд сурагч байхдаа аймгаасаа ганцаараа шалгаран оролцож байсан юм. Тэр үед Б.Отгонбат (Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат) багш надад жүжгийн дүрд тоглох боломж олгож, түүнээс улбаалж жүжигчин болох хүсэлтэй болсон доо. Аав ээж маань намайг хорьдоггүй байсны буянаар өнөөдөр өөрийгөө олон зүйлд туршиж хэрэг болсон болов уу.
– Жүжигчин болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан бол?
-Эдийн засагч байх байсан биз. Яагаад ч юм хувь тавилан минь намайг жүжигчин болох зам руу хөтөлсөн. Олон зүйлд өөрийгөө сорьдог дандаа л бүтэлгүйдэг байлаа. Харин урлагийн хүн болоход саад байгаагүй.
– “Эрдэс” хотын мөрдөгч Хангайн дүрд тоглоход ааваасаа туршлага судалсан биз…
-Тийм. Ер нь цагдаагийн дүр дээр ааваас туршлага судална. Надад жоохон дөр бий.
-Тэгэхээр OI энтертайнментын цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөс дурдвал болох уу. Эсвэл нууц хэвээр үлдээх үү?
-Бид уран бүтээлийн төлөвлөгөөг 2-3 жилээр гаргачихдаг. Манай найруулагч Р.Эрхэмбүрэн уран бүтээлийнхээ санааг гаргахад биднээс арай илүү. Гуравдахь цохилт кино энэ намрын “box officed” үзэлтээрээ тэргүүлж байгаа. Бидний 9 жилийн хичээл зүтгэлийн үр дүн гарсан. Биднийг хүлээдэг үзэгчдтэй болж чадсан нь бидний хувьд амжилт. Тэднээс урам зориг авч цаашид ч илүү сайн уран бүтээл хийхээр ажиллаж байна. Тиймээс дараагийн сюрприз байж болох уран бүтээлээ нууц хэвээр үлдээе.
-Ярилцсанд баярлалаа