Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хэд хэдэн зүйлийг бид энэхүү мөнгөний бодлоготойгоо зайлшгүй уях шаардлага байна. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн үндэсний тогтолцоог урт, тогтвортой байлгах тал дээр Монголбанк манлайлал үзүүлэн оролцох ёстой. Тус банкны ерөнхийлөгчийн хэлснээр бол Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах юм шиг ойлголтыг авсан. Хэрэв үнэн бол энэ буруу шүү. Жилдээ манай улсад 20 мянган айлын орон сууц борлогдож байгаа. Тиймээс бид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр зорилтот бүлэг рүүгээ уг зээлийг хандуулахад энэхүү мөнгөний бодлого гол үүрэгтэй гэдгийг хэлье.
Тэгэхээр 2025 онд баримтлах мөнгөний бодлого дээр чинь тусч байгаа ипотекийн зээлтэй холбоотой асуудал юу байна вэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-2019 онд Төв банкны тухай хуульд орсон өөрчлөлтөөр Монголбанкийг тухайлсан иргэн, аж ахуйн нэгж, салбарт зээл гаргах үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. Энэ утгаараа 2013 оноос хэрэгжүүлж байсан ипотекийн хөтөлбөрийг Монголбанкны хувьд эрх зүйн талаасаа хэрэг жүүлэх боломжгүй болсон. 2020 онд цар тахлын түр хууль гарч ирсэн. Уг хуулиар Монгол банкийг эргээд ипотекийн зээлээ олгоод яв гэдэг заал тыг оруулж ирсэн. Тиймээс ипо текийн зээлтэй холбоотой гоор Монголбанк үйл ажил ла гаанаас нь гарахгүй ээ. Цаашдаа энэ асуудалд Монгол банк анхаарч ажиллана. Хяналт шалгалтуудаа хийгээд явна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Ипотекийн зээлийн эргэн төлөлт дээр ард түмнээ бодсон эрх зүйн зохицуулалтыг Монголбанк санаачлаад хийчихэж болдоггүй юм уу. Эхлээд хүү нь төлөгддөг. Дараа нь үндсэн зээл нь төлөгдөж эхэлдэг. Хамгийн чухал нь зээлийн хүү буурах асуудал шүү дээ. Инфляци өндөр байсан ч зээлийн хүү өндөр байдаг. Инфляци буурсан ч зээлийн хүү өндөр байдаг. Өнөөдөр нуулгүй гэж хэлэхэд, танил талгүй л бол ипотекийн зээлийг ард түмэн олж авч чадахгүй л байгаа шүү. Ард түмний эрх ашгийг хангах ёстой байтал арилжааны банкуудын эрх ашгийг илүү хангаад яваад байх юм. Угтаа Монголбанкийг энэ асуудалд бодлоготойгоор идэвхтэй ажиллах болов уу гэж хардаг ч санасанд хүрэхгүй байна. Нөгөөтэйгүүр Булган аймгийн иргэд зээлээ тэглүүлэх асуудлыг тавьж байна. Зээл тэглэх эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Ипотекийн зээл банкны сектороор дамжаад хэрэгжиж байгаа. Бидний тавьж байгаа хяналт олон улсын дүрэм журмын хүрээнд л зохистой харилцаа гэдэг байдлаар явдаг. Түүнээс биш банк тус бүрд очоод танай бүтээгдэхүүн үйлчилгээ, хураамж шимтгэл ийм байх ёстой гэсэн шаардлага, хяналтыг тавих боломжгүй. Учир нь арилжааны банк гэдэг бол хувийн хэвшил. Зээл тэглэх асуудал дээр ямар нэгэн эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй. Монгол Улсын түүхэнд анх удаагаа тэтгэврийн зээлийг хууль гаргаж тэглэж байсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Мөнгөний бодлого дээр улстөрждөггүй юм. Энэ бол мэргэжлийн байх ёстой. Улстөржсөний гор нь яаж гарсан бэ гэдэг түүх бидэнд бий. 2016 онд Н.Баяртсайхан төв банкны ерөнхийлөгч байхдаа нэг тэрбум ам.долларын нөөц байсаар байтал тэрийг огт байхгүй, бүр АН идчихсэн мэтээр мэдэгдэл гаргасан. Үүнээс болоод нэг өдрийн дотор ам.долларын ханш 400 төгрөгөөр нэмэгдэж байсан шүү. Энэ үйлдлээс нь болоод ханш унагасан гэдэг шалтгаанаар миний бие Н.Баяртсайханыг хоёр ч удаа огцруулах УИХ-ын тогтоолыг өргөн барьж байсан. Тиймээс мөнгөний бодлого дээр мэргэжлийн байх ёстой. Өнөөгийн Монголбанкны удирдлагууд мэргэжлийн байгаа. Нөгөөтэйгүүр Монголбанк зээлийн хүүг багасгах асуудал дээр анхаарч ажиллаарай. Нэг зүйл хэлье. Та нар оны эцсээр валютын ханшийг өсгөж байгаад Монголбанк ашигтай гардаг. Дээрээс нь Сангийн яамтайгаа нийлж байгаад төсөв ашигтай гаргадаг ийм ажлаа энэ жил битгий хийгээрэй. Та бүхэн жил болгон энэ заваан юмаа хийдэг шүү.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Таны хэлсэн зээлийг хүүг буулгах саналтай бид санал нэг байгаа. Валютын нөөц хангалттай хэмжээнд байгаа учраас оны эцэс, эхэнд ялгаа байхгүй ханш тогтвортой байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Зээлийн хүүг бууруулахаас илүү хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилламаар байна. Нийт 1.8 сая иргэн, аж ахуйн нэгж банк бус санхүүгийн байгууллагаас 4.6 их наяд төгрөгийн зээлийг дунджаар сарын 3-4 хувийн хүүтэй авсан байна. Зээлийн хүртээмжээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахгүй бол жижиг, дунд бизнес эрхлэгчид банкнаас зээл авах ямар ч боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, жилийн 36-48 хувийн хүүгийн хооронд иргэд, ААН-нүүд бизнес эрхэлж байна. Хоёрдугаарт, хүүгийн татаас бүхий олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой байж магадгүй. Хүүгийн татаас гэдэг бол татвар төлөгчид энэ татаасыг төлдөг гэсэн үг. Зориулалтын дагуу ашигладаггүй байр, машин болдог олон төсөл хөтөлбөр байна. Хүүгийн татаасыг нь мөнгөний бодлогын хүүтэйгээ уямаар байна. Энэ нь эргээд хэрэглээний зээл болж, хэн нэгэнд давуу эрх олгодог, зээл нь олддоггүй авлига болдог асуудал дээр анхаармаар байна. Тухайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шалгуурыг нэмэгдүүлмээр байна. Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгчид нуруун дээрээ үүрч байна. Нэг бол бодлогын хүүтэй нь уялдуулдаг арил жааны банкууддаа шилжүүл. Цаашдаа зургаан хувиар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Засгийн газраас төв банк салж явах ёстой.
Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир:
-Иргэдийн орлого хангалттай хүрэлцэхгүй болохоор зээл авдаг. Зээл авахдаа банк бус санхүүгийн байгууллагын зээл нь 36-48 хувийн хүүтэй байдаг. Энэ нь эргээд өрхийн санхүүдээ дарамт учруулдаг нь бодит үнэн. Тиймээс Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл оруулж ирэхээр ажиллаж байна. Уг хуульд Солонгос, Япон зэрэг Азийн оронд тавьдаг хүүгийн дээд түвшинг барих замаар санхүүгийн дарамтуудыг бууруулах зохицуулалт хийх гэж байна. Бодлогын хүүтэй банкны хадгаламж болон бусад зээлийн хүүг уях гэхээр банк бус санхүүгийн байгууллагууд өндөр хүүтэй бонд гаргадаг. Тийм болохоор өндөр хүүтэй авсан эх үүсвэрээ өндөр хүүтэй гаргаж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн 90 орчим хувь нь Монголбанкнаас гаргаж байгаа мөнгөний бодлогоос хамааралтай байдаг. Гэтэл Монголбанк “Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг” ард түмний хүсэл өөр, мэргэжлийн байр суурь нь өөр дээр нь Засгийн газрын оролцооны дунд бие даасан бодлого явуулж чаддаггүй ийм байгууллага харагдаж байна. Улс төрийн нөлөө их байна. Ирэх оны төсөв хэт их тэлсэн учраас Монголбанкинд өөрийн мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх орон зай асар их хумигдсан ийм л нөхцөл байдалтай байна. Бие дааж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйгээр жил бүр мөнгөний бодолгоо оруулж ирдэг. Тухайлбал, ирэх онд төсвөөр дамжуулж эдийн засаг асар их тэлэх байхад Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан. Ямар утга учиртай шийдвэр вэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанк 2022 оноос эхлэн инфляцитай уялдуулан бодлогын хүүгээ өсгөсөн. Харин энэ оны эхнээс эхлээд инфляци буурч байгаа учраас бодлогын хүүгээ аажмаар сулруулаад явж байна. Оны эхэнд бодлогын хүү 13 хувь байсныг шат дараатай буулгаж одоо 10 хувь болгосон. Инфляци 6.7 хувьтай байна. Монгол Улсын сэргэж буй эдийн засаг дээр зээлийн хүүг бууруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа учраас хүүг бууруулсан. Нөгөө талдаа зээлийн өсөлт 30 гаруй хувьтай байгаа болохоор энэ өсөлтийг огцом тэлэх зорилго байгаагүй. Иймд заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн. Үүний хослол нь макро зохистой бодлогын хүрээнд явагдаж байна. Өнөөдөр хадгаламжийн хүү 11.5 хувь буюу бодлогын хүүнээс өндөр байгаа нь хадгаламжийн хүү буурах эхний дохио болж байна.
Э.Мөнхтүвшин