Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номыг уншаагүй хүн байхгүй гэхэд бараг хилсдэхгүй. “Гэм зэм” жүжгээрээ театрын урлагт шинэ өнгө төрхийг бий болгосон “Орфей” театр өнгөрсөн хавар “Амьдрахуй”-г жүжиг болгон тайзнаа тавина гэхэд олон нийтийн дунд их хүлээлт үүссэн. Энэ ч утгаараа уг жүжиг олны анхаарлын төвд байж сайн, муу олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр тоглож буй “Амьдрахуй” жүжгийн талаар жүжгийн Ерөнхий продюсер Т.Ариунчимэгтэй ярилцлаа.
- “Орфей” театр ээлжит уран бүтээлээрээ олны мэдэх Үй Хуа-ийн “Амьдрахуй” зохиолыг жүжиг болгон тайзнаа тавьж багагүй хугацаа өнгөрлөө. Яагаад “Амьдрахуй”-г сонгов?
Ямар зохиол сонгож тайзнаа тавих вэ гэдэгт маш их зүйл нөлөөлдөг. “Орфей” театрын онцлог юу байх вэ, урын сангийн бодлоготоо ямар уран бүтээлүүд тавих вэ, мэргэжлийн ур чадварын нөөц бололцоо гэсэн хэд хэдэн хүчин зүйл бий. Дэлхийд жүжгийн санаа, зохиолын шийдэл, агуулга хязгааргүй их буй. Тэдгээрээс аль болох сонгодог зохиол авахыг хичээдэг. Гэхдээ сонгодог гээд хуучин тавьсан зохиол авах уу эсвэл Монголд тавьж байгаагүй шинэ зохиол авах уу гэдэг чухал.
Тиймээс өнөөдрийн бидний нийгэм болон ирээдүйд болох агуулга, үзэл санааг дуугаръя, хийе, мэдрүүлье, ухааруулъя, ойлгуулъя гэж жүжгээ тавьдаг. Анх фаустыг (эмгэнэлт жүжиг) тавьж байсан найруулагчийн эр зориг манай театрын урын сангийн бодлогын чиг хараа руу зүг болж очсон гэж хэлж болно. Фаустыг хэн болгон тайлж уншиж чадахгүй хүнд зохиол.
- Тэгэхээр “Амьдрахуй” танай театрын урын сангийн бодлогод орчихсон байсан зохиол гэсэн үг үү? Зарим хүмүүс Хятадын зохиолыг сурталчлаад байна гэж шүүмжилсэн.
“Орфей” театр анх “Гэм зэм” жүжгээр үүд хаалгаа нээж байсан. Тухайн үед олон зохиолоос алийг нь сонгох вэ гэж бодсон. “Мастер Маргарита” ч яригдаж байлаа. Жүжгийн зохиол сонгоход дээр дурдсанчлан театрын урын сангийн бодлого, нийгмийн байдал, он цаг чухал. “Гэм зэм”-ийг тавих тухайн цаг үед Орос-Монголын найрамдалт харилцааны 100 жилийн ой болж байсан. Ингээд Дэлхийд ноёлдог мундаг зохиолчидтой Орос улсаас Федор Михайлович Достоевскиг онцолсон. “Гэм зэм” бол хүний мөнхийн нарийн сэдвийг хөндөж гаргасан зохиол. Уг зохиолын агуулга, үзэл санаа хувь хүнийг төлөвшүүлэхэд зайлшгүй байх ёстой зохиол байсан. Ингээд залуучуудаа, ирээдүйгээ бодож тавьж байсан.
Хятад-Монголын найрамдалт харилцааны 75 жилийн ойд хятад жүжиг авъя гэж зорьж, жилийн хугацаанд эрэл хайгуул хийсэн. Хүмүүс хөрөнгө оруулахаар уран бүтээл хийдэг гэж бодоод байх шиг байгаа юм. Үгүй л дээ. Энэ бол бүр алсын харааны ойрын хэдэн жилдээ харж буй хараа, одоо өнгөрсөн процессыг дүгнээд дуугарч байгаа хэрэг юм л даа. Угтаа яг үнэндээ бид Соёлын яамны төрийн бодлогоор хийх ёстой юмыг хийж байгаа.
Хятад улс бодлогынхоо хүрээнд зарим зүйлийг хорьдог учраас тэр болгон гоё жүжиг байхгүй, манайд орчуулж гаргасан ном, бүтээл ховор, түгээмэл хэдэн жүжиг байдгийг манайх аль хэдийн тоглочихсон. Нобелийн шагналтай зохиолчдыг судлахад олон улсад тавих зохиогчийн эрхийн зөвшөөрөл хэцүү зэргээр явсаар “Үй Хуа”-г сонгох болж таарсан.
Нийгэмд олон дахин давтагдаж тоглож болдог зохиолыг “Сонгодог” гээд байгаа шүү дээ. Хэзээ ч тавьсан болж байдаг. “Амьдрахуй”-г 2024 онд тавиад 2028 онд тавьж болохгүй гэсэн үг биш. Тухайн зохиолоос яг тэр цаг ахуйд санаа болон агуулга, зөрчил гарч ирж л байдаг. “Амьдрахуй”-г хүмүүс амархан, их борлуулагдсан болохоор энгийн гэж хараад байх шиг. Үгүй. “Амьдрахуй” бол маш гүн философийг агуулсан ном.
- Энэ номоор хийсэн кино байдаг гэж дуулсан. Би өөрөө үзээгүй л дээ.
Би өмнө нь Жа Имоугийн хийсэн “Амьдрахуй” киног үзсэн байсан. Үнэхээр гайхамшигтай. Яах вэ уран бүтээлч хүн учраас найруулагч, зохиолчийн юу хэлэх гээд байгаа цаад философийг ойлгосон. Хүмүүс зохиолын талыг нь оруулж, бусдыг нь хаячихсан байна гэж шүүмжилдэг. Надад энд тэнд шигтгэснээс биш бүгдийг нь базаж оруулсан санагдсан. Яах вэ жоохон зөөлрүүлснээс дуугарах юмаа дуугарсан. Гэхдээ энэ киног Хятадад хаасан шүү дээ.
Хэдий манай театр уг жүжгийг өөрсдөө тавьж байгаа ч гэсэн Монгол болон Хятад улстай харшлахгүй байх ёстой шүү дээ. Эндээс харах юм, үнэ цэн, ухаарах зүйл бий. Тэрнээс Хятад, Монголын талаар дуугараагүй.
- “Хүлцэхүй” гэж онцолсон байсан. Юуг хүлцэх юм бэ бид?
Фуй Гү их зовлон туулдаг шүү дээ.Маш их зовлон туулсан. Уран бүтээлчид бид зовлонг хэрхэн туулах, зовлонг туулдаг нэр томьёо байдаг юм уу, хүмүүс зовлонг юу гэж ойлгож байна, ер нь зовлонг яаж туулах ёстой юм гээд их гүнзгий ярилцсан.
Зохиол бүтээлээ үр өгөөжтэй, дахин давтаж болохоор мөн стратегийн түвшинд бүхий л юмыг харж, орчин үетэйгээ хөл нийлүүлж гаргахыг хичээсэн. Хятадыг дэмжээд байгаа зүйл биш шүү. Уучлаарай. Энэ яг үнэндээ Хятадын улс төрийг улаан цагаан шүүмжилж бичсэн зохиол шүү дээ. Үүнийг барьж аваад тайзнаа тавихад Хятадын элчин дургүйцээгүй. Би бодлогын айхавтар юмнууд байдаг болов уу гэсэн Монголдоо байгаа учраас нөлөөлөхгүй юм билээ. Магадгүй Хятадад байсан бол хорих байсан байх.
- “Амьдрахуй” жүжгээс үзэгчид юуг ойлгож гарах нь та нарын туйлын зорилго вэ?
Бид нарын хэлэх, дуугарах агуулгыг эргэцүүлээд, бодоод гараасай гэж хамгийн их хүсэж байгаа. Гэхдээ тэр агуулгыг ганц өгүүлбэрээр хариулахад хэцүү. Хүн болгон өөр өөр өнцгөөс харна. Зарим нь дотроо би Фуй Гү байна шүү дээ гэж харна. Зарим нь Жя Жэн, Фэн Шя гэж харна. Фэн Шя, Ван Ши, Ёу Чин-аас өөрт хамааралтай ямар ухаарлын цэгийг олж харав гэдэг л чухал юм. Эдгээр дүрүүд нийлээд “Амьдрахуй” гэж юу вэ гэдэг нэг юмыг дуугарч байгаа.
Энэ зохиолыг сонгохын өмнө судалгаа хийсэн. Судалгаагаар Азид амиа хорлож байгаа хүмүүсийн тоо маш их байсан. Тэр дундаа эрчүүд, өсвөр насныхан, өр ширэнд орсон, асуудлаас гарах гарцгүй болсон хүмүүс их амиа хорлодог. Тэгвэл амиа хорлох нь гарц мөн үү биш үү?
Бид “Амьд байх нь үнэ цэн” гэдгийг дуугарахын тулд жүжгийн маркетингаа Соёлын төв өргөөнөөс үсрэх гэж байгаа хүнээр хийх үү гэж хүртэл ярьж байсан. Амьдралын үнэ цэнийг ойлгочихсон хүнд бид нарын гурван цаг түгжрээд хэцүү байгаа нөлөөлөхгүй. Одоо надад амьдрал хэцүү байна. Чамд ч гэсэн, үзэгчид ч гэсэн ямар нэгэн байдлаар хэцүү байгаа. Хэцүү байгаа ч гэсэн бид тэмцэж, тэсэж, сайжруулах гэж хичээж буй. Бидний амьдралын өөдрөг үзэл бага багаар унтраад байгаа юм шиг. Өөлдөг шүүмжилдэг, гутардаг, сөрөг хандлагаар хардаг. Тэгвэл эерэг хандлагаар харж, амьд байхын үнэ цэнийг ойлгочихвол зовлонгийн дараа юу жаргалтай вэ гэдгийг ойлгож ухаармаар байгаа юм.
- Үзэгчдээс их шүүмжлэл, сэтгэгдлүүд, талархлууд ч ирж байгаа. Хэрхэн хүлээн авч байна вэ?
Алдаагаа харахын тулд үзэгчдийн зарим сэтгэгдэл, шүүмжлэлийг харж байгаа. Алдаатай ч юм бий. Гэхдээ үзэгчид хэтэрхий наагуур сэтгээд зохиолын гүн агуулгыг ойлгохгүй байна. Амиа хорлох гэсэн үйлдэл хүртэл хэцүү байсан зүйлийг даваад гарчихвал бид нар амьдралыг өөрөөр харна. Дээр хэлсэнчлэн “Хятад орныг хүлц” гэж байгаа юм биш. Зовлонг даван туулах, амиа хорлохгүй байхыг хүлцээч гэж байгаа юм.
“Амьдрахуй” жүжиг 1,2 тэрбум төгрөгөөр бүтсэн гэсэн шүү дээ. Төсвөө хэрхэн яаж хаанаас бүрдүүлсэн юм бол?
Төсөв бүрдүүлнэ гэдэг толгойны өвчин. Гэхдээ энэ асуудалд зөвхөн продюсер биш найруулагч дотоод багийнхан анхаарлаа хандуулдаг. Жүжиг дан 100 хувь өөрөө бүтнэ гэж байхгүй л дээ. Ивээн тэтгэлгээр, хөрөнгө оруулалтаар, зээлээр мөн тасалбарын орлого нэмэгдсэнээр төсөв бүрдэж байгаа юм.
- Жүжгийн эхний өдөр техникийн саатал гарсанд үзэгчид ам муутай байх шиг байсан.
Жүжгийн нээлтийн анхны өдөр микрофоны асуудал гарсан. Үүн дээр маш их сэтгэл эмзэглэсэн. Бэлтгэлийн үеэр ямар ч асуудал гараагүй хэр нь яг жүжгийн үеэр 1-2 микрофон ажиллаагүй. Сэтгэлээр их уначихдаг юм билээ. Яаж бэлдлээ дээ. Тамирчид олимпын наадамд орохдоо хамгийн дээд амжилтаа үзүүлнэ гэж ордог шүү дээ. Тэр амжилтдаа хүрэхгүй бол ямар мэдрэмж мэдэрдэг билээ.. Гэхдээ хүнээс үл хамаарах техникийн асуудал хэцүү. Долгион булаацалдахаас эхлээд төвөгтэй. Бусдаар хийх ёстой юмаа бид нар бэлдсэн, бүх юмаа үзүүлсэн. Үүн дээр нүүр бардам байсан.
- Хүмүүс киног нь ч үзээд, номыг нь ч уншаад уйлсан гэдэг. Миний хувьд бас уйлсан. Уйлах гэж байхад өөр үзэгдэл явчихлаа, уйлуулсангүй гэж зарим иргэд бичсэн байхыг уншсан л даа. Жүжиг яг тухайн ном шиг уйлуулах ёстой юм уу?
Манай театр жүжиг болгондоо өвөрмөц зүйл хийдэг. Энэ удаад яагаад ч юм алчуур өгмөөр санагдаад, би албаар нэг алчуур хийсэн юм. Уйлбал гараараа биш алчуураар арчиг гэж бодоод үүнийг хийсэн. Гэхдээ заавал уйл гэж үүнийг өгөөгүй. Манайхан нэг удаагийн хэрэгсэл их хэрэглэдэг болсон. Яагаад хааяа ч гэсэн даавуун алчуур хэрэглэж болохгүй гэж. Ийн бодож алчуур бэлдсэн.
Уйлах гэдэг мэдрэмжийн асуудал. Уйлсан хүмүүс зөндөө бий. Би бүр эрэгтэй хүнийг ихэр татан уйлдгийг мэдээгүй. Гэхдээ уйлах бол мэдрэмж. Агуулгыг мэдэрсэн байхад магадгүй тэр хүн дараа нь уйлж ч болно байх. Гэхдээ заавал уйл гэж байгаа юм биш. Хэзээ хойно ухааруулахыг ч үгүйсгэхгүй.
- Жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийсэн бэ?
Уг жүжгийн төсөл тавдугаар сард эхлэхэд дүрийн сонгон шалгаруулалт наймдугаар сарын 01 хүртэл явсан. Энэ хугацаанд Фуй Гү-д гурван хүн, Жя Жэнд мөн гурван хүн шалгуулсан. Ер нь театрын бүтээл өөрөө амьтай. Кино ч гэсэн амьтай байх гэж би боддог юм. Тийм нэг сүнстэй гэх юм уу. Тухайн дүрд тоглох ёстой хүн нь тоглодог. Тоглохгүй хүн нь яагаад ч тоглодоггүй юм шиг сонин.
Гол дүр маш хэцүү дүр байсан.
Гол дүр маш хэцүү дүр байсан. Уг дүрийг хэн гаргаж, хэн энэ олон үхлийг мэдэрч, ойлгож, гуч гаруй өдөр тайзнаа өдөр болгон шинээр мэдэрч, яг л одоо амьдарч байгаа юм шиг үнэлж чадах юм бэ гэж өндөр мэргэжлийн ур чадвартай жүжигчид байх ёстой гэсэн шалгуур тавьж, дүрийн шалгуурт нь тааруулж жүжигчдээ сонгосон. Энэ Жя Жэн гэдэг агуу эмэгтэйг хэн бүтээж чадах юм бэ гэж. Д.Ганцэцэг эгч бол гал цогтой бадрангуй шүү дээ.
Харин Жя Жэн их дотогшоо, зөөлөн мөртлөө хүчтэй дүр. Жүжигчин хүн өөрөөсөө өөр дүр лүү хувирч чадаж байвал сайн жүжигчин. Жүжигчдийг цэвэр ур чадвараар нь сонгосон. Мөн залуу дүрүүддээ шинэ жүжигчдийг гаргаж ирсэн. Мөнгөнтулга, Мөнхтөмөр гээд хоёр жүжигчид орж ирсэн. Үзэгчид өөр дүр төрх байна хэмээн хүлээн авсан байх. Фен Шягийн дүрд гэхэд таван охин өрсөлдсөн шүү дээ. Тэндээс шалгарсан байх жишээний. Дүрүүдэд нарийн хандсан.
Би Батаа ахыг Монголын Фуй Гү мөн гэж хэлнэ
- Жүжгийн Ерөнхий продюсер хүний хувьд жүжигчин Батааг дүрээ хэр амилуулж байна гэж дүгнэж байна вэ?
Фуй Гү-ийн дүрд Батаа ахын тэр нэг дотоод ертөнц яг мөн байхаар. Бид гол дүр гэхээр л Жеймс Бонд шиг төсөөлдөг. Гэвч дүр бүр өөр. Фуй Гү тэр олон үхэл, хагацлыг туулахад түүнийг маш тэвчээртэй, хүчтэй хүн байсан байх гэж бодоод байгаа юм. Үгүй байх. Дүрийн мөн чанарыг харахаар өөдрөг, гэгээн алдаж онодог хүн байсан байх. Тэрнээс ямар ч алдаа хийдэггүй хүн биш. Хэрвээ тийм хүн байсан бол алдаа хийсэндээ өөрийгөө уучлахгүй эсвэл өөр хүн алах гэж байгаад өөрөө алуулах байсан байх.
Баян айлын дураараа хүүхэд байсан, мөрийтэй тоглоом тоглоод амьдралаа алдсан. Ингээд амиа хорлох гэж байсан. Гэхдээ амиа хорлохгүйгээр дараагийн амьдралаа туулж чаддаг. Зовлон бэрхшээл туулах болгондоо ухаажиж явж байгаа шүү дээ. 20 гаруй наснаас эхлээд 40 гаруй жилийн амьдралыг туулж байгаа эр хүн. Тэгэхээр тухайн дүрийг дунд насны хүмүүс л хийж чадна. Найруулагч маань яг Батаа ахыг хэлсэн. Үнэхээр мөн байсан. Дүр болгон амьтай сүнстэй гэдэг шиг Батаа ах л тоглох байсан.
Би Батаа ахыг Монголын Фуй Гү мөн гэж хэлнэ.
- Таны хувьд жүжигчин хүн. Чухам яагаад продюсероор ажиллах болсон болсон бэ?
Би өөрөө жүжигт тоглох, дүр бүтээх тун хүсэлтэй. Гэхдээ театрын урлагт миний арай өөр тал хэрэг болоод байна шүү дээ. Тэр талаасаа чадах, хийж бүтээх болох юу байна түүгээрээ ажиллаж байна. Яах вэ хааяа миний жүжигчний карьер алдагдаж байх вий гэж хальт бодогддог юм. Тэрнээс хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг.
- Зарим хүмүүс продюсер гэж яг юу хийдэг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй?
Продюсер хүн гэдэг болж байгаа бүх процессын асуудалд хамтдаа байгаа хүн шүү дээ. Продюсер хүн зохиол, найруулгад оролцдоггүй гээд байдаг. Үгүй ээ. Бүгдэд нь оролцож байгаа шүү дээ. Мэргэжлийн хүн ажлаа хийж байгаа. Гэхдээ зөв буруу гэж чиглүүлж, залж, шүүмжлэх үедээ шүүмжилж ажилладаг. Нөгөө талаас санхүү эдийн засгийн асуудлыг хариуцдаг. Энэ төслийг амжилттай болгохын тулд юу хийх, хүн үзэх үү үгүй юу гэдэг судалгааг хийнэ.