Цас орж, цаг агаар хүйтрэхэд мөргөлдөх шүргэлдэх ослын тоо, дуудлага мэдээлэл 3 дахин нэмэгддэг байна. Тэгвэл өнгөрөгч Ням гараг буюу 10-р сарын 19, 20-нд үргэлжлэн орсон цасны улмаар Нийслэлийн автозамуудад халтиргаа үүсэхийн хэрээр өгсүүр хэсэгт автомашины хөдөлгөөн удааширч ачаалал нэмэгдсэн талаар Тээврийн цагдаагаас албанаас мэдээлсэн. Тухайлбал энэ ням гарагт зам тээврийн ослын 750 гаруй дуудлага бүртгэгдсэн бөгөөд 2000 автомашин мөргөлдөж, осолджээ. Ослын 20 орчим хувь нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй аж. Иймд нийт жолооч нарыг зуны дугуйгаа сольж хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж зорчихыг анхаарууллаа.
Автозам мөстсөн энэ үед хөдөө орон нутгийн замд гарсан томоохон ослыг дурдахад,
Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн “Овоотын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 18 км замыг туулан 15:48 цагт очиход Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Premio” загварын 4 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/88 настай, эрэгтэй/ автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгсөн. “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлжээ.