Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Үүний хүрээнд “Тэнүүн-Огоо” компани БНСУ-ын “Zyle Daewoo Bus” компанитай гэрээлж Монгол Улсад 600 автобус экспортлохоор болсон. Тэдний нийлүүлж буй автобуснаас “согог” илэрсэн тул хуучин машиныг шинэ хэмээн хууран мэхэлж худалдсан хэрэгт хардагдаж дуулиан тарьсан. “Zyle Daewoo Bus” корпорацаас Монгол Улсын иргэд, Ерөнхий сайд, Засгийн газраас уучлалт гуйж ч байсан удаатай.
Тухайн үед буюу 2023 оны есдүгээр сард эхний ээлжийн 100 автобус Улаанбаатарт ирсэн. Гэтэл зарим автобусны будаг нь ховхорч, зэвэрсэн, дээр нь төмөр хавтан гагнасан зэрэг зөрчил илэрсэн юм. Улмаар тус тээврийн хэрэгслийн дугаарыг нь шалгахад ч үйлдвэрлэсэн он нь “1993 он” болох нь ч тогтоогдсон байна.
А.Ганхуяг: Бидний оруулж ирсэн “Ногоон автобус” одоо ч Сөүлд үйлчилгээнд явж байна
Тэгвэл өнөөдөр”Тэнүүн-Огоо” компанийн захирал А. Ганхуяг тайлбар хийхдээ, “Ногоон автобус хуучин биш 2023 онд үйлдвэрлэгдсэн болох нь тотгтоогдсон. Одоо Сөүлд ч энэ автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл хүмүүсийг хуурч улсыг хохироосон гэж үзээд бидний 134 тэрбумаар үнэлэгдэх авто баазын цогцолборыг 76 тэрбум төгрөгөөр үнэлж улсад авсан. Ногоон автобус бол хоёр компанийн асуудал. Гэтэл улс төржүүлж байгаад харамсаж байна. Бид энэ хэрэг шүүхээр эцэслэгдсэний дараа БНСУ-ын “Zyle Daewoo Bus” компаниас 76 тэрбум төгрөгийг нэхэмжлэх болно. Одоо энэ баазад 100 ширхэг ногоон автобус байна.
Манайх хуучин капитал засвартай автобус оруулж ирээгүй. Бүгд шинэ. Гэхдээ гэрэл болон ганц хоёр асуудлаас үүдэн оношилгоонд тэнцээгүй. Хэрэв эдгээрийг нь засварлаад тэнцчихвэл үйлчилгээнд гаргамаар байна гэх саналыг Нийтийн тээврийн газарт явуулсан.
Оношилгоонд оруулсны дараа нийтийн тээврийн байцаагч нар дүгнэлтээ гаргаж үйлчилгээнд гаргах эсэхээ эцэслэх байх” гэлээ.
Ногоон автобусны гэх тодотголтой энэхүү хэрэгт А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм.