Монголын Жүдо бөхийн холбооноос “Дэлхийн жүдо бөхийн өдөр”-т зориулж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Энэ тэмцээнд Олимп, Дэлхийн аваргын медальт болон Гранд Слам Гран При тэмцээнүүдийн медальт тамирчид бүгд оролцохоос гадна 16-аас дээш насны өсвөр, залуучууд оролцож ширүүн өрсөлдөөн үзүүлэхээр болсон байна. Уг тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх сард болох “ТОП 6” тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхий даяар “Олон улсын жүдо бөх”-ийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл Олон Улсын Жүдо бөхийн холбооноос энэ жилийн өдрийг “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриаг дэвшүүлэн тэмдэглэхээр болжээ.