“Он удаан жил амьдрахаар олон хүний амьдрал, үхлийн гэрч болж харин өөрийнхөө амьдралыг гэрчлэх хүнгүй болчихдог юм байна. Чи бол миний цорын ганц гэрч” гэж МУГЖ Д.Баттөмөр хэлж буйгаар “Амьдрахуй” жүжиг эхэлдэг. Хошин урлагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд буудаг жүжигчин Батаа “Трио” киноны Жамын дүрээр өөрийнхөө шинэ төрхийг үзэгчдэд нээж, хэр зангарагатай жүжигчин гэдгээ харуулсан. Тэгвэл тэрээр “Амьдрахуй” жүжгийн Фу Гүй-ийн дүрийг амилуулж, өөрийгөө драмын урлагт байх ёстой жүжигчин гэдгээ батлаад авлаа.
Фу Гүй бол залуу идэр насандаа жаргалдаа ташуурч, зугаа цэнгэлд татагдан эд хөрөнгөө үйрүүлж дуусгаснаар гэр бүлээ, эргэн тойронд буй бүх хүнээ алдаж эцэст нь ганцаараа үлдэж буй эр хүн юм. Фу Гүй аавынхаа “зооринд байгаа алт эрдэнэсийг өөрийн биеэр хүргэж өг” гэсэн сүүлийн захиасыг биелүүлэхдээ амьдралыг ухаардаг. Ээлжит ярилцлагадаа МУГЖ Д.Баттөмөрийг урин ярилцлаа.
- “Амьдрахуй” жүжгийг тайзнаа тоглоод бууж ирлээ. Таныг хошин дүрээр л мэддэг. Сая тэс өөр дүрээр харлаа. Хувийн зүгээс танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач. Фу Гүй-ийн дүрд хэрхэн ажиллахаар болсон бэ?
Танай сайтын хамт олон болон уншигч түмэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Үндэсний их баяр наадмын дараахан “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг болон найруулагч М.Батболд нартай уулзсан. Өмнө нь надад хоёр удаа манай жүжигт тоглож өгөөч гэсэн санал тавьсан байсан. Би тэр үед “Трио” киногоороо олон улсын кино наадмуудаар явж байсан болохоор “Тоглох боломжгүй” гээд татгалзсан. Харин гурав дахь удаагаа татгалзахын аргагүй санал тавьсан.
Хятадын сонгодог зохиол дэлхийд нэлээн алдартай “Үй Хуа”-гийн “Амьдрахуй” номыг уншаагүй хүн цөөхөн л үлдсэн байх.
Би энэ номыг уншсан байсан. Фу Гүй-ийн дүр маш сонирхолтой санагдсан. Миний хувьд эмгэнэлт, том зохиолын гол дүр дээр яагаад намайг тоглуулах гэж байна вэ? Би Фу Гүй мөн үү. Театрт олон жил тоглосон өөр жүжигчид тоглож болохгүй юу. Би хошин урлагийн инээдмийн жанраар маш олон жил уран бүтээл хийж буй. Дээрээс нь би жин ихтэй байна гэж найруулагчдаа хэлсэн юм. Харин найруулагч маань та яг Фу Гүй мөн. Би таныг 2006 онд Ц.Балдорж гуайн зохиол “Хориотой жүжиг”-ийн гол дүр Дэмбээ гэх залуугийн дүрд, дараа нь Цао Юү-ийн “Аянгын бороо”жүжгийн Лү Да Хай-д тоглож байхыг харсан. Та яг драм суурьтай, аль ч тал руу тоглодог жүжигчин.
“Трио” кинон дээр дауны синдромтой хүүхдийн залуугийн дүрийг яаж бүтээсэн билээ. Та яг мөн, би танд итгэж байна. Нэг л юман дээр санаа зовж байгаа нь яаж жингээ хасах вэ гэдэг байсан. Ингээд намайг Фу Гүй мөн үү гэдэгтээ бат итгэлтэй болсны дараа надтай уулзаарай гэхэд яг сарын дараа зохиолоо явуулж миний жүжгийн Фу Гүй та яг мөн. Танаас өөр Фу Гүй-д тоглох хүн байхгүй гэсэн юм. Ингээд наймдугаар сарын 20-ноос эхлээд жүжгийн сургуулилт руу орсон. Би Фу Гүй-ийн дүрийг бүтээхийн тулд 40 хоногийн дотор 20 кг хассан. Одоо бараг нийт 25 кг хасаж байх шиг байна. Ингээд энэ тайзан дээр туранхай Батаа Фу Гүй-ийн дүрд тоглож байна.
- Эмгэнэлт драмын жүжигт Батаа тоглоно гэхээр үзэгчид янз бүрээр хүлээн авсан. Хошин урлагийн жүжигчин яаж эмгэнэлт жүжигт тоглох вэ гээд л…
Хошин урлагийн жүжигчин эмгэнэлт драмын жүжгийн гол дүрд тоглоно гэхээр зөв үү. Хятадын их өлсгөлөнгийн үед ийм махлаг тариачин хүн байсан уу гээд жүжгийн эхний өдөр хүмүүсийн дунд сонирхолтой сэдэв, ярианд оруулахын тулд хар PR байсан. Гэхдээ өнөөдөр тайзан дээр Батаа “Фу Гүй”-ийн дүрд тоглож байна.
Ойрын хэдэн жил тайзан дээр гараагүй. Харин өнөөдөр тэсрэлт хийгээд жүжгийн гол дүрд тоглож байна. Найруулагч, зураач хамт тоглож байгаа туршлагатай уран бүтээлчид хамтрагчтайгаа маш сайн ярилцсаны үр дүнд жүжиг маань их гоё босож ирж байна. Танхим дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн халуун алга ташилтын дор жүжгээ тоглож байгаад их баяртай байна.
- Таны хэлсэнчлэн Батаа ийн тэсрэлт хийж эмгэнэлт драмын жүжгээр тайзан дээр гарч ирэхэд үзэгчид өмнөх дүрүүдээс тэс өөрөөр харж, хүлээн авлаа. Фу Гүй-г амилуулахад хэр байв?
Фу Гүй-ийн онцлог байна л даа. Эргэн тойрныхон нь бүгд үхэхэд ганцаархнаа үлддэг. Өчигдөрхөн найруулагчтайгаа ярьж байлаа. Фу Гүй их гэгээлэг, эмоциональный, их тэнхээтэй хүн юм. Халуун, дулаахан. Ийм хүнд жүжгийн гол дүрд ийм хөнгөн, сэтгэлгээний жүжигчин тоглож гэмээн бүтэн гурван цаг үзэгчээ алдахгүй барьж явна. Тиймээс таны дотоод сэтгэлгээний хүч Фу Гүй хоёр төстэй болохоор таныг сонгосон гэж М.Батболд найруулагч маань хэлсэн. Фу Гүй-ийн дүрд зөндөө олон жүжигчин тоглоё гэж санал тавьж байсан юм билээ. Тэгэхэд би Д.Баттөмөр жүжигчнээр Фу Гүй-г гаргана гэдгээ хэлж байлаа. Гайхалтай чадвартай жүжигчидтэй нүд нүдээ харалцаж, амьсгалаа сонсож, “Амьдрахуй” жүжигт амьдарч байгаадаа гоё байна.
- Та Фу Гүй-г ямар хүн байсан гэж дүгнэж байна вэ?
Фуй Гү Батаа шиг л хүн байсан байх. Харин Батаад Фу Гүй шиг амьдралын олон нугачаа хараахан бурхны ивээлээр байхгүй байна. Гэхдээ сэтгэлгээний хувьд Батаа Фу Гүй хоёр адилхан хүмүүс байсан байх гэж бодож “Үй Хуа” гуай зохиолоо бичсэн байна. Бараг надад зориулаад бичсэн юм шиг.
- “Амьдрахуй” жүжгийн тайзны шийдэл, найруулга маш өвөрмөц байлаа. Та анх энэ жүжгийн гол дүрийг бүтээхээр болохдоо тоглох тайзаа хэрхэн төсөөлсөн бэ?
М.Батболд найруулагчийн найруулга өвөрмөц содон шийдэлтэй. Миний хувьд анх энэ жүжгийн тайзыг “Х-Түц” продакшны бүтээл “Аянгын бороо” “Сэрүүн хасын нууц” жүжгүүдийн тайз, декрацтай, баян айлын цамхаг, Хятадын улаан дэнлүүтэй байх болов уу гэж бодож байсан чинь тэс өөр байсан. М.Батболд найруулагч миний найруулга арай өөр гэж онцолж байсан. Яг л тийм байсан. Минимал атлаа тайзан дээр буй бөмбөлөг, дөрвөлжин подставк, толь зэрэг нь асар гүн утга агуулгатай. Үүнээс гадна жүжигчдийн тайзны хөдөлгөөн нь хүртэл геометрийн дүрс шиг үйлдэл, тавилттай. Энэ бол үнэхээр сонин шийдэл.
- Өдөр бүр Фу Гүй-ийн дүрийг амилуулж байна. Ингэхдээ өдөр бүр тэр олон үхэл, хагацлыг шинээр мэдэрч байгаа байх. Хэцүү байдаг уу?
Бидний ажил юм даа. Тайзан дээр тоглохын тулд олон сар өдөр шөнөгүй сургуулилт, бэлтгэл хийсэн. Үүнийхээ дүнг үзэгчдээр тавиулаад сууж байна. Өдөр бүр шинэ Фу Гүй байдаг.
Эхнэр Жя Женаа, Ёучин хүүгээ, Фэнь Шя охиноо шинээр хардаг. Шинээр итгэж, дурлаж, зохиол руу гаа хөтлөгдөж ингэж л орж тоглож байна.
- Үхэх амархан. Амьдрах хэцүү гэж та хэлдэг. Амьдрахын үнэ цэн гэж юу юм бэ?
Амархан замаар мөнгөтэй болох гэж казино, мөрийтэй тоглоом, койн зэрэгт мөнгөө алдаад, амьдралаа сүйрүүлж, гэр бүлээсээ салж, амьдралд нухлагдаад эцэст нь амиа егүүтгэж байгаа хүн их байна. Хайр дурлал, янз бүрийн асуудлаас ч болдог. Фу Гүй яг ингэх гэж л хот хүрээ явсан. Тэгээд эд хөрөнгө, бүх юмаа алдсаныхаа дараа худаг дээр очиж амиа хорлох гэдэг шүү дээ. Харин худгийн тусгалаас өөрийгөө олж хараад, амьдралын үнэ цэнийг ойлгоод амиа хорлохоо больдог. Амьдрал “Фу Гүй”-д тийм их үнэ цэнтэй байна. Тиймээс манай жүжгийг үзэж байгаа үзэгчид амьдралын мөн чанар, үнэ цэн, хорвоод ирсэн, мэндэлсэн утга учраа үгүй хийж болохгүй. Амьдрах сайхан гэдгийг ухаарна. Өдөр болгон нулимстай, уянгатай, ухаарал, бодролтой үзэж байгаа хүмүүс олон байна. Залуучууд, өсвөр насныхан маань их ирж үзээсэй гэж хүсэж байна.
- Танай хувьд тайзан дээр гарахын өмнө өөрийгөө хэрхэн яаж бэлддэг вэ. Тайзны арын дүр зураг ямархуу байдаг вэ?
Жүжиг 19:00 цагаас эхэлдэг учраас дөрвөн цагийн өмнө буюу 15:00 цагт ирдэг. Ирээд өрөөн дотроо ганцаараа унтаад эсвэл кофе уугаад төвлөрдөг. Ингээд хувцсаа солиод будгаа хийгээд гардаг. Манай “Х-Түц” продакшны нэг гоё юм байдаг. Жүжгээ тоглож байх хугацаанд тайзны ард хөхрөлдөж, маазарч бөөгнөрч суудаггүй. Харин энэ тэнд нэг, нэг булан олоод авчихдаг. Тэндээ жүжгээ дуустал бясалгаад сууж байдаг. Тэр хүмүүжил надад байна.
“Амьдрахуй” жүжгээ тоглож байхдаа нэг булан олоод дараагийн үзэгдлээ бодоод, үгнүүдээ бясалгаад сууж байдаг. Үүнийг “Хориотой жүжиг”-т тоглож байсан Ардын жүжигчин Г.Мягмарнаран ах, “Аянгын бороо” жүжигт тоглож байсан Төрийн соёрхолт Д.Төмөрбаатар ах мэддэг болохоор залуучуудаа та нар нэг, нэг булан олоод ав тэгээд та нар тэндээ хэнтэй ч битгий ярь, утсаа битгий оролд, зөвхөн жүжигтээ төвлөр гэж зөвлөдөг.
- Таны дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ?
“Трио” киногоо хийснээс хойш нэлээн олон жил боллоо. Кино маань таван тивийн 17 улсаас 22 шагнал авлаа. Олон хүмүүс “Трио”-г IPTV-д байршуулаач гэсэн.
Тиймээс 11-дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр байршуулъя гэж бодож байна. Мөн Youtube-н од Гремикстэй энэ зун Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очиж кино хийсэн.
Инээдмийн, хөгжилтэй, адал явдалтай “Бараг л аймшгийн кино” нэртэй аймшгийн кино маань аравдугаар сарын 31-нд бүх кино театруудаар нээлтээ хийнэ. Маргаашаас эхлээд киноны трэйллэр, рекламууд маань цацагдаад эхлэх байх.
- “Амьдрахуй”-г үзээгүй хүмүүст таны зүгээс хэлэх үг байна уу?
“Амьдрахуй” номыг уншаагүй хүмүүс байгаа байх. Гэхдээ манай жүжгийг үзэж чадаагүй хүмүүс их харамсах байх гэж л бодож байна даа. Оршихуйн үндэс “Хүлцэхүй” юм.