Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан 14 мянган гаруй ямааг устгалд оруулж эхэлжээ. Одоогоор 35 айлын ямаа годрон өвчнөөр өвчлөөд байгаа юм. Тэгвэл малчдын хувьд жил бүр малаа вакцинжуулалтад хамруулах чиглэлд хүлээх үргээ гүйцэтгэсэн ч гоц халдварт өвчний улмаас хот нь харлаж үлдэх эрсдэлтэй болоод байгаа юм. Тэгвэл тэдэнд хэрхэн нөхөн олговор олгох талаар тодорхой шийдэлгүй байгааг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр онцолсон. Энэ төрлийн өвчлөл нь 1960 оноос хойш Монгол Улсад бүртгэгдээгүй. Малчдын хэлж байгаагаар энэ өвчлөл нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрөгч долдугаар сард тархсан хэмээн мэдээлж буй юм.