Залуу хүн байж…


Залуу хүн өвдөх эрхгүй, хүндлүүлэх, хайрлуулах эрхгүй мэтээр ярих  бидний нийгэм. Өглөөнөөс орой хүртэл түгжрэлд гацаж, өлөн ходоодтой автобусандаа чихэлдэж, 40 эргэм насны эгч нарт суудал тавьж өгсөнгүй гэж зэмлүүлж яваа, “өвдөх эрхгүй” залуус өнөөгийн монголын хүн амын 30 орчим хувийг  бүрдүүлдэг. Эдгээр насныхан бол эх орны ирээдүй хойч болсон залуу үеийн төлөөлөл. Магадгүй тэд залуу хүн байж юундаа ядардаг юм, залуу байгаа юм чинь юунд шантардаг юм, залуу хүн шүү дээ чи чинь, гэх үгээр өөрсдийн хэлэх гэсэн олон үгийг нуусан байх. Гэвч сүүлийн жилүүдэд тархины цус харвалт, зүрхний шигдээс, ходоодны хорт хавдар гэх мэт  өвчлөлийн нас баралт залуужиж, олонд хүнд залуу хүн өвдөх эрхтэйг сануулж эхэллээ.

Монгол улсын хэмжээнд 2023 онд хийгдсэн судалгаагаар зүрх судасны өвчлөлөөр 9700 хүн нас барсны 499 тохиолдол нь 20-39 насныхан байна. Энэхүү ганцхан судалгаанаас өвчлөл ямар хэмжээнд хүрснийг харж болно.

Орой унтаад өглөө сэрсэнгүй, зүрх нь зогссон гэх олон тохиолдол бий. Ходоодны хорт хавдраар найдваргүй гэх оноштой найз минь тэмцсээр л байна. Хамтдаа мөрөөдлөө биелүүлж, хажууд түшиг болно, гэсэн дүү минь өнөөдөр сэрсэнгүй гэх фейсбүүкийн пост сэтгэл хямраана. Дэмий л өөрийн эрүүл мэндийг үл хайрхан өрнөөс өрний хооронд, зээлнээс зээлийн  хооронд амьдарсаар, монголын минь ирээдүй хойч болсон олон сайхан залуус буцаж байна даа гэж харуусан сууна.

Өтөл насандаа ач зээгээ тойруулж суулгаад залуудаа ямар сайхан хүн байснаа дурсаж  байгаа олон хүн бий. Чам шиг залуу байсан бол бужигнуулж байгаа даа гэж ярих хүмүүс ч нэгээр тогтохгүй. Гэвч, тэд яагаад залуу байхдаа өнөөдрийн ярьдаг зүйлээ биелүүлж чадаагүй юм бол? Магадгүй үхэн хатан зүтгэсэн амьдралынх нь шагнал өтөл насандаа үр хүүхдээ тойруулж суулгаад, залуу насаа дурсах юм болов уу? Харин одоогийн  бидний нийгэмд үр хойчоо үзэх бүү хэл, өөрийн мөрөөдлийг биелүүлж амжилгүй хорь, гучин насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлээр байна. Угтаа тэд энэ насандаа хайрлаж дурлаж, хамаг л сайхан бүхнийг хүртэж явах ёстой. Гэвч  өнгөрсөн онд тархины цус харвалтаар нас барсан хүмүүсийн 11,8 хувийг залуучууд эзэлж байна. Бид хоёр жил хүрэхгүй хугацаанд 120 гаруй залуусаа зуурдаар алдах хэмжээний хүн амтай орон мөн билүү. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, хайрлах хайрлуулах тэгш эрхтэй гэж Монгол Улсын Хүний Эрхийн  үндсэн хуульд заасан байдаг. Тэгвэл залуу хүн “хүн” биш үү. Бид яагаад өвдөх эрхгүй, өвдсөнөө хэлэх эрхгүй  вэ? Хааяа нэг аав ээждээ “миний бие өвдөөд” гэж хэлэхлээр “залуу хүн байж” өвчин хэлээд, биеэ чагнаад байгаарай гэж буруушаадаг байсан. Үүнээс эхлэлтэй монголчуудын дунд тогтсон  буруу хандлага бол “Залуу хүн өвдөх эрхгүй” гэх үг юм. Гэвч бид толгойны өвчин ч тоглоом биш гэдгийг ойлгох цаг хэдийн болжээ. Бид хааяа ч гэсэн биеэ чагнаж юу өвдөж, байгааг хэлэх зоригтой байя. Өдөржин ажиллаж тарахдаа автобусанд ороод суух эрхтэй болъё. Жилд ядаж ганцхан удаа өөрийн биеэр эмнэлэг орж үзүүлдэг байя. Энэ миний мөр нэгтэй зүтгэж яваа залуу хойч үе, ах эгч, дүү нараасаа хүсэх өчүүхэн хүсэл минь. Үүнээс өөр миний хийж чадах зүйл үгүй билээ. Нэг л өглөө ирэхгүйгээр буцах энэ амьдралд  хөгшин, залуу  гэж  хэн, хэнийгээ хэмлээд яах вэ дээ. Залуу хүн ч гэсэн өвдөх, ядрах  эрхтэй. Бид бүгдээрээ үр хойчоо үзэж эрүүл энх амьдрах хүсэл мөрөөдөлтэй.  Өөрийгөө хайрлаж, залуу насаараа гоёж амьдарцгаая.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *