Хүүхдэд хэт их ачаалал үүрүүлэх нь ямар хор хөнөөлтэй болох мөн хэрхэн хэм хэмжээг баримтлах талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа
-Бид хүүхдээ сайн хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэхдээ маш олон төрлийн дугуйлан секцэд хамруулж сурах ёстой гэсэн байдлаар хандах хэр зохистой вэ. Цаашлаад хүүхдэд хөгжих ёстой гэх шаардлагыг буруу тавьснаар ямар сөрөг үр дагавар гарах бол?
– Хүүхдийг олон зүйлд зэрэг явуулах нь шийдвэргүй байдалд хүргэдэг. Цаашлаад хэт их оюуны ачааллаас үүдэн бие махбод сэтгэл зүйгээрээ хохирдог талтай. Тэгэхээр томчууд хүүхдээ юунд сонирхолтойг нь тодорхойл нэн түрүүнд. Томчуудын бас нэг алдаа “Би боловсролгүй учраас хүүхдээ боловсролтой болгох” эсвэл багш нараас “Хүүхдээ юм сургаагүй” гэдэг үг сонсохгүй тулд нэг өдөрт 3-4 дугуйлан, сургалтад хамруулдаг. Хөгжүүлж болно гэхдээ хэм хэмжээгээ баримтлах нь чухал. Үүнээс улбаалж таны хүүхэд шийдвэргүй, тууштай биш, юмнаас амархан залхдаг зан төлөвтэй болоход нөлөөлдөг. Хүүхдийг хүүхдээр нь байлгах хэрэгтэй.
-Томчууд хүүхдийнхээ оюуны боловсролд хэт их ач холбогдол өгч, сэтгэлзүйн боловсролын талаар дутуу дулимаг ойлголттой явдаг ч юм шиг. Тэгвэл энэ сэтгэл зүйн болон оюуны боловсролыг энэ тэнцүү байдлаар яаж олгох вэ?
-Гэр бүлийнхээ хүрээнд харилцаагаа сайжруулах. Хамт нэг зүйл рүү тэмүүл. Сэтгэл зүйн боловсрол гэхээр аав ээжүүд өлсгөөгүй, өмсөх хувцсаар дутаагаагүй гэдэг. Гэтэл энэ сэтгэл зүйн боловсрол биш. Сэтгэл зүйн боловсрол хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаас эхэлнэ. Томчууд хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй. Тийм учраас сэтгэл зүйн боловсролыг олгож чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрийн ажил хийлгэхдээ “Чи хий. Хийх ёстой” гэх хандлага гаргадаг. Тэгэхээр аливаа зүйлийг хийлгэхдээ зөөлөн аятайхан, эергээр сэтгэлээсээ хэлэх. Хүүхдээ зөв хандлагаар хүмүүжүүл.
–Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харьцах талаар танаас зөвлөгөө авдаг уу?
-Маш олон. Гэрийн ажил хийсэнгүй гэж хүүхдээ загнах нь түгээмэл үзэгдэл. Хүүхэд харж дуурайж өсдөг. Тиймээс гэрийн ажлыг хийлгэхдээ бага багаар зөв арга барилаар сургах нь эерэг нөлөөтэй.Ингэснээр хүүхэд даган дуурайж сурна. Хүүхэдтэйгээ “Энийг, тэрийг хий” гэж харилцах нь хүүхдэд дарамт болдог. Биднийг бага байхад хөдөлмөр гэдэг зүйл их юм сургаж байсан. Усанд явах, түлээ нүүрс оруулахаас эхлээд хийх ажлаа мэддэг болчихсон.
“Би хүүхдэдээ хэлэхгүй бол хийхгүй байна” гэж томчууд ярьдаг. Гэтэл одоо шинэ үеийнхэн хөдөлмөрийг хүлээж авах байдал нь өөр болчихсон учраас эцэг эхчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Ер нь гэрийн ажил хийж, хөдөлмөрлөж өссөн хүүхэд амжилт гаргах магадлал өндөр.
-Айлын том учраас гээд их ачаалал үүрүүлчихдэг. Тухайлбал, 15 настай охин “Шөнийн 12:00 цаг хүртэл гурван дүүгээ хардаг. Дүү нараа сургуульд хүргэж өгч аваад хоолыг нь хийгээд хоногт 6 цаг л унтдаг хичээлээ ч хийж чадахгүй” гэсэн бичвэрийг нийгмийн сүлжээнд харсан юм. Хүүхдэдээ хүүхэд гаргаад өгчихсөн юм шиг аав, ээжүүд байдаг. Хүүхдэд “ Гэрийн ажил хийлгэх ёстой гэж” хариуцлагыг үүрүүлэх гээд байгаа бол хэм хэмжээ байх ёстой байх тийм үү.
– Айлын томуудад энэ асуудал түгээмэл тулгардаг. Айлын том учраас гээд их үүрэг хариуцлага хүлээлгэх гээд хэт их ажлаар дараад байдаг. Давхар тэр хүүхэд дугуйлан хамрагдаж, найз нөхөдтэйгөө ярилцахыг хүсэж байгаа. Нэг ээжээс “Та хүүхдэдээ даалгаж байгаа ажлаа нэг өдрийн дотор өөрөө хийж амжих уу гэхэд” “үгүй” гэж хариулсан. Өглөө дүүгээ айлд аваачиж үлдээчхээд хичээлдээ явдаг хүүхэд хүртэл хандаж л байсан. Хэцүү. Хүүхэдтэй ажилласан хүн ямар их ядардаг билээ дээ.Түүн шиг хүүхэд хүүхдээ харахаар маш их ядарна. Эцэг, эхчүүд талархаж, ханаж цадаж сурах хэрэгтэй байгаа юм. Гэрийн ажил хийлгэх хариуцлагатай байлгах гэдэг хэм хэмжээ алдагдаад байгаа учраас хүүхэд бүх зүйлээс халаглаж байна. Зарим эцэг, эх “Хичээлээ хийсэн бол гэрээ цэвэрлэ” гэдэг энэ бол болохгүй зүйл. Заримдаа тоглох өөртөө цаг гаргах завыг нь гаргаж өг. Үгүй бол хүүхэд үргэлж гэрээ цэвэрлэж, дүүгээ харах юм шиг мэдрэмж аваад өсчихдөг.
Зарим томчууд “Би гэрийн ажил хийж, дүүгээ харж даалгавраа хийж өссөн” гэж ярьдаг. Шинэ үеийнхэн хэдэн жилийн дараа ингээд яриад сууж байвал харамсалтай. Тиймээс гэрийн ажил хийлгэх зохистой арга барилд суралцаж, хэм хэмжээг баримталж чадвал эх орондоо хэрэгтэй зөв хүн болж өснө. Гэрийн орчин бол хүүхэд хүмүүжлийн 45 хувийг эзэлдэг. Хэм хэмжээтэй гэрийн ажил хийж өссөн хүүхэд амжилт гаргах үзэгдэл түгээмэл. Яагаад гэвэл чимхлүүр зүйл ихтэй учир танин мэдэхгүйг хөгжүүлж байдаг. Тэгэхээр томчууд гэрийн ажил дээр “Хий, битгий хий гэсэн байр сууриар ханддаг. Сурлагадаа анхаар гэх нь олон. Тэгвэл дан ганц эрдэм мэдлэгээр амьдралыг туулна гэдэг хэцүү. Гэрийн ажил хийхгүй хүүхэд бие даах чадварт бүрэн суралцдаггүй хүний гар хардаг болно. Хийгээгүйгээсээ илүү хортой. Тиймээс насныхан онцлогт тааруулж гэрийн ажлыг хийлгэх хэрэгтэй.