Эмэгтэйчүүдийн мөрөн дээрх үл үзэгдэх хөдөлмөр…


Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрс буурч, улмаар цалин хөлсгүй гэрийн ажил  хийх нь улам ихэссэн талаарх НҮБ-ын судалгаа гарчээ. Эмэгтэйчүүд өдөр тутамд гэр орны ажил, гэр бүлээ асран хамгаалах ажил хийж байгаа нь  жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна. Харин гэр бүлийн бусад гишүүдийн хувьд ээж, эхнэр гэртээ “зүгээр” байгаа учраас энэ ажлыг хийх ёстой гэх хэвшмэл ойлголт хэдийн тогтжээ. Үүнийг л эмэгтэйчүүдийн мөрөн дээр үл үзэгдэх хөдөлмөр гэж үздэг аж.

“Гэрийн ажлыг эмэгтэйчүүд л хийдэг” гэх хүйсийн ялгавартай хандлагыг өөрчлөх шаардлага бий болсон гэдгийг судлаачид хэлж байна. Эмэгтэйчүүд гэртээ байх хугацаандаа цалинтай хөдөлмөр хийж буй хүмүүсээс дунджаар 2.4 дахин их цагийг үнэлгээгүй гэрийн ажилд зарцуулдаг гэх судалгааны дүн гарчээ.

Хөдөлмөрийн зах зээл дээрх албан ёсны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгаагийн тэргүүлэх шалтгаан нь хүүхэд асрах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах, хүүхэд сургуульд зөөхтэй холбоотой. Мөн бага насны хүүхдэд зориулсан цэцэрлэг ясли байхгүй, хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадсан ч агаарын бохирдол, нэг ангид байх хүүхдийн тооноос шалтгаалан ханиад, томуу, хатгаагаар байн байн өвдөж, залуу гэр бүлийн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харахаас өөр сонголтгүй болдог байна. Мөн түгжрэл, ажил болон цэцэрлэгийн тарах цаг уян хатан бус байдал ч нөлөөлдөг аж.

Энэ бол нэг эмэгтэй гэрээ цэвэрлэхгүй байх тухай асуудал огт биш улс орны эдийн засгийн хүрээнд яригдах асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй

Эмэгтэйчүүдийн үл үзэгдэх хөдөлмөрлөлтийн асуудлаар нарийн судалгаа шинжилгээ хийж байгаа “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ийн зөвлөх Б.Золзаяагаас хөлсгүй хөдөлмөр эрхлэлт болон асрахуйн эдийн засгийн талаар цөөн хором ярилцлаа.

 

-Эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрлөх холбоотой асуудлаар хамгийн сүүлд ямар судалгаа хийгдэж байгаа вэ?

-Асрахуйн эдийн засаг гэх ойлголттой саяхнаас л монголчууд танилцаж байгаа. Уг нь хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой зүйл. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн дахин хүчтэй яригдаж байгаа сэдэв бол асрахуйн эдийн засаг. Асрахуйн эдийн засаг гэдгийг энгийнээр тайлбарлавал гэр ахуйн ажил, хүүхэд, хөгшин хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалдаг ажлыг хийхийг хэлж байгаа. Үүнийг ихэвчлэн эмэгтэйчүүд хийдэг. Энэ зүгээр энгийн байдаг ажил мэт боловч үүнийг хэн нэгэн хүн танайд очиж хийвэл цалин хөлстэй хийгдэнэ. Энэ ажлыг Ази номхон далайн орнуудад эмэгтэйчүүдийн 80 хувь нь хийдэг. Эмэгтэйчүүд өдрийн цагаар ажил хөдөлмөр эрхэлж ирчхээд гэрт орны ажил болон бусад ажлыг нэмэлтээр байнга хийдэг. Үүнд ямар ч үнэлгээ байдаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ажил хийж байгаа хүнтэй адилхан эрч хүч энерги цаг, хөдөлмөр хүчийг шаардаг. Харин үүнийг эмэгтэйчүүд хийсээр ирсэн. Харин одоо бол үгүй ээ, энэ талаар ярилцах хэрэгтэй байна. Гэхдээ нэг эмэгтэй гэрээ цэвэрлэхгүй байх тухай биш. Улс  орны эдийн засгийн хүрээнд яригдах асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд өөрсдөө гэрийн ажлыг гэр бүлийн гишүүдийн туслалцаа авахгүйгээр хийчихдэг хандлага ч байх шиг ?

-Эмэгтэйчүүдийн асрахуйн их ачааллыг хөнгөлөх нэг зүйл нь асрахуйн дэд бүтэц сайн байх ёстой. Тухайлбал, эмэгтэй хүн хүүхэд төрүүлсэн гэсэн ч ажил албандаа орлоо гэж бодоход тэр орчинд цэцэрлэг ясли нь хангалттай. Эсвэл хүүхэд харах үйлчилгээ сайн байх хэрэгтэй. Асрахуйн дэд бүтэц сул, чанаргүй байгаа учраас эмэгтэйчүүд удаан хугацаанд хүүхдээ харж, гэртээ суухаас өөр сонголттой болдог. Иймээс гэртээ байгаа учраас бүх ажлыг амжуулах гэж зүтгэдэг. Ажилдаа ороход дэмжлэг байхгүй. Заримдаа хийж байсан ажил албан тушаал байхгүй болдог. Мөн гэртээ хүүхдээ хараад удаан байхаар ажлаа хийх чадвар алдагдаж, ажил орох боломжгүй болох тохиолдол ч зөндөө бий. Иймээс асрахуйн дэд бүтцийг төр, бусад байгууллагаас гэхээс илүүтэй гэр бүлийн гишүүд бас хуваалцах үүрэгтэй. Тухайн гэр бүлд ганцхан эмэгтэй хүн ганцаараа бүх ажлаа хийхгүйгээр гэр бүлийн гишүүд нь ижил тэнцүү хуваарилж, ачааллыг үүрэлцэх ёстой. Ингэж байж эмэгтэйчүүдийн нуруун дээрх хөдөлмөр хөнгөрнө. Өнөөдөр маш олон айл өрхөд бүтэн цагийн ажил хийх боломжгүй, зөвхөн нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асраад үлдэж байгаа хүмүүс байдаг. Энэ тохиолдолд улсаас өгч байгаа тэтгэмж хангалттай бус. Уг нь бүтэн цагийн ажил хийж байгаа шиг үнэлэгдэх ёстой.. Энэ төрлийн бизнесийн орчин орон зайг дэмжвэл үнэлэмжтэй болно. Мөн шинэ төрлийн ажлын байр бий болно.

Ээжүүдэд өгч буй 50 мянган төгрөгийн цалингийн талаар таны бодол ?

 -Төр засгаас хүүхэд төрүүлсэн ээжид мөнгөн тэтгэмжийн дэмжлэг үзүүлдэг байдал байх ёстой. Одоо манай улсын өгч байгаа 50 мянган төгрөг арай л дэндүү бага мөнгө. Тухайн ээжийн ямар ч хэрэгцээнд хүрэхгүй. Хүүхдийнхээ сарын хэрэгцээг хангах хэмжээний дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Гэхдээ дэмжлэгийг урт хугацаанд өгөх шаардлагагүй.

-Асрахуйн эдийн засаг гэдэг шинэ нэр томьёо бий болж байна. Асрахуйн эдийн засгийг төрийн бодлого шийдвэрт хэрхэн тусгах ёстой вэ ?

-Бид хамгийн түрүүнд эхэллээ зөв тавих нь чухал. Хүүхэд харах, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшин хүнийг асрах үйлчилгээг яаж зөв бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг чухал.Энэ төрлийн ажил хөдөлмөрийн зах зээл дээр өндөр үнэлэгдэх боломжтой. Хөгжсөн орнуудад асрагч сувилагч нь өдөр цалинтай. Иймээс манай улс энэ асрахуйн эдийг засгийн зөв хөгжүүлэх хэрэгтэй.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *