Комедиан М.Баяржаргал: Циркийн байртай болж байгаа нь сайн хэрэг ч байргүй байх хугацаанд циркийн урлаг хэрхэн доройтож, жүжигчид нь яаж “модоо барьсан” хохирлыг юугаар ч үнэлшгүй


Хошин урлагийн стэнд ап комеди төрлийг монголд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа, комедиан, залуу бизнесмен, циркийн ринг мастер М.Баяржаргалтай ярилцлаа.

Сайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулаач. Комедиан гэдгээр нь хүмүүс сайн таних байх. Үндсэн  мэргэжил нь юу вэ? Комедианаас өөр ямар ажлуудыг хийж байна?

Сайн байцгаана уу? Намайг Мөнхбат овогтой Баяржаргал гэдэг. Одоо 25 настай. UB Comedy клубт 2019 оноос үндсэн комедиан болж орж ирсэн.  Бизнесийн удирдлага чиглэлээр сурч төгссөн.  Мөн 10 жилдээ хөгжим бүжгийн  коллеж буюу одоогийн монгол улсын консерваторит циркийн жүжигчин мэргэжлээр  суралцаж төгссөн. Одоо яг идэвхтэй хийдэг ажлууд бол циркийн багш, дасгалжуулагч комедиан , хувиараа бизнес эрхлэгч, дэлхийн циркийн ринг мастер, мөн хөтлөгч. Ийм хүн байна аа.

 Яагаад UB Comedy-д хөл тавих болсон бэ?

Багаасаа хошин урлагт дуртай  хүүхэд байсан. Инээдмийн , адал явдалт, тулаант кинонуудыг их үздэг.   За тэгээд 2013 оноос комеди гарч эхлэхэд байнга үздэг болсон. Ирж үзье гэхээр миний нас хүрээгүй. Тийм болохоор сошиалаар л үздэг байсан. Бага байхад эгч маань чи яг хошин шогийн жүжигчин болох байх гэж хэлдэг байлаа. Тэгээд л нэг мэдэхэд комедиан болсон доо.

 Комедиан гэж тусгай мэргэжил байдаг уу ?

Манайд мэргэжлийн хүн ерөөсөө байхгүй. Багш , бизнесмен , тогооч, хуульч гээд бүгд тус тусдаа мэргэжилтэй. Хүн болгонд хошин зан чанар, мэдрэмж байдаг. Гагцхүү олны өмнө тэрийгээ зориглож ярих уу үгүй юу гэдэг дээр л шийдвэрээ гаргах ёстой гэж боддог. Гэхдээ мэдээж дуртай байж л комедиан хийнэ. Бичлэг  цацагдаад эхлэх үед  дор нь сөрөг комментууд зөндөө орж ирнэ. Тэр болгоныг сөрнө. Нийгэмд болохгүй байгаа зүйлийг ажиглаж түүнийгээ хошиноор ёгтолж  гаргаж ирнэ. Түүнээс бол яг ийм мэргэжилтэй, ийм хүн комедиан хийнэ  гэсэн тодорхойлолт байдаггүй. Цэвэр өөрийн имиж бүрдүүлэлт, мэдрэмжид тулгуурлаж гарч ирдэг .

Хүмүүсээс зүй бус хандлага их илэрч байх шиг харагддаг . Хүн доромжиллоо, хийх ажилгүй юмнууд гэх мэтчилэн.

Аливаа юмыг хүндээр тусгана гэдэг өөрөө гунигтай шүү дээ. Ийм богинохон амьдралд  болж л өгвөл юм болгоныг хөнгөнөөр эергээр хүлээж авдаг байх нь  чухал . Бид нар асуудлаа ярилцдаг байх хэрэгтэй. Аливаа нэг асуудлыг инээд наргиан болгож байж олон өнцгөөс харах боломж үүсдэг. Дээрээс нь олон хүнд тэрийг хүргэх зэвсэг нь өөрөө инээд юм аа.

Циркчин , комедиан, бизнесмен гээд  олон ажлыг яаж зэрэг амжуулж байна вэ? Ажлаа хэрхэн төлөвлөдөг талаараа яриач?

– Мэдээж шинэ төсөл , шинэ зүйл эхлүүлэхэд цаг хугацаа шаардана. Ийм үед би  өөрийгөө бүрэн түгждэг. Ганцхан тэр зүйлдээ л анхаарна гэсэн үг. Аль болох хэрэггүй зүйлүүдээ хийхээ багасгадаг. Өдөрт нэг мэдэхэд л 2-3 цаг утас ухаад суусан байдаг. Нэг ажлыг эхлүүлээд, дуусах дөхөх үед дараагийн ажлыг эхлүүлдэг .  Одоо бол аль ч ажлын цаг зав хоорондоо давхацдаг юм байхгүй. Өглөө эрт 8-12 хүртэл багшийн ажлаа хийнэ . Өдөр нь хувийн бизнесийн ажлуудаа  амжуулна. За тэгээд орой комедианаа хийнэ, гэх мэт. Яг гоё шат дараатай ажлуудаа амжуулдаг.  Баяр ёслол, амралтын өдрүүдээр амардаггүй. Эхэндээ жоохон ядардаг байсан. Одоо бол темпэдээ ороод, амарч чадахаа больсон байна лээ. Амрахаар л гэм хийгээд байгаа ч юм шиг, эсвэл бүр ядраад байгаа юм шиг байдаг болсон. /Инээв/

Комеди хийх сэдэв, санаагаа яаж олдог вэ? 

– Сонирхолтой байж магадгүй. Миний утасны note дээр ерөнхий сэдвүүд  бичээтэй байдаг. Дэвтэр дээрээ бол бүгдийн задлаад бичсэн байгаа. Өдөр тутамдаа ажиглалт маш сайн хийнэ. Өөрийнхөө инээдтэй санагдсан санаа бодлоо шууд нотэ буулгаж авдаг.  Тэгэхгүй бол дараа нь санадаггүй. Миний тактик бол mind map буюу оюуны зураглал.

Бага байхдаа бүрэг ичимхий хүүхэд байсан учраас өөрийгөө нээх гэж комеди хийж эхэлсэн тухай ярьсан. Өөрийн зорилгодоо хүрч чадсан уу?

–  Одоо би хэнтэй ч юу ч ярихад ичиж санаа зовохгүй болсон. Олон хүний өмнө гарч ирэх айдсаа даван туулж чадсан. Энэ бол 21-р зууны хүнд байх ёстой чадвар гэж хардаг. Би үүнийгээ өөрийн хоббигоороо дамжуулж давсандаа баяртай байдаг.

Манай улсад циркийн байр бараг байхгүй. Мэргэжлийн циркчин, циркийн багш хүний хувьд энэ тал дээр бухимдаж явдаг байх.  Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ? Хүндрэлтэй зүйл их гардаг уу?

– Циркийн урлаг өөрөө орон зайн урлаг учраас бэлтгэлийн байр зайлшгүй хэрэгтэй. Зүгээр нэг бэлтгэлийн зааланд хийж байгаад биеийн тамирын зааланд хийх ямар ч  боломж байхгүй. Стандарт, аюулгүй байдал, өндрийн хэмжээ гээд бүх зүйл шаардлага хангасан газар бэлтгэл хийх ёстой. Одоогоор монголд циркийн байр байхгүй. Монгол улсын консерватори, хувийн циркийн заалыг түрээсэлж бэлтгэлээ хийдэг. Хүүхдүүд ерөнхий эрдмээ хөгжим бүжгийн коллежид ороод, яг мэргэжлийн хичээлүүдээ хойшоо долоон буудал, чингэлтэй рүү явж хувийн заал түрээсэлж хийдэг. Одоо циркийн байр нээнэ гэж яригдаад байгаа. Тэгэхэд хүмүүс “ачтай юу даа”, байртай болох нь гэсэн зүйлүүдийг хэлж байна. Байртай болох нь сайн хэрэг ч байргүй байх хугацаанд бидний алдагдсан боломжийн зардал гэдэг маш том зүйл байгаа. Байргүй байх хугацаанд  монголын циркийн урлаг яаж доройтож, жүжигчид нь “модоо барьсан”  уй гашуу хохирлыг юугаар ч үнэлшгүй. Монголд нэг хэсэг циркийн урлаг ямар ч үнэ цэнгүй болсон. Цирк байхгүй юм шиг бодож байсан.  Монголын циркчид дэлхийн хаана  ч очсон өндрөөр үнэлэгддэг. Тэгэхээр аль болох циркийн урлагийг хөгжүүлэхийн төлөө  хичээн ажиллаж байна.

  Та бол Generation z  үеийн төлөөлөл. Нийгэмд “Z “ үеийнхнийг хариуцлагагүй, ёс зүйгүй гээд л олон талаар шүүмжилдэг. Энэ тал дээр юу гэж боддог вэ? Үнэхээр ийм байгаад байна уу?

– Хүн хүнээсээ л болох байх. Z гэхээр онцгой, бас хариуцлагагүй, хүмүүжлийн доголдол гаргаад байгаа зүйл  байхгүй шүү дээ.  Зарим нэг хариуцлагагүй хүмүүс бол байдаг. Гэхдээ бүгд тийм биш. Миний бодлоор энэ үеийнхэн ямар нэгэн байгууллагад харьяалагдаж нэг төрлийн хүмүүстэй хамтарч ажиллахаас илүүтэй олон зүйлийг туршиж үзэх, хийх сонирхолтой.   Жишээ нь дизайнер бол зөвхөн тэрийгээ л хийнэ. Өөр бусад газруудад зэрэг ажиллах ч юм уу? Гэтэл  манай монголын компаниуд маркетинг менежер авна гэснээ  маш олон шалгуур тавьдаг. Дизайн график, компьютерын мэдлэгтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн нэг хүнээс олон зүйл хийхийг шаарддаг. Энэ нь маш буруу.

 Ub comedy , comedy lab гээд 2 тусдаа  байгууллага болоод салсан. Ер нь  хоорондын өрсөлдөөн хэр гардаг вэ?

– Салах процесс нь намайг UB comedy-д орохын яг өмнө. Ub comedy нэлээн цөөхөн хүнтэй үлдсэн байсан. Бид нар нэг нэгэнтэйгээ үзэн ядсан, атаархсан тийм зүйл байхгүй. Комеди гэдэг энэ урлагийн хамтдаа авч явдаг. 10 жил гэдэг хүүхдээр яривал 10-хан настай урлаг . Энэ урлаг хэрхэн хөгжих нь биднээс шалтгаалах учраас аль болох нэг нэгнийгээ нөхөж ажилладаг. Ub comedy-н тайзан дээр бид нар гардаг. Comedy lab-н хүмүүс  манай тайзан дээр гардаг. Салбарын нөхөрсөг өрсөлдөөн бол байна. Түүнээс  Pepci, cola эд нар шиг өрсөлддөг юм бол байхгүй ээ. Гэхдээ  миний хувьд UB comedy зах зээлд өөрийн байр сууриа хадгалсаар ирсэн гэж боддог.

Ер нь комеди, хошигнох урлагаар нийгэмд юу үзүүлэхийг зорьдог вэ?

Бидний анзаардаггүй сэдвүүд, өдөр тутамд тулгамддаг асуудлыг хошин байдлаар ёгтолж гаргаж ирж байгаа.  Энэ чинь болохгүй байна шүү,  “сэрээч ээ, босооч ээ” л гэдэг мессежийг өгөхийг хичээдэг. Эцэст нь хэлэхэд станд ап комеди улс төр, шашин , хувь хүний суртал ухуулгаас үргэлж ангид байх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *