“Албус” төслийн хүрээнд цахим боловсролын үр дүнг судална


Боловсролын яам “Google for education” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх “Албус” судалгааны төслийн нээлт боллоо. Үйл ажиллагааг нээж Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал үг хэлэн, “Google” компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр төслийн талаар танилцуулав.

Монгол Улс нь “Google for education” хөтөлбөр хэрэгжиж буй 24 дэх орон бөгөөд “Албус” судалгааны төслийн хүрээнд цахим боловсролын үр дүнг монгол хүүхдүүдийн сурах арга барил, онцлогт тохируулан судална. Төслийн эхний шатыг нийслэлээс эхлүүлж, МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон нэг ангийн сурагчдыг хамруулан, хромбүүк, интернетийн дэд бүтцээр хангаж байна. Ирэх оны хоёрдугаар сар хүртэл хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэрэглэгдэхүүн ашиглан зохион байгуулж, харьцуулалт хийх юм. Цаашлаад II шатыг хөдөө, орон нутгийн сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг төслийн хамт олон мэдээллээ.

Цахим боловсролоор дамжуулан боловсролын тэгш хүртээмжийг бий болгох ажил эрчимжиж буйг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал онцолж, төслөөс гарах үр дүн боловсролын салбарын цаашдын арга хэмжээ, бодлого шийдвэрт чухал ач холбогдолтой болохыг хэлэв. Мөн МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, сурагчдын зүгээс уг төсөл интернет орчинд хамтран ажиллах, хүүхдүүд бие даан суралцахад үр өгөөжтэй гэдгийг хэлж байлаа.

“Albus” төсөлд Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэн, “Centerm” компани, “Teach for Mongolia” хөтөлбөр хамтран ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *