Засаг дарга нарын томилгоо


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шинэ бүрэлдэхүүн анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаа тодруулаад бараг дуусаж байна. Одоо ИТХ-аас сонгосон хүмүүсийг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд батламжлах учиртай. 21 аймгийн 14-т нь МАН, долоод АН олонх болсон ч нэлээд хэдэн газар төлөөлөгчдийнх нь тоо 1-2-ын зөрүүтэй учраас багагүй маргаан ч өрнөөд авав. Харин нийслэлд үнэмлэхүй олонхоор ялсан учраас МАН-ынхан дүүргийн Засаг дарга нараа хэл амгүйхэн томилоод буй юм.

Иргэд нэгэнт сонголтоо хийсэн ч тухайн багийг хэн удирдахаас аймаг, сум, нийслэл, дүүргийн ирэх дөрвөн жилийн амьдрал өөдлөх, эсэх нь хамаарна. Чадварлаг удирдагч ямар ч багийг намаар талцуулалгүй, зорилгоо нэгтгээд ажиллаж чадах учраас тэр.

Дүүрэгт нэг ч эмэгтэй Засаг дарга тодорсонгүй

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж, 40 суудал авсан. Мөн нийт найман дүүрэгт ялалт байгуулсан юм. Сонгуульд багаа удирдаж оролцсон нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар хотын захирагчаар улирч ажиллах гавьяагаа байгуулсан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн саналаар тэрбээр хотын захирагчийн ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна. Түүнээс гадна Ө.Сумъяабаатар Баянгол, Б.Цэрэн Хан-Уул дүүргийн Засаг даргаар улиран ажиллахаар дэмжлэг авчээ. Ингэснээр Баянгол дүүргийн Засаг даргаар нэг хүн дараалан гурав дахь удаагаа ажиллах гэж байна. Харин Б.Цэрэн 2020 оноос хойш Хан-Уулын Засаг даргаар ажилласан юм билээ.

100 хувь МАН-ыг сонгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ц.Баттөрийг сонгосон юм байна. Тэрбээр 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөллөөр ажиллаж байсан нэгэн аж. Мөн Н.Мандуул Чингэлтэй, С.Даваасүрэн Багануур, А.Сүхболд Багахангай, Д.Наянбаяр Налайх, Г.Жаргалсайхан Баянзүрхийн Засаг даргаар сонгогджээ. МАН олонх болсон дүүргүүдэд ийнхүү бараг бүгд 100 хувийн саналаар Засаг даргаа тодруулсан байгаа юм. Тэгвэл АН ялсан ганц дүүрэг болох Сүхбаатарыг М.Алтангэрэл даргалахаар болж байна. Тэрбээр өмнөх Засаг даргаас халааг нь хүлээн аваад, хэдэн сар ажиллаж түр орлоод ийнхүү “жинхлэх” гэж байна.

Нийтэд нь харахад нийслэлийн дүүргүүдийн тал хувийг 1980-аад оны залуус удирдахаар болжээ. Залуу хүмүүс арай өөрөөр сэтгэж ажиллах нь уу, эсвэл намынхаа даалгаврыг биелүүлэх нь үү гэдгийг бид удахгүй мэднэ. Мөн есөн дүүргийн Засаг даргаар дандаа эрэгтэй хүмүүс ажиллахаар болсон нь хүйсийн тэнцвэр алдагдсан томилгоо болоод буй юм.

Сэлэнгэд гарсан “эргэлт”

Хэд хэдэн аймагт МАН, АН-ын сонгогдсон төлөөлөгчдийн харьцаа 1-2 суудлын зөрүүтэй байгаа. Тиймээс зарим газар Засаг даргаа томилоход зөрчил үүсэж буй юм. МАН, АН хоёр талаас нэр дэвшүүлж олонхын саналаар сонгогдсон аймаг байгаа бол зарим Засаг дарга нь өрсөлдөгчгүй гарч ирсэн гэнэ. Сэлэнгэ аймгийн ИТХ нийт 41 төлөөлөлтэй. Үүний 21 нь МАН, 19 нь АН, нэг нь ХҮН намын төлөөлөл болсон аж.  МАН олонх учраас Засаг даргадаа өөр хүнийг дэмжсэн байсан ч Н.Лхагвадорж заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, 51 хувийн буюу 21 хүний санал авч чаджээ. Түүнд АН-ын 19 гишүүн саналаа өгсөн гэнэ. Мөн МАН дотроос өөрийг нь дэмждэг нэг хүн саналаа өгсөн бололтой юм. Учир нь ХҮН намын нэг төлөөллийн санал хүчингүйд тооцогдсон гэж буй. Бодлогоо сөрсөн учраас түүнийг МАН-аас хөөх талаар “улаан талынхан” хэлэлцэж эхэлсэн. Юутай ч хоёр суудлаар дутуу байсан АН-ынхан МАН-ын нэг гишүүнийг урвуулснаар олонх болсон “эргэлт” хийв. Н.Лхагвадорж нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн, намын бодлогоо сөрөн байж зүтгээд ийнхүү улирах болж байна. Гэхдээ аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжилж байж, албан ёсных болно. Намынхаа бодлогыг дагаагүй Засаг даргыг Ерөнхий сайд дэмжих, эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл бусад аймгийн Засаг даргын томилгоо хэл ам багатайхан үргэлжилж байна. АН нийт долоон аймагт буюу Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий, Төв, Өмнөговь, Баян-Өлгий, Ховдод олонх болсон. Тэгвэл тус намын ИТХ-ын төлөөлөл М.Амарсанааг Ховд, М.Идэрбатыг Сүхбаатар, Г.Чинбатыг Говь-Алтай, Д.Аюурбунийг Хэнтий аймгийн Засаг даргаар ИТХ-аас нь сонгосон байна. Мөн Б.Цэрэннадмид Архангай, Ш.Ёл Дорнод, О.Батжаргал Дорноговь, Б.Азжаргал Дархан-Уул, С.Мөнхчулуун Дундговь, О.Пүрэвдорж Өвөрхангай, Г.Өнөрбаяр Завхан, С.Батжаргал Увс, Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар сонгогджээ. Зарим аймаг шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *