Эргэлтийн хаалганд “эргэлт” хэрэгтэй


2024 оны аравдугаар сарын 24-ны өдөр. Зургаан цагийн үед утасны хонх хангинаж, эгчийгээ төрөх гэж байна гэсэн дуудлагыг авлаа. Айх ,баярлах зэрэгцэн ажлаасаа чөлөө аваад эмнэлгийн зүг явав. Хөдөө гэрээс ээж аав байнга залгаастай. Хаана төрөх гэж байгаа юм, улсын эмнэлэг үү гээд л асууж байна. Тийм ээ. Улсын эмнэлэг “Эх нялхас“ гэсэн очоод залгана аа гээд утсаа таслав. Яаран таксинаас бууж дотогш орохдоо төрөх эмнэлгийн хаалгыг олсонгүй хэсэг будиллаа. Тааралдсан болгоноос асууж зүг заалган явсаар нурж, хуучирсан хоёр цагаан хананы дунд байх “төрөхийн эргэлт 8” гэсэн хаалгыг хараад гайхаж орхилоо. Өмнө нь нэг ч удаа ирж үзээгүй энэ газрыг би “том” эмнэлэг хэмээн төсөөлж явсан би нүдэндээ итгэсэнгүй. Улсын эмнэлэг тэр дундаа улсдаа ганцханд тооцогддог “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв” үүднээсээ эхлээд л халзарч хуучирсан шаттай, шавар шавхайндаа дарагдсан газар байлаа. Саяхан л ЭХЭМҮТ-д 83,2 тэрбумын засвар шинэчлэл хийлээ гэсэн мэдээ хаа сайгүй цацагдсан. Гэтэл хэдэн тэрбумаар хийгдсэн засвар үйлчилгээг олж харсангүй. Магадгүй эмнэлгийн ор, тоног төхөөрөмж л байх даа гэж хэсэг бодов.

Хагарсан архины шил хаа нэг шатан дээр унтах согтуу хүмүүс байдаг л үзэгдэл мэт харагдана. Хэзээ засвар хийгдсэн нь үл мэдэгдэх, өнгө нь арилж хууларсан шатаар өгссөөр зургаан давхарт гарлаа. Зай талбай жижигхэн, суух сандал ч хомс энэ шатан дээр эхнэрээ, охиноо ээжийгээ төрхийг хүлээж, жижиг цагаан хаалганы дунд байх, дөрвөлжин цонхыг ширтэж зогсоно. Төрөх хүнээ хүлээх зуур хөлөө амраах сандал эрсэн харц эмнэлгийн шалыг цоолох шахна. Гэрээс бэлдэж ирсэн халуун савтай цай, хоолоо шатны хажуу буланд тавиад хүн асгачихвий гэсэн харцтай халхалж зогсох нь өрөвдмөөр. Шөнийн 10 цагийн үед 50 эргэм насны согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр ар араасаа түшилцэн зургаан давхрын шат өөд гарч ирлээ. Тэнд байсан хүмүүс хоёр тал руугаа хумигдан , үнэр танар гэж шуугилдсаар дундуураа гаргаж дээш явуулав. Ноорхой хувцас, хараалын үг, бөөлжис хүргэм үнэрийг нуух юун. Эргэлтийн хэсгийн хамгийн дээд давхарт хэзээний гэмээр хуучирсан гурван цэнхэр сандал байрлуулжээ. Өнөөх хоёрын нэг нь сандалын өмнө, нэг нь сандал нь дээр гарч унтлаа. Шинэ хүнээ хүлээж байгаа хүмүүс хэл амь хийгээд яах вэ дээ гэсэн харцтай, ам хамраа таглаж зарим нь шат дээр сууж, хана налж зогссоор шөнийн 12 цаг болов. Хоёр цаг гаран хугацаа өнгөрсний дараа цэнхэр цамцтай нэгэн эрэгтэй ирж өнөө хоёрыг “хурдан бос энд юугаа хийж байгаа юм бэ?” гэж хэлээд босохыг шаардав. Боссонгүй. “Чи миний хэн гэдгийг мэдэхгүй л байна даа. Буруу хүнээрээ оролдож байна” гэж хараалын үг урсгасаар 30 минут өнгөрлөө. Шатнаас доош нь чирч хамаг л аргаа барсны дараа арай гэж өнөөх хоёр хүн бууж явлаа. Хөөе би цүнхээ авъя гэж эмэгтэй нь орилсоор буцаад гарч ирлээ. Шатны дээд талд зогсож байсан хүмүүс  цаашаа буу, яах гээд байгаа юм гэж түлхэхэд “чи юу вэ? зайлаач” гэсээр сандал дээр тавьсан цүнхээ аваад бууж явлаа. Амаржих хүнээ эргэх гэж ирсэн иргэд “Арай ч дээ төрийн өмч нэртэй эх нялхасын төв нь ийм байна гэж төсөөлсөнгүй, завхарсан юм гэж бухимдацгаана.

Шатан дээр хагарсан шил хэвтэж, асгарсан архины эхүүн үнэр сэнгэнэнэ. Эрүүлжүүлэхэд ч ийм үзэгдэл ховор биз. Улсын гэх тодотголтой эх хүүхдийн эрүүл мэндийн төвд бүрэн шинэчлэл хийж, иргэд дарга нарын ордог хаалгыг ижилхэн болгоосой билээ. Эргэлтийн хаалганд “эргэлт” хийх цаг болжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *