Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2024.10.29) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, “Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар тус дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар судалж, үе үеийн дарга нартай уулзаж, архивын баримтуудтай танилцаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй болон зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсний үндсэн дээр төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэлээ. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцах, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах; Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах, санал дүгнэлт боловсруулах; Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн суурилсан талаар, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхэд нөлөөлөх байдлыг хэрхэн хангаж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах; Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах; Хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар шүүхээр цагаатгагдсан иргэдийн талаарх судалгаа гаргаж, уулзах, холбогдох санал дүгнэлт боловсруулах; Гадаадад амьдарч буй монгол иргэдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх санал, дүгнэлт боловсруулах зэрэг 16 зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлэв. Иргэний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудалд анхаарах шаардлагын талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн дэлгэрэнгүй тайлбар хэлж, төлөвлөгөөний төсөлд тусгах санал хэлсэн юм. Нэн тэргүүнд дэд хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, тулгамдаж байгааг нь тодорхойлох талаар О.Номинчимэг гишүүн хэлэв. Мөн тэрбээр төлөвлөгөөний төсөлтэй холбоотой санал хэлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийсэн талаар дурдаад, олон улсын байгууллагуудаас Монгол Улсад хүний эрхийг хангах чиглэлээр өгсөн зөвлөмжүүдийг нэгтгэн хууль тогтоогчид, бодлого боловсруулагчдад мэдээлэл өгдөг механизм бий болгох зэрэг санал гаргасан юм.
Дэд хорооны зүгээс Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, түүнд тусгагдсан “хүн төвтэй” үйл ажиллагаагааны зарчимд төлөвлөгөөгөө нийцүүлэхээр ажилласан хэмээн С.Эрдэнэболд дарга тайлбарлаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ ташрамд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нь ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдсон гэдгийг тэрбээр тэмдэглээд, тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болсныг онцлон баяр хүргэв.
Төлөвлөгөөний төсөл дэх Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тус Комисс нь хараат бус, бие даасан үндэсний байгууллага гэдгийг онцгой анхаарах ёстойг Д.Цогтбаатар гишүүн хэлсэн. Мөн орчин цагт иргэнийг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцдог хуулийн төсөл боловсруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, санал гаргасны дараа “Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.