Англи хэлний томоохон толь бичгүүдийн нэгд тооцогддог Коллинз толь бичгийн зүгээс жил бүрийн сүүлээр тухайн жилийн нэг онцлох үгийг тодруулдаг. Тэгвэл 2024 оны онцлох үгээр “brat” хэмээх үгийг сонгосноо өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарлажээ.
“Brat” хэмээх үг нь “дураараа, дэггүй, хүмүүжилгүй, сахилгагүй” гэсэн утгатай үг бөгөөд Коллинз толь бичгийн газраас дээрх үг нь энэ жил хамгийн их хэрэглэгдсэн, “өөртөө итгэлтэй, хараат бус, өөрийнхөөрөө амьдарч чаддаг хүнийг тодорхойлсон” хэмээн онцолжээ.
Энэ үгийг сонгосон шалтгаан нь Их Британийн поп дуучин Charli XCX-тэй холбоотой юм. Дуучин өөрийн 6 дахь студийн бүрэн хэмжээний цомгоо “Brat” хэмээн нэрлэж, өнгөрсөн 6 сарын эхээр гаргасан худалдаанд гаргаж, нилээдгүй амжилтыг олсноос гадна зуныг өөрийнхөөрөө эрх дураараа зугаатай өнгөрүүлэхийг уриалсан “brat summer” хэмээх хоршоо үгийг залуусын дунд дэлгэрүүлсэнтэй нь холбоотой ажээ.
Коллинз толь бичгийн газраас “Charli XCX нь маш амжилттай цомгийг гаргаад зогсохгүй мөн “brat” хэмээх энэхүү уриа үгээр дэлхийн залуустай холбогдож, тэдний амьдралын хэв маяг, мөн гоозүйг тодорхойлсон соёлын чиг хандлагыг бий болгож чадсан” хэмээн мэдэгдэлдээ дурьджээ.
Харин дуучин Charli XCX “brat” хэмээх үгийг “жаахан замбараагүй, хувирамтгай зан ааштай, заримдаа тэнэг зүйл ярьдаг, шоудах дуртай охин” хэмээн өөрийнхөө TikTok дээр тайлбарлаж байжээ.
Цайвар ногоон өнгийн дэвсгэр дээр “brat” гэж бичсэн түүний цомгийн зураг өнгөрсөн зун хаа сайгүй тавигдаж, тийм өнгөн дээр дуучид, алдартнууд өөрсдийн нэрээ бичих тренд мөн дэлгэрсэний дотор энэ долоо хоногт болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис ч мөн дээрх трендийг өөрийнхөө сонгуулийн сурталчилгааны кампанит ажилдаа ашиглаж байсан билээ.
Ийнхүү Коллинз толь бичгийн зүгээс энэ жил “brat” хэмээх үгийг 2024 оны онцлох үгээр нэрлэсэн бол энэхүү үгтэй “delulu” (хүлээлтээс огт өөр, хүлээж байснаас таамаглашгүй ондоо), “rawdogging” (огт юм үзэж харахгүйгээр аялах), “anti-tourism” (өнгөрсөн зун Европт өрнөсөн жуулчдын эсрэг бослого хөдөлгөөнтэй холбоотой үг), “supermajority” (хэт буюу дийлэнх олонхийн саналаар хууль батлах) зэрэг үгс өрсөлдсөн ч онцлох үгээр тодорч чадаагүй байна.
Харин Коллинз толь бичгийн газраас өнгөрсөн 2023 оны онцлох үгээр “AI” буюу “хиймэл оюун ухаан” хэмээх үгийг тодруулж байсан юм.