Исламын шашны хуулийн дагуу хувцаслалтын маш чанга дүрэм журамтай Иран улсын нийслэл Тегеран хотын “Islamic Azad University” их сургуулийн нэгэн оюутан бүсгүй сургуулийнхаа гадаа хувцсаа тайлж, дотуур хувцастайгаа байгаа дүрс бичлэг сошиал орчинд тархсан байна.
Уг бичлэг дээр дотуур хувцастай бүсгүй битүү хувцастай бусад эмэгтэй оюутнуудад ямар нэг зүйл хэлж байгаа нь ажиглагдах бол өөр нэгэн бичлэг дээрх тэрхүү бүсгүйг гудамжаар нүцгэн явж байхад нь хэсэг бүлэг эрчүүд тойрч бүслээд, машинд хийгээд аваад явж байгаа нь бичигджээ.
Тегераны их сургуулийн зарим оюутнууд, мөн хүний эрхийн Amnesty International байгууллагын зүгээс дээрх бүсгүйг Исламын шашны чанга хатуу дүрэм журмыг эсрэг ийнхүү хувцсаа тайлж, өөрийнхөө зүгээс эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн хэлж байна. Түүнчлэн Amnesty International байгууллагын зүгээс тухайн эмэгтэйг “хүч хэрэглэн баривчилсан” хэмээн мэдээлжээ. Харин тус их сургуулийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Амир Махжоб тэрхүү оюутныг “сэтгэц мэдрэлийн өвчтэй” байсан, их сургуулийн хамгаалалтын албаныхан түүнийг олон нийтийн газарт зүй бус үйлдэл гаргасан учраас цагдаагийн газарт хүргэсэн хэмээн мэдэгдсэн байна. Хэрэг явдлын дараа цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд “оюутан бүсгүй нөхрөөсөө салсан хоёр хүүхдийн эх бөгөөд маш хүнд сэтгэлзүйн дарамтанд орж, сэтгэц мэдрэлийн өвчтэй болсон байсан” хэмээн онцолсон байна.
Amnesty International байгууллагын зүгээс бүсгүйг нэн даруй яаралтай суллахыг, бүсгүйг гэр бүлийн гишүүдтэй нь, өмгөөлөгчтэй нь уулзуулахыг шаардсан байна. Мөн дээр нь “түр саатуулах үеэр хүч хэрэглэж зодох, хүчирхийлэх зэрэг хэргүүд дээр хөндлөнгийн, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай, гэм буруутнуудад зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх ёстой” гэдгийг онцолжээ.
Иран улсад мөрдөгддөг Исламын шашны чанга хатуу хууль, дүрэм журмын дагуу эмэгтэйчүүд гадуур явахдаа хөлөө хүртэл далдалсан битүү хувцас өмсөхөөс гадна хижаб буюу зөвхөн нүдээ гаргасан толгойн өмсгөл өмсөх ёстой байдаг бөгөөд энэхүү журмыг “ёсзүйн цагдаа” хэмээх тодотголтой хүчний байгууллагын ажилтнууд хэрэгжүүлдэг. 2022 онд Ираны ёсзүйн цагдаа нар хижабыг зөв өмсөөгүй гэх нэрийдлээр 22 настай Махса Амини гэгч бүсгүйг баривчилж, түр саатуулах үедээ зодсоны улмаас амиа алдаж, энэхүү хэргээс үүдэн Иран улсын хэмжээнд эсэргүүцлийн бослого хөдөлгөөн өрнөж, цаашлаад “Woman, Life, Freedom” хэмээх дэлхийг хэмжээний хөдөлгөөн болон өргөжиж байсан түүхтэй.