Молдов улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүн гарлаа. Хоёр дахь шатны санал хураалтад одоогийн төрийн тэргүүн, ЕХ-г дэмжигч нэр дэвшигч Майя Санду болон ОХУ-ын талыг баримтлагч Социалистуудын намаас нэр дэвшсэн улс төрч Александр Стояногло нарын хооронд явагдсан юм.
Санал тооллогын урьдчилсан дүнгээр нийт саналын 55 хувийн саналыг Майя Санду авч, энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж, Молдов улсын төрийн тэргүүнээр дахин сонгогдох нь тодорхой болоод байна. Молдов улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, гарах үр дүнд нь Оросын зүгээс нөлөөлөхийг оролдсон томоохон ажиллагаа явагдсан гэдгийг Молдов улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх мэдээлсэн бол ОХУ дээрх мэдэгдлийг няцаагаад байгаа юм. Ням гаригт явагдсан Молдовын сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 21 цагт хаагдсан бөгөөд сонгуулийн ирц 54 хувьтай гарсан нь 4 жилийн өмнөх сонгуулиас өссөнөөс гадна хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа молдовчуудын сонгуулийн идэвх нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Майя Санду сонгуулийн дараагаар ард түмэндээ хандаж румын хэл дээр хэлсэн үгэндээ “Молдов улсыг аварч, түүхийн номонд бичигдэх хэмжээний ардчилсан сонгуулийг явуулсанд талархаж байна” гэжээ. Мөн “намайг дэмжсэн, мөн ноён Стояногло-г дэмжиж саналаа өгсөн хүн бүрийн дуу хоолойг би сонссон, бид улс орныхоо ирээдүйн төлөө хамтдаа нэгдэх ёстой” хэмээн орос хэлээр хэлсэн байна. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен сонгуульд ялалт байгуулсан явдалд Майя Сандуд баяр хүргэж, Молдов улсын Европыг чиглэсэн ирээдүйн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсондоо баяртай байна хэмээн Х хуудсандаа бичжээ.
Молдовын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөртөө багтаан зарлана гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдэгджээ.