Мөрийтэй тоглоомын төлөөсөнд үрэгдэх амь хайран биш үү?


Хүний орчлонг онож төрнө гэдэг зүүний үзүүр дээр ганц будаа тогтохтой адил хувь тавилан гэгддэг. Гэтэл зарим нь энэ их хувь тавилан, аз тохиолыг өөрийн мунхгаас болж үгүй хийж байгаад сэтгэл эмтэрмээр. Ойрын жилүүдэд цахим мөрийтэй тоглоомд донтож, хамаг амьдралаа үрэн таран хийснээр эцэс сүүлд нь амиа хорлох тохиолдол нэг биш удаа гарч байна. “Би бараг л тоглодоггүй, тав, аравхан мянга” гэж өдөр хоногийг аргацааж, эхнэрийнхээ амийг тагласаар нэг л мэдэхэд хэдэн зуугаар нь алдаж, алдсан мөнгөө олохын тулд амьдарлаа дэнчин тавьдаг аж. Мөрийтэй тоглох нь хар тамхи хэрэглэсэн мэт нөхцөл байдал үүсгэдгийг мэргэжлийн эмч нар хэлж буй. 2023 онд СЭМҮТ-д 103 хүн мөрийтэй тоглоомд донтсон гэх шалтгаанаар ханджээ. Үүний цаана өөрийгөө донтсон гэдгийг ч мэдэхгүй, хамаг эд хөрөнгө, орон байр, хуримтлуулсан хэдэн төгрөгөө бооцонд тавьж хэзээ ч хожихгүй тоглоомыг тоглож байгаа хэдэн хүн байгаа бол гэдгийг бодохоос гол харлам. Уг тоглоомыг тоглож донтсон хүмүүсийн 70 гаруй хувь нь амиа хорлох оролдлого хийдэг байна. Арга ч үгүй биз. Хэдэн тэрбумын өрөнд орж элэг бүтэн амьдралаа алдсан тэдэнд амьдрах шалтгаан байгаа гэж үү? Гурван жилийн  өмнө орон байр, ээж аавын тэтгэвэр , банкны зээл гээд бүгдийг мөрийтэй тоглоомд алдсан эхнэр нөхөр хоёр өндрөөс үсэрч амиа хорлосон хэргийг тод санаж байна.

“Хүний нутагт өдөр шөнөгүй зүтгэж, бэлэн гоймонгоор хооллож, хэдэн хүүхдээ санаж бэтгэрэхийн зовлонг туулсаар гурван жил ажиллаж, байрны мөнгөтэй болоод ирсэн. Гэтэл нөхөр маань монголд ирээд мөрийтэй тоглоомд донтож, зовлогоо зовоон байж олсон хэдэн төгрөгөө “покер” тоглоод алдсан. Өнөөдөр надад юу ч үлдсэнгүй. Тоглоомд донтсон нөхөр, бүлтийсэн хоёр хүүхэд л байна”

гэж нулимсаа барьж чадалгүй уйлах эмэгтэй өдгөө 34 настай. Хэдэн жил өөрийгөө үл хайхран зүтгэж босгосон амьдрал нь нүдэн дээр нь нурсан түүнд дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу болжээ. Энэ мэтчилэн бидний мэдэхгүй олон хүн амь, амьдарлаа мөрийтэй тоглоомоор сольсоор байна.

Мөрийтэй тоглоомоор баяждаг гэсэн ойлголтоор залуучууд шунан тоглож, улмаар донтох эмгэгт хүрдэг гэнэ. Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид тоглогч нарын хөзрийг харж хянах, урьдчилан програмчилсан хиймэл тоглогч оруулан хожуулах, хэд хэдэн аккаунтаар орж олон хүн тоглож байгаа мэт мэдрэмж төрүүлж, иргэдээс хамгийн багадаа хоёр хүртэлх сая төгрөгийг залилах шугамаар ажилладаг байна. Цагдаагийн байгууллагаас 2022 онд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 229 сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, орлого 200,7 сая төгрөгийн шилжилтийг зогсоосон бол 2023 оны есдүгээр  сарын байдлаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 48 тоглоомын 1314 веб сайтын мэдээллийг хааж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хамгийн сүүлд  П.Эрхэс, Х.Нямдарь нар нь Pokerrrr нэртэй платформ ашиглаж нэр бүхий 40 орчим иргэдтэй бүлэглэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, өндөр үнийн дүнтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж байсан нь тогтоогдсоноор 40 орчим иргэнийг баривчилж, нэр бүхий иргэдийг цагдан хорих 461-р ангид саатуулаад байна. Мөн эдгээр иргэд хууль бусаар олсон орлогоор авсан байж болзошгүй 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлэн шалгах ажиллагаа явагдаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Цагдаа, эмч эмнэлгийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоомын эсрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч жил ирэх тусам хохирогчдын тоо өсөж байгаа нь харамсалтай. Сарын цалингаараа амьдарлаа залгуулж, өглөөнөөс орой болтол зүтгэдэг ч гэсэн гэрт ороход шуугилдах үрсийн дуу эхнэрийн халуун хоолноос аз жаргалыг мэдэрдэг олон сайхан гэр бүл бий. Тэд өнөөдөр амьдралд мөнгө хүрэлцэхгүй байна гэж гоншигнохгүй, авсан цалингаа мөрийтэй тоглоомд үрэхгүйгээр элэг бүтэн амьдарч болоод л байна. Гэвч зарим нь өөрийн босгосон амьдралаа нурааж, эхнэр хүүхдээсээ хагацаж, эцэс сүүлд нь амиа хорлож байна. Та тоглоомыг биш, тоглоом таниар тоглож байгааг хэзээ ухаарах вэ? Мөрийтэй тоглоомд ялагч гэж үгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *