Пакистаны Лахор хотод агаарын бохирдлын улмаас цэцэрлэг, сургуулиудыг хаажээ


Агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Пакистаны Лахор хотод долоо хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгүүдийг хаах шийдвэрийг эрх баригчдын зүгээс гаргажээ.

Лахор хотод ням гаригт агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч, түүхэндээ дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор хоёр дахь удаагаа тодорсонтой холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргахаас өөр аргагүй болсон байна.

Нэг куб метр агаар дахь PM2.5 нарийн ширхэглэлт тоосонцор болон бусад хортой бодисын агууламжийг тооцоолдог агаарын чанарын индексийн хэмжээ тус хотод ням гаригт 1000-ыг давсан байна. ДЭМБ-ын зүгээс энэхүү хэмжээ 300-г давахад “аюултай” гэж тогтоосон байдаг юм.

Ийнхүү агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан энэ долоо хоногт тус хотод “ногоон хөл хорио” тогтоох төлөвлөгөөний дагуу цэцэрлэг, сургуулиудыг хааснаас гадна албан байгууллагуудын ажилчдын 50 хувь нь гэрээсээ ажиллаж, рикша хэмээх зорчигч тээврийн мотоцикль болон гудамжны ил задгай хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахаар болжээ. Мөн засгийн газраас хотын иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байж, аль болох гэртээ, дотор газар байхыг уриалаад байна.

“Ногоон хөл хорио”-ны үеэр мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор мөн зарим барилгын ажлыг зогсоож, агаарт ус шүршигч тусгай зориулалтын машинуудыг ажиллуулахаар болжээ. Улмаар энэ бямба гаригт агаарын бохирдлын түвшинг дахин хэмжиж үзээд, сургууль цэцэрлэгийг үргэлжлүүлэн хаах эсэхийг шийдвэрлэх ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *