Идэх хоолгүй, хэвтэх үүргүй бууриа сахиж үлдсэн ноход эздээ хүлээсээр


“Анхаар!!! Нохойтой” гэх бичиг нохой тэжээдэг айл бүрийн хашааны үүдэнд бичээстэй байдаг. Тэгвэл энэ нь нэг талаараа “Нохойтой шүү!!! Болгоомжил” гэж сануулж, учирч болох эрсдэлээс сэргийлж байгаа ч нөгөө талаар эзэнгүй хойгуур хулгайчдыг айлгах, үргээх нэг арга байсан уу гэмээр. Улс мөнгө амлаж газрыг нь авч авч орон сууц барих сургаар иргэд хашаа хороогоо буулгаж, хогоо талаар нэг тарааж орхиод нүүжээ. Харин өнөөх аюултай гэх нохойгоо хоолойноос гинжээр уяж, хорогдох байргүй, идэх хоолгүй орхих нь тэр. Ингээд хаягдсан нохой эзнийгээ ирнэ гэх горьдлого тээн бууриа сахиатай. Нохой ийм л үнэнч. Өөрийн хэрэг бүтвэл бусад нь хамаагүй гэх муухай монгол зан. Амьтныг хүртэл энэрч хайрлах, хүнлэг хандах ухаан дутаж гэмээр.

Газраа  чөлөөлж нүүсэн иргэдийн ихэнх нь “Нохойгоо авч явж чадахгүй тул  буудуулъя” гэдэг байна

Үүний нэг жишээ, Сүхбаатар дүүргийн 14-р хороонд балгас болсон цагаан байшинг банхар бараадан хэвтэх аж. Тус нохойг эзэд нь хаяж яваад хоёр сар болжээ. Тухайн банхар ихэд эрх нохой юу гэлтэй. Толгойг илж, эвийлэх тоолонд нүүр, ам долоох нь халгүй энгээр өөд цоройно. Цаашлаад исгэрсэн хүн бүр дээр гүйн очих кармаг нь үнэртэж хоол горьдох жишээний.

Ингээд бидэнд эрхэлж, эрхэлж цагаан байшингаа бараадан холхон очиж уйтгартай нь аргагүй сууна. Хөрш айлын залуу хоёр нохойныхоо хоолноос илүүчилж хашаа давуулан шиднэ. Эзэндээ хаягдсан банхрыг хөрш айлын залуу ийм байдлаар хоёр сар хооллосон аж. Эцэстээ хоол нэхэж хашааг нь самардаж, гаслан амраахгүй болсон гэдэг. Түүнчлэн гурван нохойг хооллох амаргүй байгаа талаар хэллээ.

Арга ядахдаа хөрш залуу банхрын эзэнтэй  холбогдож “Нохойгоо ав” гэдэг ч “Маргааш очоод авна” гэх үгээр аргацаадаг гэх. Ийн эзэндээ хаягдсан халтар банхар хааяа ойр орчмын сүрэг ноходтой нийлэхээрээ хүн рүү ноцдог байна. Эзэнгүй нохдын тоо толгойг энэ мэт нэгээр нэмж байгаа иргэдэд хариуцлага тооцох хуулийн тогтолцоо байхгүй нь бүр дураараа дургихад хүргэж байгаа нь энэ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдсан ч хэрэгжих хүртлээ хоёр жил хүлээнэ. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино. Гэтэл хууль батлагдсан ч хэрэгжих хүртлээ хариуцлагагүй иргэдийн балгаар хаягдсан ноход сумны бай болсоор байх аж. Хэрэв энэ халтар банхрыг ойрын хугацаанд эзэн нь ирж авахгүй бол буудуулахаар төлөвлөж байгаа аж. Түүгээр зогсохгүй тус хэсэгт банхраас гадна 2-3 нохой бууриа сахиж үлджээ. Тэд ч удахгүй мөн л буудуулна.

СБД-ийн 14-р хороонд газар чөлөөлөлт эхэлснээс хойш эзэндээ хаягдсан 60 гаруй нохойг устгажээ

Сүхбаатар дүүргийн 14-р хороонд газар чөлөөлт эхэлснээс хойш 60 гаруй айл нохойгоо орхижээ. Тэдний зарим нь хүн рүү ноцож дайрсан асуудал гарчээ. Ингээд хүн рүү дайрсныг нь шууд буудаж устгадаг байна.

Тодруулбал, 14 хоногийн өмнө сургуульдаа явж байсан 10 настай хүү рүү буурин дээрээ үлдсэн нохой дайрсан гэх. Энэ мэтчилэн Сүхбаатар дүүргийн 14-р хороонд 14 хоногийн дотор эзэндээ хаягдсан нохой хүн рүү ноцсон хоёр ч тохиолдол бүртгэгджээ.  Улмаар хорооны зүгээс эздийг нь олж тогтоож чадаагүй тул  буудуулжээ. Зарим иргэд хашаа буулгаж нүүснээс хойш “Нохойгоо тэжээх боломжгүй” гээд буудуулах хүсэлт гаргадаг байна. Ийм хүсэлт хороонд өдөрт 2-3 ирдэг аж.

“Нохой аюултай” гээд хашаандаа хүн халгаадаггүй байж цагаа тулахаар аюултай гэхгүй зүгээр л хаячихдаг. Өнөөх нохой нь орчиндоо аюул учруулж байсан ч мэдээгүй юм шиг өнгөрдөг моод дэлгэрч. Хэрэв хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учрууллаа гэхэд эзэнгүй нохой гэж цоллогдоно. 10-20 жил хашааг нь харж байсан амьтныг гэр бүлийн гишүүн шигээ хайрлаж, хариуцлагатай байх л ёстой. Гэтэл “Буудчих” гээд орхисон байх аж.

“Сэлбэ” дэд төв барих төслийн хүрээнд газраа  чөлөөлж буй зарим иргэдийн төлөөлөлтэй уулзахад “Нохойгоо таньдаг айлдаа өгсөн” нэгэн ч байна.

Эсвэл “Сайн хоточ нохой” болог гээд явуулсан байх жишээний.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн 14-р хорооны олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Оюунтуяа хэлэхдээ”Нохойгоо асрамжид өгөх сонголт байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн асрамжид нэг ч нохой ирээгүй. Харин устгуулах дуудлага нэмэгдсэн. Нохойгоо орхиж явсан тохиолдолд анчдыг дуудаад устгуулчихдаг. Уван цуван үргэлжилсэн эн удаан нүүдлээр дахин хэчнээн нохой бууриа сахиж үлдэхийг таашгүй. Хорооны зүгээс нохойгоо аваад явахыг сануулдаг ч санаатайгаар орхиод явдаг байдал олширсон аж. Эзнээ үүрд орхиод явсныг мэдэхгүй бууриа сахисан ноход хөлийн чимээ гарсан зүгт чихээ сортолзуулж, хуцна. Хүнд ижил дасал болсон бол хэнд ч хамаагүй очоод эрхэлнэ. Эзнээ ирэхгүй байсан ч тэд хүлээсээр л байна. Сүхбаатар дүүргийн 14-р хороонд орхигдсон ноход өглөө бүр буун дуунаас айж бууринаасаа холдохоо байж. Тийм учраас буурин дээрээ байгаа зарим нохойг нь хүчээр шуудайлж байгаад бууддаг байна. Үгүй бол эзэнгүй нохой элбэгшинэ гэж үзэж буй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *