Их Мастер Б.Мөнгөнтуул хоёр хожоод байна


Казахстан улсын Шымкент хотод шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн аравдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн. Өнөөдөр тэмцээний зургаа дахь өдөр.

Эл тэмцээнд манай улсаас оюун ухаанаа сорин Их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнгөнтуул өрсөлдөж байна. Тэрээр Герман улсын их мастер Элизабет Пехтз, Оросын Катерина Лагно нарыг хожиж, Грекийн Ставрула Цоладику, Энэтхэгийн Хумпай Конеру, Дивья Дешмух нарт хожигдоод байна. Ийн хоёр хожилтойгоор долоодугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Цуврал гранприд Дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин тойргоор өрсөлдөж, зургаан цуврал тэмцээний дараа цомын эзнээ тодруулах юм. Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд Фиде Гранд Свисс тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн уг гранприд оролцох эрхээ авсан билээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *