Орчин үеийн дуу хөгжим, энтертайнмент салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлсэн, Америкийн хөгжмийн зохиолч, продюсер Куинси Жонс өнгөрсөн ням гаригийн шөнө Калифорни мужийн Бел Эйр хот дахь гэртээ 91 насандаа таалал төгссөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Түүний гэр бүлийн зүгээс “Бидэнд хүнд гарз хохирол тохиогоод байгаа ч бид эцгийнхээ туулж өнгөрүүлсэн агуу амьдралыг нь мөн дурсан, түүгээрээ бахархаж байна, хайраа шингээж зохиосон дуу хөгжмөөрөө түүний нэр алдар үүрд эгшиглэн цуурайтах болно” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.
Куинси Жонсыг ямар агуу хөгжмийн зохиолч, продюсер хүн байсныг ердөө хоёр гуравхан уран бүтээлийг нь дурьдахад хангалттай. Тэрээр попын хаан Майкл Жексоны “Thriller” цомгийг продюсерлэн гаргаж, мөн өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн улсуудад хандив тусламж цуглуулах зорилгоор бүтээгдсэн 1985 оны бүх оддын алдарт “We Are the World” синглийн продюсерээр ажилласан байдаг.
Куинси Жонс уран бүтээлийн гараагаа 1950-иад оны эхээр эхэлж, тэр цаг үеэс хойш Count Basie, Duke Ellington, Ray Charles, Frank Sinatra, Michael Jackson, Will Smith зэрэг үе үеийн төлөөлөл болсон томоохон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан юм.
Зөвхөн дуу хөгжмийн салбараас гадна Куинси Жонс бизнес (лэйблийн захирал), хэвлэл мэдээлэл (сэтгүүлийн эрхлэгч), кино урлаг (телевизийн олон ангит кино), мөн хүний эрхийн төлөө тэмцэгч, идэвхтэн байсан юм.
Тэрээр амьдралынхаа туршид гурван удаа гэрлэсэн бөгөөд долоон хүүхэдтэй ажээ.
Куинси Жонс 2022 онд “12 Notes On Life and Creativity” хэмээх өөрийнхөө намтар номыг гаргаж байсан байна.