Украин, Умард Солонгосын цэргүүд хилийн орчимд тулалджээ


Украин, Умард Солонгосын цэргүүд хилийн орчимд тулалджээ

Украин, Умард Солонгосын цэргүүд ОХУ-ын хилийн орчимд анх удаа тулж, тулалдсан тухай Украины албаны хүн мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын Arirang News мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Даваа гаригт Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны харъяанд багтдаг Хуурамч мэдээ мэдээллийн эсрэг төвийн тэргүүн Андрей Коваленко-гийн мэдээлснээр Курскийн бүс нутаг орчмоор Украин, Умард Солонгосын цэргүүд анх удаа тулсан байна. Гэхдээ үүнээс өөр нэмэлт мэдээлэл хийгээгүй ажээ.

Умард Солонгосын цэргүүд Орос-Украины хил дээр ирээд байгаа тухай мэдээ сүүлийн үед их цацагдах болсон. Орост дайчлагдан ирээд байгаа Умард Солонгосын цэргийн тоо хэмжээний талаар талууд 8-12 мянгын хооронд ялгаатай тоог өгч байгаа.

Киевийн тагнуулын албанаас өгсөн мэдээллээр Украины хилийн ойролцоо 7 мянга гаруй Умард Солонгосын цэрэг ирээд байгаа гэсэн юм.

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш өнгөрсөн ням гаригт энэхүү асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, мөргөлдөөний бүсэд Умард Солонгосын цэрэг буулгах нь Украины дайныг улам даамжруулах аюултайг онцолсон.

Мөн энэхүү асуудлаар Өмнөд Солонгосын засгийн газрын гишүүд Украинд хийсэн айлчлалаа дуусгаад даваа гаригт нутагтаа буцаж ирсэн байна. Тэд Украинд ажиллаад ирэхдээ дайны галын шугамын мэдээ мэдээллийг авч, цаашид хамтран ажиллах тал дээр түлхүү ярилцжээ. БНСУ-ын Засгийн газар ойрын үед Украин улстай болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд Умард Солонгосын цэргийн хөдөлгөөнийг ажиглах үүднээс Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний баг, бүрэлдэхүүнийг Украинд илгээх асуудал багтах сурагтай байгааг Arirang News агентлаг мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *