Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин тоглолтынхоо үеэр тайзан дээрх нүх рүү унажээ


Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин өнгөрсөн ням гаригт Австралийн Мельбурн хотод хийсэн тоглолтынхоо үеэр тайзан дээрх нүх рүү унасан байна.

Гэхдээ тэрээр ямар нэгэн бэртэл гэмтэл авалгүй унасан нүхнээсээ буцаж гарч иржээ. Түүнийг доор нь байсан тайзны арын ажилтнууд барьж авсан бөгөөд тэрээр “үнэхээр төлөвлөөгүй зүйл боллоо, намайг барьж авсанд маш их баярлалаа залуусаа, ээ тэнгэр минь гэж, Youtube-д оруулбал олон үзэлт авахаар үйл явдал боллоо шүү” хэмээн хэлсэн байна.

Түүний тайзан дээр үзэгчидтэй ярилцан алхаж яваад нүх рүү унаж байгаа бичлэг сошиал орчинд тарсан ба энэхүү үйл явдал Мельбурн хотын Marvel цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Coldplay хамтлаг “Music of the Spheres” хэмээх дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд ийнхүү Австралийн хотуудаар тоглож байгаа юм. Энэ долоо хоногт Сидней хотноо 4 өдөр тоглож, Австралийн аялан тоглолтоо дуусган үргэлжлээд Шинэ Зеландад тоглосноор 2024 оныг тоглолтууд нь дуусах юм. 

Харин ирэх жил АНЭУ, Энэтхэг, Хонконг, Өмнөд Солонгос, АНУ, Канад улсуудад тоглож, дэлхийн аялан тоглолтынхоо хаалтыг эх орныхоо нийслэл Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд 10 өдрийн турш хийж, өндөрлүүлэхээр төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *