АНУ-д сонгуулийн санал авах байрууд хаагдаж эхэллээ


2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрууд эхнээсээ хаагдаж эхлээд байна. Жишээ нь “савлагаатай” гэгдэж байгаа долоон мужийн нэг болох Жоржиа мужид санал авах байрууд хаагдаж эхэллээ.

Мөн сонгуулийн дүнд хамгийн нөлөө бүхий сонгогчдын коллежийн саналууд гарч эхлээд байна. Өглөөний 8 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар) Дональд Трамп сонгогчдын коллежийн 19 төлөөлөгчийн саналыг аваад байгаа бол Камала Харрис дөнгөж 3 төлөөлөгчийн саналыг авсан байдалтай байна. Дональд Трамп Флорида мужийн Палм Бич дэх өөрийнхөө гэрийн ойролцоох санал авах байранд саналаа өгсөн бол Камала Харрис өөрийнхөө төрөлх Калифорни мужид шуудангаар саналаа өгсөн байна.

Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль орчин үеийн Америкийн түүхэн дэх хамгийн ноцтой, гэнэтийн гэмээр үйл явдлууд ихтэй сонгууль болж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нэрээ татсантай холбоотойгоор дэд ерөнхийлөгч Камала Харрис тус намаас албан ёсоор нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр болсон бол Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг хоёр ч удаа гарсан билээ. Энэ удаагийн сонгуульд америкчууд хариуцлагатай хандаж, идэвхи өндөртэй оролцож байгаа тул сонгуулийн ирц өндөр гарах төлөвтэй байгаа юм. Америкийн сонгогчид тус улс дахь ардчиллын төлөв байдал болон дотоодын эдийн засаг тэдний хувьд сонголтоо хийхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл гэдгийг онцолжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *