АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлнэ


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хаагдаж, эхний үр дүн гараад эхэлсэн энэ үед олон улсын хөрөнгө оруулагчид Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсын Төрийн тэргүүнээр хэн сонгогдох вэ гэдэг дээр онцгой анхаарал хандуулж байна.

Одоогийн байдлаар АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп цуглуулсан саналын тоо, мөн сонгогчдын коллежийн саналын тоогоор түрүүлж явна. Мөн АНУ-ын иргэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд Конгрессын гишүүдийг давхар сонгож байгаа ба Бүгд найрамдах нам Сенатын сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой болоод байна.

Сонгуулийн үр дүн яаж ч гарсан Дэлхийн зах зээл савлах төлөвтэй байгаа талаар санхүүгийн салбарын эксперт, мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь хоёр нэр дэвшигч АНУ-ын дотоодын эдийн засаг, төсөв болон бодлогын хүү, Америк-Хятадын худалдаа, гадаад бодлого, геополитикийн салбарт өөр өөр байр суурьтай байгаатай холбоотой юм.

Тиймээс Дональд Трамп, Камала Харрисын хэн ялахаас үл хамаараад Дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлд, ялангуяа Азийн хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тэгвэл мэргэжилтнүүдийн онцолсон нөлөө лхагва гаргаас мэдрэгдэж эхэллээ. Япон болон Австралийн хөрөнгийн биржийн бенчмарк хувьцааны индексүүд өссөн үзүүлэлттэй гараад байна. Мөн ам.долларын бусад томоохон валютын эсрэг ханш өндөр байлаа.

Дональд Трампын хувьд сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа туршид хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол импортын тарифын хэмжээг нэмнэ, тэр дотроо Хятадын импортын тарифыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэдгээ онцолсоор байсан.

Харин Камала Харрис ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны худалдааны бодлогыг үргэлжлүүлэх болов уу гэж олон улсын хөрөнгө оруулагчид харж байгаа юм. Хөрөнгө оруулагчид мөн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллын пүрэв гарагт хийх бодлогын хүүтэй холбоотой шийдвэрийн тухай мэдэгдлийг хүлээж, анхаарлаа хандуулж байна.

Энэ удаагийн сонгуулиар гол хоёр нэр дэвшигчийн хэн нь ч гарсан түүхэнд бичигдэх үйл явдал болно. Өдгөө 60 настай Камала Харрис ялалт байгуулвал АНУ түүхэндээ анх удаа өнгөт арьст, Зүүн Өмнөд ази гаралтай, эмэгтэй ерөнхийлөгчтэй болно, харин 78 настай Дональд Трамп төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд тэрээр улс төрийн ертөнцөд томоохон эргэн ирэлтийг хийх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *