АНУ-ын Капитолын ордны хамгаалагчид биедээ дохионы буу авч явсан сэжигтэй этгээдийг баривчилжээ


АНУ-ын Капитолын ордонг хамгаалагч цагдаагийн албан хаагчид мягмар гаригт буюу ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр тус ордон руу нэвтрэхийг оролдсон, биедээ аюултай зэвсэг авч явсан сэжиг бүхий эрэгтэйг баривчилжээ.

Капитолын ордны цагдаа нарын мэдээлснээр тухайн эрэгтэйгээс шатамхай бодисын үнэр үнэртэж байснаас гадна мөн биедээ дохионы буутай байсан гэжээ. Мөн тэрхүү сэжигтэнд бензинтэй хоёр сав байсныг мэдээлсэн байна.

Сонгуулийн өдөр Капитолын ордны Visitor Center буюу иргэд, жуулчдад үйлчлэх, хүлээн авах төв хаалттай байгаа бөгөөд хаалттай хэсэг рүү дотогш нэвтрэхийг оролдсон сэжигтэй этгээдийг байцаан шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Эргэн сануулахад 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дональд Трампыг дэмжигчид 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн Капитолын ордон руу хүч хэрэглэн дайран орж байсан.

Америкийн сэтгэлзүйн холбооноос (American Psychological Association) явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцсон насанд хүрсэн нийт америкчуудын 77 хувь нь АНУ-ын ирээдүй хэрхэх тухай сэдэв тэдний стрессдэж, бухимдах гол шалтгаан болдог гэж хариулсан бол мөн 74 хувь нь энэ удаагийн сонгуулийн үр дүн ямарваа нэгэн хүчирхийлэл гарахад хүргэж болзошгүй хэмээн санаа зовж байгаа хэмээн хариулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *