Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, оршин суугчдын хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ. Энэ хугацаанд баруун талын гүүрийг сөрөг урсгалаар ашиглах замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ” гэв.
Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил зургаан метрийн дор явагдана.
Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-ээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-ээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах юм. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.