Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Охиныг минь хорьсон нь залуу сэтгүүлчдийн зүрх, зоригийг мохоох гэсэн үйлдэл


Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Түүний ар гэрийнхэн уг шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтэй байгаа тул “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд өчигдөр (2024.11.05)-өөс эхлэн суулт хийж байна.

Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа “Бид 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн суулт зарласан. Охин минь энэ өдрөөс хойш 461 дүгээр хорих ангид 68 хоног хоригдоод, битүүний өдөр суллагдсан ч гэртээ хоригдсон. Дараа нь энэ оны долдугаар сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 100 гаруй хоног хоригдож байна. Охинтой минь УИХын гишүүд, ХЭҮК-ынхон биечлэн очиж уулзсан. Сураг сонсоод байхад шүүх хурлыг нь хаалттай хийх юм шиг байна. Охин маань “Хаалттай шүүлгэхээс айж байна” гээд, өлсгөлөн зарласан.

Хэрэв давж заалдах шатны шүүх хурал долдугаар сарын 19-ний өдрийнх шиг хаалттай болбол хэрэг нь улам хүндэрчих юм болов уу гэж эмээж байна. Ерөнхийдөө таван хэргээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс бид “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэдгээс бусад хэргийнх нь шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийлгэх саналтай байгаагаа илэрхийлж, суулт хийж байна.

Охинтойгоо хамгийн сүүлд есдүгээр сард уулзсан. Шоронд орсноос нь хойш 2-3 удаа уулзсан. Сэтгэл санаа нь яаж олигтой байв гэж дээ. Хэдэн биенээ харж, уйлж унжихгүй байж байгаад л гарч ирсэн. Хүүхдүүд маань очиж уулзаад, “Их турсан байна лээ” гэж ярьж байсан. Өчигдөр сониноос Америкт байдаг НҮБ-ын төв байрны үүдэнд хэдэн монгол иргэн охины маань зургийг бариад, эсэргүүцлээ илэрхийлэн жагсах гэж байгаа тухай уншаад, охины минь хэрэг дэлхийн анхаарлын төвд орсон байна гэж бодоод, их баярласан. Охинд минь тохиолдсон явдал залуу сэтгүүлчдийн зүрх, зоригийг мохоох гэсэн үйлдэл гэж бодож байна.

Сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, та бүхэн аль болох харамсахгүйгээр, шударга, зоригтой ажиллах хэрэгтэй. Охин маань шоронгоос гарч ирээд, сэтгүүлчдэдээ захиж хэлэх зүйл байгаа шүү дээ. Охин минь сэтгүүлч мэргэжлийг өөрөө сонгож, энэ мэргэжлээ эзэмшихийн тулд бор зүрхээрээ л явсан. Хулгай хийж, худал хэлээгүй. Сонгосон мэргэжилдээ эзэн болж чадсан учраас охиноороо цаг үргэлж бахархаж явдаг. Би охиноо муухай мэргэжил эзэмшээд, хэрэгт орчихлоо гэж ганц удаа ч болов бодож байгаагүй.

Шоронгоос гарч ирээд, ажлаа хийгээд, элэг бүтэн сайхан амьдраасай гэж сэтгэл зүрхнийхээ гүнээс үнэхээр их хүсч байна. Охины маань нэр хүнд дуусч байна шүү дээ. Манай гэрийнхнийг хүмүүс янз янзаар доромжилж, гүтгэж байна. Хааяа дарамт шахалт ирдэг. Хүнийг ядарч явахад гүтгэж, доромжлох муухай л юм билээ. Тэр болгонд нь бид хэндээ юу ч хэлэх вэ дээ.

Хүүхдүүд маань “Ээж минь, битгий хэрэлдээрэй, дуугарч болохгүй шүү” гэсээр л өнөөдрийг хүрсэн. Хоёр хүүхдэд нь үнэхээр хэцүү байна. Ялангуяа том хүү нь хаалттай, битүү болчихсон, бага хүү нь юмны учир ойлгох болоогүй болохоор мартагнаад байна” гэв.

Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Манай гэрийнхэн шүүхэд итгэж байгаа ч шүүх хурлыг хаалттай явуулах гээд буй нь анзаарагдаж байна

Миний дүү Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал энэ сарын 7-нд болно. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсч, бид өнөөдрөөс (өчигдөр) эхлэн суулт хийж байна. Манай гэрийнхэн шүүхэд итгэж байгаа ч шүүх хурлыг хаалттай явуулах гээд буй нь анзаарагдаж байна. Тийм ч учраас итгэл алдарч байна. Давж заалдах шатны шүүх бүгдийг үнэн, зөвөөр нь шийдэж өгнө гэж найдаж байна.

Бид гэртээ түгшиж сууснаас үзэл бодлоо хэлээд, олон түмний дунд байвал арай дээр гэж бодоод, суулт хийж байна. Дүүд минь холбогдох хэргийн шүүх хурлыг хуулийн хүрээнд, нотлох баримтын дагуу, ард түмэнд нээлттэй явуулж өгөхийг хүсч байна.

Дүү маань нийгэмд тулгарч буй болохгүй, бүтэхгүй бүхнийг иргэдэд мэдээлдэг учраас тодорхой хүмүүсийн дургүйг хүргээд, үүнээсээ болж хоригдож байна гэж бодож байна. Дүү минь хэлмэгдэж байна. Ямар ял шийтгэл тулгасныг манай гэр бүлийнхэн бүрэн мэдэж байгаа учраас дүүдээ итгэж, ойлгож байна. Харин Н.Өнөрцэцэг гэдэг сэтгүүлч гэмт хэрэг хийсэн эсэхийг ард түмэн мэдэх эрхтэй.

Тийм болохоор л нээлттэй явуулаад өгөөч гэж гуйгаад байгаа юм.

Эрүүгийн хуулийн 13.11 дэх заалт болох “ Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэсэн хэргээр дүүг минь буруутгаж, хоёр жил хоригдох ял өгсөн. Энэ нь Дорноговь аймагт ноднин жилийн аравдугаар сард болсон 12 настай охинд холбогдох аймшигтай хэргийг үйлдсэн этгээдтэй холбоотой.

Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтуудыг эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. 2023 оны аравдугаар сарын 5, 6-нд хэд хэдэн сэтгүүлч, мөн цагдаагийн байгууллагаас тухайн хэрэгтэй холбоотой мэдээлэл гаргасан байдаг. Аравдугаар сарын 7-нд Н.Өнөрцэцэг тэр талаар мэдээлсэн. Энэ тухай мэдээлсэн бүх сэтгүүлчид хоёр жилийн ял өгөх юм уу, эсвэл хэрэгсэхгүй болгох юм уу гэдгийг мэдмээр байна.

Ер нь сэтгүүлчид гэмт хэрэг үйлдэх боломжгүй шүү дээ. Тийм эрх мэдэл сэтгүүлчдэд байхгүй. Би дүүтэйгээ долоо хоног болгон уулздаг. Ойрын үед нэлээн жин хаясан байна лээ. Сэтгэл санаа нь маш тавгүй байна. Байнга нойрны эм захидаг. Аавын маань биеийн байдал жаахан тааруу байгаа. Уушгины архаг дутагдал гэсэн онош тавигдаж, саяхан 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Энд ирвэл даарчих байх гэж бодоод авч ирсэнгүй.

Хоёр хүүхэд нь их хэцүү байна. Том хүүхдэд нь илүү хэцүү байна. Харахаар сэтгэл өвдөөд, өөрийн эрхгүй нулимс гараад, элэг эмтрээд байдаг юм. Бага хүүхэд нь хичээлдээ явчихна, тоглочихно, нас бага болохоор учиртай. Өмнө нь ээжийгээ гадаадад байгаа гэж бодож байсан боловч одоо бүгдийг нь мэдэж байгаа. Монголын ард түмэн дүүг минь сайн дэмждэгт их баярлаж явдаг, дүүгээрээ маш их бахархдаг.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэнд дүүг минь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд хоригдсоноос хойш маш их сэтгэл дэвсэж ажиллаж байгаад баярлаж байна. Эцэст нь “Дүү минь, чамайгаа амьд байгаад эгч нь баярладаг шүү. Миний дүү худлаа яриагүй, хулгай хийгээгүй болохоор бүх зүйлийн учир олдоно. Сайхан цаг удахгүй ирэх болно” гэж хэлье.

О.Алтангэрэл: Монгол улсын хууль тогтоомжийг баримталж, хуульд нийцсэн шийдвэр гарна гэдэгт хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд найдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзлаа.

Тэрбээр “Би сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт анх удаа анхаарч байгаа юм биш ээ. Намайг Хууль зүйн сайд болоод удаагүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал болсон. Хамгийн гол нь, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэдэг асуудлаар өмгөөлөгчдөөс нь гомдол ирсэн. Гомдолд “Би энэ чиглэлийг өмгөөлөхгүй, өөр зүйлчлэлтэй хэргийг нь өмгөөлнө гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсаар байтал шүүх хурал хийсэн” гэсэн байсан.

Монгол Улсад хүн өмгөөлөгчгүй шүүгдэх ёсгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж болзошгүй учраас “Шүүхийн сахилгын хороо шүүгчдээ хариуцлага тооцож өгнө үү” гэсэн албан тоотыг наймдугаар сарын эхээр явуулсан. Одоогоор надад энэ албан тоотын хариу ирээгүй байна.

Одоогоос 10 хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн нууцтай холбоотой хэргээс бусдыг нь олон нийтэд нээлттэй шүүж болох талаар судалж, шийдвэрлэж өгөөч гэж хандсан.

Шүүхийн үйл ажиллагаа Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газраас хамааралгүй тусдаа явагддаг. Давж заалдах шатны шүүх гэдэг бол анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шүүсэн эсэхийг тодорхойлдог газар учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарах байх, Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг үнэн зөв шийдэгдээд, эрх чөлөөтэй болох байх гэж найдаж байна.

Цаашдаа энэ асуудал хэнд ч тохиолдож бол зошгүй учраас шүүхийн үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжуудад яаж өөрчлөлт оруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Шүүх дандаа буруу шийдвэр гаргадаг гэсэн ойлголт байхгүй. Ой мод урттай, богинотой гэдэг шиг шүүхэд янз бүрийн шүүгч бий. Монгол Улсын хууль тогтоомжийг баримталж, хуульд нийцсэн шийдвэр гарна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд найдаж байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд х амаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй хэргийн зарим хохирогч бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна” гэсэн хариу өгсөн юм.

Ө.Анхзаяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *