Мягмар гаригт Франц болон Нидерланд улсууд дахь Netflix компанийн байранд эдийн засгийн цагдаа нар нэгжлэг хийсэн байна. Стрийминг үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч Америкийн Netflix компанийг дээрх улсуудад татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган, үүний дагуу урьдчилсан байдлаар мөрдөн шалгах арга хэмжээ авч, компанийн байранд нэгжлэг хийжээ.
Парис хотын төвд байрлах Netflix компанийн байранд явуулсан Францын талын мөрдөн шалгах ажиллагааг тус улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтсийн (PNF – Parquet National Financier) албан хаагч нар гүйцэтгэсэн байна. Netflix компани Парис хот дахь оффисоо 2020 онд нээж байсан бөгөөд 40 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэжээ.
Netflix компанийн хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид Францын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа, Netflix компани нь орон нутгийн эдийн засагт мэдэгдэхүйц хэмжээний хөрөнгө оруулдаг бөгөөд бид газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л улс орны татварын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрддөг” хэмээн хэлсэн байна.
Нидерланд улсын хууль сахиулагчид нийслэл Амстердам хот дахь Netflix компанийн байранд нэгжлэг хийж, шалгасан ба Франц, Нидерландын эрх баригчид энэхүү хэрэг дээр хамтран ажиллаж байгааг Францын тал мэдэгджээ.
Одоогоор ямар үндэслэл дээр суурилан Франц болон Нидерланд дахь Netflix компанийн байранд нэгжлэг шалгалт хийсэн нь тодорхойгүй байна. 2019-2020 онд Netflix-ийн Франц дахь салбар 1 сая еврог татварт төлсөн байна. Мөн Netflix-ийн Франц дахь салбар 2020 онд 47 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан бол 2021 онд тэдний орлого 1.2 тэрбум евро болж огцом нэмэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.